Ц.Нямсүрэн: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ дугаарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэнг урьж ярилцлаа.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН АСУУДАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ ШААРДДАГ

 

-Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай эрхийн конвенцэд нэгдэж орсон. Ингэснээр Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр бие даасан хуультай байх үүргийг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батласнаар хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр дагнасан хуультай болсон. Энэ хуулийг батлахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар хуульд тусгасан. Хуулийн дагуу 2018 онд УИХ, Засгийн газрын шийдвэрээр манай агентлаг байгуулагдсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон түүнтэй холбоотой асуудлуудад боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, дэд бүтэц гээд бүхий л талууд оролцож байж шийдэгддэг. Өөрөөр хэлбэл салбар дундын зохицуулалт шаарддаг.

Улсын хэмжээнд ХЭГ-ын даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл гэж ажилладаг. Зөвлөлийн дэд даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, гишүүдэд нь бүх яамдын ТНБД нар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүд гэсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл ажилладаг. Орон нутаг, нийслэлд тухайн шатны Засаг дарга нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийг ахлан ажиллуулах үүрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлийн талаарх хэвшмэл буруу ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн төрөл бүрийн арга хэмжээг байнга хийх ёстой. Энэ хүрээнд өнгөрсөн жил манай агентлаг “Эрх биш ээлтэй” нөлөөллийн аян өрнүүлсэн.

 

ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХОД БАЙГУУЛЛАГУУД ХУУЛИАР ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ

 

-Хөдөлмөрийн тухай хуульд “25-аас дээш ажилтантай өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны байгууллага нийт ажилчдынхаа дөрвөн хувиас доошгүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна” гэсэн заалт бий. Энэ заалтыг ААН-үүд тодорхой хэмжээнд мэддэг болсон ч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яаж үнэлж ажилд авах, тэр хүний онцлог юу болох талаарх мэдээлэл, мэдлэг хангалтгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар 2021 онд 6000 нийт байгууллагаас 3200 дээр нь судалгаа хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүй бол төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ёстой. Гэхдээ төрийн байгууллагууд төсөвт мөнгө суулгаагүй гэдэг үндэслэлээр төлбөрөө төлдөггүй.

Нөгөө талаар төрийн байгууллагуудад ажиллах хүн заавал төрийн албаны шалгалт өгч, тэнцсэн байх шалгууртай тул хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс өөрийгөө бэлдчихсэн хүн цөөхөн байна. Үүнтэй холбогдуулан төрийн бус байгууллагуудад төрийн байгууллагад ажиллах сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй хүн байвал төрийн албаны шалгалтад бэлтгэх зөвлөмж өгсөн. Тухайлбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо сүүлийн хоёр жил харааны бэрхшээлтэй хүмүүсийг төрийн албаны шалгалтад бэлдээд гурван хүн тэнцэж хоёр нь ажилд орчихсон. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажил хөдөлмөрт бэлдэх асуудлыг зэрэгцүүлээд хийж явах нь чухал байна.

2022 онд бид хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар дамжуулаад нийслэлийн зургаан дүүргийн 2000 орчим ААН-үүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалт. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Гэрээсээ гараад л замын байгууламжгүй нийтийн тээвэр, дэд бүтцийн болон барилгын хүртээмжгүй байдалтай тулгардаг. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлаад байна. Энэ хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээд, засаг захиргааны байгууллагууд хүртээмжтэй байдлыг бий болгоход хуулиараа үүрэг хүлээнэ гэсэн үг.

Саяхан ЗГХЭГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийг сонгож аваад Засгийн газрын ордон, бүх яамд, агентлагууд болон дүүргийн төрийн байгууллагуудын барилга байгууламж, замын байгууламж дээр үнэлгээ хийж, зөвлөмж өгнө. Ирэх жил энэ зөвлөмжийн дагуу хэдэн байгууллага орчноо засч сайжруулж вэ гэдэгт хяналт тавина. Цаашдаа бүх дүүргүүдийг хамруулж, хүртээмжтэй нийслэл хот болох зорилт дэвшүүлээд байна.

