М.Наранчимэг: “Монголын нууц товчоо” бол сэтгүүл зүйн нийтлэлийн үнэт дурсгал

Улаанбаатар Эрдэм их сургуулийн багш,  сэтгүүл зүйн ухааны доктор М.Наранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр эх баригч, бага эмчийн үндсэн мэргэжилтэй ч сэтгүүлч болохоор шийдсэн төдийгүй 2019 онд  “Монголын нууц товчоо нийтлэлийн  дурсгал болох нь” сэдвээр сэтгүүл зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан хүн юм. Энэ тухайд нь Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, доктор профессор Т.Баасансүрэн "М.Наранчимэг “Монголын нууц товчоо”-г судалж шинжилсэн эрдэмтдийн  холбогдох 255 ном зохиолыг уншиж харьцуулан судалж нэгтгэн дүгнэж  сэтгүүл зүйн талаас “Монголын нууц товчоо”-гоор докторын зэрэг хүртсэн  анхны эрдэмтэн боллоо" гэж тодорхойлжээ.-Өөрийг чинь томоохон сэдэв барьж авсан эрдэмтэн гэхийг сонсож байлаа.

-За тиймээ. “Монголын нууц товчоо нийтлэлийн дурсгал болох нь” гэсэн уг сэдвийг сонгох явцад тийм амар байгаагүй ээ. Урьд нь яг энэ сэдвээр хамгаалсан хүн гараагүй юм билээ. Тиймээс энэ сэдвийг аваад бусадтай зөвлөлдөхөд зарим нь хүлээн зөвшөөрч байхад нөгөө хэсэг нь энэ чинь дэндүү том сэдэв. Ийм гэдгийг батлахад амаргүй биш үү гэх хандлагатай байсан.

Гэвч би зориглож бүтэн зургаан жил уйгагүй ажилласан. Зорьсондоо хүрсэндээ ч сэтгэл хангалуун явдаг юм. “Монголын нууц товчоо” нь судлагдахууны  хувьд аугаа юм. Тэр дотор нийтлэл талаас нь судлахад бүр шинэ юм санагдсаан. Урьд нь энэ дурсгалт бичгийн гол агуулга Чингис хааны үеийн төр, нийгэм, удирдахуйн ухааны тухай аян дайны явцад хэрхэн зохион байгуулалттай байсан хийгээд менежмент талаас нь судалж олон хүн эрдмийн зэрэг хамгаалсан байдаг.

Тэдний бүтээлүүдийг уншиж харьцуулж үзсэн. “Монголын нууц товчоо”-ны уран зохиол болон хэлний дурсгал, түүх бичлэг талаас нь нийтдээ 19 сэдвээр эрдэмтэн, судлаачид зэрэг хамгаалсан байдаг юм билээ.


-Зарим эрдэмтэн судлаач, нийтлэлчдийн бичсэн зүйл бүтээлд Монголын нууц товчоо бол сэтгүүлзүйн загвар бүтээл юм биш үү гэсэн санааг дэвшүүлсэн байдаг санагдах юм?


-Тийм л дээ. Тэр бүхэн миний судлагдахуунд шат дамжлага болж байсан. Тухайлбал, сэтгүүлзүйн ухааны доктор Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн нар ийм санааг анх гаргасан бол нийтлэлч, ахмад сэтгүүлч Х.Цэвлээ гуай “Өвөөгийн жор” гэдэг номдоо энэ санааг мөн хэлээд уг зохиолын 282 зүйлээс хэд хэдийг задалж үзээд өөрийн санааг сэтгүүлзүйн зарим төрөл зүйл дээр жишээ авч үзсэн байсан. Энэ үндсэн дээр гүнзгийрүүлэн судлах үүрэг надад ногдсон юм. Миний докторын зэрэг горилсон бүтээлийг удирдсан багш нар Монголын сэтгүүлзүйн судлалд энэ хөлгөн судрыг оруулж ирсэн нь шинэлэг тал нь гэж үнэлсэн.

Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол нь юу байсан бэ? гэвэл “Монголын нууц товчоо”-г нийтлэл зүйн үүднээс товойлгон тавьж ингэснээрээ энэ судар нь уранзохиол, түүх, хэл бичгийн шинжлэх ухаанд эзэлж буй байр сууриас юугаараа ялгарч буйг ялгаж салгаж Монголын Сэтгүүлзүй, нийтлэлийн хосгүй бүтээл юм байна гэдгийг баталсанд оршино.


