Түлшний хомсдлоос гарах гарц нь юу вэ.
Үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй манай улсын хувьд нийт бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Үүний нэг нь шатахуун. Шатахууны үнээс хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шууд өөрчлөгддөг, иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас шатахуун нь эдийн засгийг тодорхойлогч гол хүчин зүйл юм.

Засгийн газраас  “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр” гэгчийг боловсруулсан түүндээ түлш, шатахууныг багтаан, түлш, шатахуун импортлогч компаниудад дэмжлэг үзүүлнэ гэсэн ч энэ хөтөлбөр нь бодит байдал дээр хэрэгждэггүй гэж хэлэхэд болно. Харин төр засгийн зүгээс шатахуун импортлогчдыг үнээ барихыг хатуу сануулан шаарддаг нь импортлогч компаниудад хүндээр тусдаг.

100 хувь гаднаас валютаар худалдаж авдаг энэ салбарт ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР гэдэг нь байж боломгүй алдаатай бодлого юм. Төр засгаас сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд хэсэг хугацаанд үнийг хүчээр барьж байсан ч импортлогчид алдагдалд орохгүйн тулд үнээ барих ямар ч боломжгүй болж, энэхүү алдаатай бодлогын улмаас өнөөдөр  Монгол улс дизель түлшний хомсдолд ороод байна. Цаашлаад энэ байдал удаан үргэлжилвэл манай улсын эдийн засагт маш том эрсдэл үүсч, эдийн засаг бүхэлдээ тэг зогсолт хийхэд хүрнэ.

Шатахуун импортлогчд үнэ тогтвортой барьж байх үедээ үнэтэй түлш худалдан авах боломж байсан ч авдаггүй байна. Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь түүхий нефтийн үнэ, үйлдвэрлэгчийн боловсруулалтын зардал, ашиг, валютын ханш, импортын татварууд, импортлогч компаниудын үйл ажиллагааны зардал зэрэг олон хүчин зүйлээс хамааран хэрэглэгчийн гарт очих бүтээгдэхүүний эцсийн үнэ тогтдог.

2020 оны 05-р сард дэлхийн зах зээл дээрх 1 баррел түүхий нефтийн арилжааны үнэ 17 ам доллар байсан бол 2022 оны 06-р сард 125$ ам доллар хүрч 7.3 дахин буюу 735%-иар нэмэгдээд байна. Ковид цар тахалтай холбоотой дэлхийн дийлэнх улс оронд тогтоогоод байсан хөл хорио суларч дэлхийн эдийн засгийн эрчимжил, ОХУ болон Украйны дайнаас үүдэлтэй ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд тавиад буй хориг арга хэмжээ зэргээс  үүдэлтэйгээр газрын тосны үнэ огцом өсөөд байгаа талаар олон улсын шинжээчид дүгнэж байна.



Дэлхийн зах зээл дээрх баррел нефтийн үнэ олон жилийн дунджаар 60-80$ хооронд хэлбэлздэг байна. Монгол улсын хувьд Сингапур улсын биржийн түүхий нефтийн өмнөх сарын эхний 25 хоногийн дундаж арилжааны ханшийн дунджаар дараа сарынхаа 1 баррел нефтийн үнийг тооцоолдог бөгөөд сар бүр нийлүүлэгчээс нийлүүлэлтийн үнийг бодит арилжааны ханшийн дээрх дунджаар тооцоолон шинэчлэн илгээдэг. Хэдийгээр  энэ сард дэлхий нийтэд нефтийн үнэ бууна гэж байгаа ч ам.доллартай харьцах төгрөгийн ханш өссөн хэвээр байвал Монгол дахь үнэ буух ямар ч боломжгүй юм.

Энэ бүхнээс харахад, төр засгийн зүгээс сонгуулийн амлалт биелүүлэх зорилгоор шатахууны үнийг хүчээр барина гэж муйхраар зүтгэсээр дотоодын импортлогч аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгыг барьчихвал эдийн засаг улам л дордох нь тодорхой.

Эцэст нь хэлэхэд, стратегийн хамгийн чухал салбар болох түлш шатахуун нь гадны улсаас 100% хараат байхад үнэ тогтвортой барих гэдэг байж боломгүй алдаатай бодлого юм.  Цаашид шатахууны үнийг аажмаар чөлөөлж, зах зээлийн горимд шилжүүлэх нь түлшний хомсдолоос гарах хамгийн зөв гарц болно гэдгийг санаж яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
 
www.olloo.mn
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.