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ХӨГЖЛИЙН ТӨВӨӨР ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

 

-Өнөөдрийн байдлаар манай улсад 11800 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс 7000 орчим хүүхэд цэцэрлэг, ЕБС-д хамрагдаж, 4000 нь боловсролд огт хамрагдаж чадахгүй байгаа судалгааг Боловсролын яамнаас гаргасан.

Дээрх 4000 хүүхэд ихэвчлэн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй учраас цэцэрлэг,  сургуульд хамрагдах боломжгүй байна. Гэхдээ энэ асуудлыг өндөр хөгжилтэй оронд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-өөр шийдсэн байна. Энэ нь Боловсролын стандартаас арай зөөлөн, эцэг эх нь өглөө авчирч өгөөд орой тарахаар нь авдаг. Мэргэжлийн хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч ажиллах бөгөөд хүүхдэд үнэлгээ хийж, өөрт нь таарсан, онцлогт нь тохирсон, ганцаарчилсан төлөвлөгөө гаргаж хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвүүдийг төрийн бус байгууллагууд болон хувийн хэвшил ажиллуулбал төр засаг дэмжлэг үзүүлдэг байх нь чухал. Ийм төвүүдийг олноор байгуулж чадвал боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 4000 хүүхдийн асуудал хөгжүүлэх төвөөр дамжуулаад шийдэгдэх байх.

Боловсролд хамрагдаж байгаа 7000 хүүхдийн сургалтын чанар ч хөндөх асуудал. Тиймээс Боловсролын яамтай хамтраад багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр үргэлж шахаж шаардаж ажиллах ёстой юм билээ. Тусгай сургуулиас гадна хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд суралцуулах бодлого баримталж байна. Ердийн сургуульд ажиллаж буй багш, нийгмийн ажилтанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах арга барил олгох, ганцаарчилсан төлөвлөгөө гаргах арга зүйг сургах, араас нь хяналт тавиад мэргэжил аргазүйн  дэмжлэг үзүүлэх зэрэг тасралтгүй үйл ажиллагаанууд хийх ёстой.

 

ХӨДӨЛМӨРИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ МОНГОЛД ХАНГАЛТГҮЙ БАЙНА

 

-2021 оны судалгаагаар улсын хэмжээнд 106.000 хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Үүний 54 хувь нь олдмол байх жишээтэй. Яагаад олдмолын хувь өндөр байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэй судлах ёстой. Хөгжлийн бэрхшээл судлалыг хөгжүүлэх зорилгоор жил болгон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, судлаачид бүтээл, илтгэлүүдээ хэлэлцүүлдэг.

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлийг эхийн хэвлийд байхаас оношилж, төрсний дараа ч аль болох бага насанд эрт оношлуулж чадвал хөгжлийн үйлчилгээнд эрт хамрагдах боломжтой.

Харин өндөр хувь эзэлж буй олдмол хөгжлийн бэрхшээл төрөл бүрийн өвчлөл, үйлдвэрлэлийн осол, зам тээврийн осол зэрэг олон шалтгаантай. Гэхдээ хөдөлмөрлөх чадвараа алдсан хүмүүсийг буцааж ажилд нь оруулах асуудлыг НҮБ-ын конвенцод Мэргэжлийн нөхөн сэргээлт гэдэг. Манай зарим судлаачид Хөдөлмөрийн нөхөн сэргээлт гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн нөхөн сэргээлт Монголд хангалтгүй байна. Ажлаа хийж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан хүнийг тухайн байгууллага буцааж ажиллуулах үүрэг хүлээх ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох хуулинд ийм өөрчлөлт оруулмаар байна. Мэргэжлийн нөхөн сэргээлтийн цогц үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог Монгол Улсад бий болгох хэрэгтэй. Олон улсад тухайлбал, харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдлаа гэхэд эмнэлэг биеийг нь эмчилнэ, залгуулаад сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Үүний дараа мэргэжлийн нөхөн сэргээлт хийдэг юм байна. Үүнийг цогцоор нь Хөдөлмөрийн нөхөн сэргээлт буюу мэргэжлийн нөхөн сэргээлт гэж байгаа юм. Хууль эрх зүйн хувьд энэ бүхнийг тусгасан өөрчлөлт хийх шаардлагатай байна.