-Монголын нууц товчоо бол нийтлэл зүйн талаас нь нарийвчлан судалсан байдал өөрийн чинь бүтээлээс харагддаг гэх юм билээ?


-Энэ уламжлалт зохиолд байдаг 282 сэдвийг бүхэлд нь авч үзэхэд тухайн үеийнхээ төр, нийгэм, хүмүүсийн амьдрал ахуйн толь юм гэдэг нь ажиглагдсан. Одоогоос 800 гаруй жилийн тэртээ эсгий туургатан нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг тод томруунаар өгүүлсэн нь “Монголын нууц товчоо”-ны онцлог гэж болно. Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн энэ зохиол сэтгүүлзүйн нийтлэлийн үнэт өв юм гэдгийг би батлахыг хичээсэн юм. Уг алдарт зохиол дахь бичлэгийн агуулга хэлбэрийг нийтлэлийн төрөл зүйлээр ангилан авч үзсэн. Ингэхдээ нийтлэлийн бүтээл гэж үзэх үндэслэлийг бичлэгийн арга хэлбэр, агуулгыг нь орчин үеийн нийтлэлийн төрөл зүйлтэй харьцуулан жиших замаар сэтгүүлзүйн үнэтэй бүтээл өв болохыг нотолсон нь миний бүтээлийн амин сүнс нь юм л даа. Миний эрдмийн ажлын эхний том бүлэг  бол нийтлэл гэж юу юм бэ. Тэр нь тухайн нийгмийн байдалтай хэрхэн уялдаж байв гэдгийг тайлбарлахад чиглэгдсэн. Мөн “Монголын нууц товчоо”-нд сэтгүүлзүйн бичлэгийн гол төрөл мэдээнээс эхлээд тэмдэглэл, ярилцлага, сурвалжлага гээд бүгд байна гэдгийг баталгаажуулах нь миний сэдэвт бүтээлийн үндсэн санаа байсан. Энэ зохиолд сэтгүүл зүйн төрөл зүйлийн шалгуурыг яв цав хангаж байгаа 54 мэдээ болоод төрөл зүйлийнхээ шинж тэмдгийг агуулсан атлаа бусад төрөл зүйлтэйгээ элементийн хувьд холилдсон бичвэр 63 байна. Ярилцлага 22 байгааг ажигласан.

Мөн тэмдэглэл 69, сурвалжлага тэмдэглэл 10 байгаа. Тэхдээ түүний нэлээдгүй нь бусад төрөл зүйлтэй сүлэлдсэн байгааг бас өгүүлэл, тайлан хэлбэрийн мэдээ, захидлууд байна гэж ангилсан бий.


-Таны тодорхойлж гаргаснаар “Монголын нууц товчоо”-нд 54 мэдээ байна гэжээ. Үүнийгээ жаахан тодруулж тайлбарлана уу?


-Тухайлбал, Есүхэйн ууган хүү Тэмүжин төрсөн тухай мэдээ байна. Түүний төрсөн цаг хугацаа нь Татаарын Түмүжин үгэ, Хори буха зэрэг татаар хүнийг Есүхэй баатар барьж ирэх тэр агшинд багтсан байдаг. Одоо ч тэр төрсөн газрынх нь нэр ус хэвээр байгаа нь сонирхолтой содон үйл явдал бөгөөд үүнийг онцлох мэдээ гэж хэлж болох юм. Мэдээнд тавих үндсэн шалгуур хаана юу болов. Хэзээ, хэн, яав гэсэн асуултад бүрэн хариулт энд гардаг.
Хэзээ. Есүхэй баатар татар нөхдийг барьж ирэхэд
Хаана. Ононы Дэлүүн болдог гэдэг газар
Хэн. Өэлүн ээж
Хэнийг. Тэмүжинг
Яав. Төрүүлжээ
Яаж. Төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атгаж төржээ гэж мэдээ гэдэг нь батлагдаж байгаа юм. Энэ мэтээр сэтгүүл зүйн мэдээний өнөөгийн шалгуурт бүрэн нийцсэн жишээ олон юм. Мөн ярилцлага хэлбэртэй зарим мэдээлэлд задлан шинжилгээ хийхэд ярилцлага нь сэтгүүлзүй үүсэхээс өмнө байсан харилцааны арга, утга зохиолын нийтлэл зүйн нэг хэлбэр болох нь харагдаж байдаг. Бидний өвөг дээдэс зүйр цэцэн үгс, адилтгал, зүйрлэл, ахас ихсийн үг сургаалыг үйл явдалтай холбон уялдуулж, утга агуулгыг урансайхнаар илэрхийлэн түүхийг яруу дүрслэлт хэллэгээр бичиж нийтлэлийн уран дүрслэлийн өвөрмөц хэлбэрийг чадмаг ашиглаж чадаж байсныг “Монголын нууц товчоо” нэн тод харуулдаг. Тиймээс XII-XIII зууны үеийн Их Монгол улс, эзэн Чингис хааны үнэн бодит амьдралыг төгс төгөлдөр тусган харуулсан түүх соёлын үнэт өв нь “Монголын нууц товчоо” юм гэсэн эрдэмтэдтэй санал нэг байдгаас хэлэх хэрэгтэй байх л даа.