 

ХУВИЙН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД АШИГЛАДАГ

 

-БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 онд байгуулсан. Энэ төв байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдэдээ сэргээн засалт, хөгжлийн үйлчилгээ авснаар үр дүн сайтай байгаа. Гэвч энэ төв маань боловсон хүчний дутагдалтай байна. Анх байгуулагдахад хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч гээд нийт найман хүн байсан бол одоо дөрөв нь ажиллаж байна. Учир нь хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчаар АУИС-д ганцхан анги элсэлт авч, мэргэжилтэн бэлтгэдэг. Хэл засалч мэргэжлээр манай улсад одоогоор бэлтгэж эхлээгүй байна. Эдгээр нь эрэлттэй, ховор мэргэжил учир хувийн сувилал, эмнэлгүүд өндөр цалин амлаад ажиллуулж байна. Тиймээс энэ мэргэжлийн үнэ цэнийг залуус, нийгэмд ойлгуулах, ховор мэргэжил гэдэг утгаар нь энэ мэргэжлийг сонгон элсэж орох хүмүүсийг тэтгэлэгт хамруулах саналыг Боловсролын сайдад тавьсан.

Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тулгуур эрхтэний бэрхшээлтэй заавал бусдын дэмжлэг авдаг хүмүүсд зориулсан Хувийн туслах үйлчилгээ өндөр хөгжилтэй орнуудад байдаг. Тусгай сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн хүн хувийн туслахын үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар манайд “Түгээмэл хөгжил төв” ТББ энэ үйлчилгээг нэвтрүүлээд явж байна. Одоо харин төр засгийн хэмжээнд бодлого болгоод хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

2021 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал гарч, 2022 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ тушаалд Хувийн туслахын үйлчилгээг хоёр талаас санхүүжүүлнэ, нэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, нөгөө нь Халамжийн сан гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар үйлчилгээ авах гэж байгаагаар нь ангилсан гэсэн үг. Жишээлбэл, нийгмийн харилцаанд орохын тулд хувийн туслахын үйлчилгээг авбал энэ зардал нь Халамжийн сангаас гарна. Харин ажлын ярилцлагад орох, хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн өглөө, оройд ажилдаа хүргүүлье гэвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх журам батлагдсан.

Гэхдээ хувийн туслахын үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрлийг олгох сайдын журам батлагдчихсан ч журмыг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар олгох юм. Гэтэл Нийгмийн халамжийн тухай хуульд тусгай зөвшөөрөл олгодог үйлчилгээнүүдийн жагсаалтад хувийн туслах үйлчилгээ ороогүй учраас зөвшөөрөл олгож чадахгүй болсон. Тэгэхээр холбогдох хуулиудад өөрчлөлт хийх шаардлагатай болж байгаа юм.

Бидний энэ хэрэгцээг “UB Сab” такси үйлчилгээний компани олж хараад энэ он дуустал тулгуур эрхтэний бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг 20 хүнийг ажилд нь зөөх санаачилга гаргасан. Гарах зардлыг нь нийгмийн хариуцлагатай компаниуд санхүүжүүлэхээр болсон. Он дууссаны дараа 20 хүн дээрээ үйлчилгээ ямар үр дүнтэй байсан, амьдралд нь ямар ахиц дэвшил, чанарын өөрчлөлт гарсан гэдгийг УИХ, Засгийн газрын гишүүдэд танилцуулж, тайлагнана.

Халамжийн сангаас олгодог тэтгэмжүүдийг нэмэх гэхээсээ илүү сурч боловсрох, ажил хөдөлмөр хийх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүнд дэмжлэг үзүүлдэг үйлчилгээнүүд хөгжих хэрэгтэй байна. Ингэж чадвал Засгийн газрын “Халамжаас Хөдөлмөрт” гэсэн бодлого бодит ажил болж хэрэгжих юм.

“Зууны мэдээ” сонин
Х.Монголхатан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2023-03-10 08:34:25
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)