-Өөрийн чинь эрдмийн бүтээлд Монголын нууц товчоо сэтгүүлзүйн нийтлэлийн дурсгал болохыг баталсан асар олон жишээ, харьцуулалт байх юмаа.


-Ер нь Монголын уламжлалт аман зохиол нь маш баялаг хэллэгтэй. Үүнийг Монголын нууц товчоог бүтээхдээ сайн ашигласан нь ажиглагддаг. Тухайлбал, зүйр цэцэн үг олонтаа бичигдсэн бий. Энэ нь хүмүүст ойр дөт, ухаан санаанд буухуйц үгээр хэлсэн бичлэг элбэг тааралддаг. Чингис хааны зарлигт гэхэд мөн л хэнд ч ойлгомжтой адилтган зүйрлэсэн, мэргэн цэцэн үгээр бичигдсэн байдаг учир санааг төгс илэрхийлсэн байх жишээтэй юм. Зайлшгүй албан хэллэгтэй байх зүйл ч бас бий биз. Тиймээс өнөөгийн сэтгүүлч, нийтлэлчид цаг үеийнхээ хүмүүсийн амьдралд  ойр, элбэг хэрэглэгддэг үгээр хэлнийхээ баялгийг ашиглан бичдэг байх шаардлагатай юм. Уг шаардлагыг “Монголын нууц товчоо”-г уншсан судалсан хүн л хангаж чадна  гэсэн санааг би дэвшүүлсээн.
Мөн “Монголын нууц товчоо” нь тухайн нийгмийнхээ үйл явдлыг товчоолон хураангуйлж бичсэн баримтын цоморлиг бөгөөд дэлхийн түүхэн хүн Чингис хааны амьдралыг төрсөн цаг үеэс нь эхлэн онцгойлон үзэж тухайн цаг үеийн нийгмийн амьдралд хөтөлсөн улс төрийн үйл явдалтай холбож бичлэгийн өвөрмөц хэлбэрээр онц сонирхолтой өгүүлснээр сэтгүүлзүйн нийтлэлийн дурсгал гэдэг нь бат нот харагддаг. 

Үүний учир энэ гайхамшигтай судрын бичлэгийн арга зүйг нь орчин үеийн нийтлэлийн үндсэн шаардлагатай харьцуулан судалсан нь миний бүтээлээс нэлээд тод томруун харагдах болов уу. Би нийтлэл, бичлэгийн төрөл зүйл дээр тодорхой жишээ авч тайлбарласан л даа. Миний сонгож авсан бичлэгүүд ерөнхий агуулгаараа тухайн мэдээллийг бичсэн арга барил, бодит баримтуудын шинжээрээ орчин үеийн нийтлэлийн бичлэг болох мэдээ, захидал, ярилцлага, тайлан, тэмдэглэл зэрэг бичлэгийн шалгууртай яв цав тохирч байгааг ажигласан. Энэ үүднээс “Монголын нууц товчоо”-г сэтгүүлзүйн нийтлэлийн бүтээл мөн болохыг хөдөлшгүйгээр нотлосон гэж боддог доо.


-Өнөөгийн сэтгүүлчдийн бүтээлд “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, утга санаа хэр ажиглагддаг вэ?


-Ер нь бол урансайхны талын нийтлэлд МНТ-ны үнэр шингэсэн байдал ажиглагдах нь бий. Ялангуяа Х.Цэвлээ гуайн бичсэн бүтээлд элбэг байдаг. Фельетонч Б.Цэнддоо, ярилцлага сайн хийдэг Б.Ганчимэг нарын болоод тэмдэглэлээр дагнадаг сэтгүүлчдийн бүтээлд авууштай юм бий л дээ. Х.Цэвлээ гуай бол тэр адилтгал зүйрлэл, ёгтлол, зүйр цэцэн үгийг тун оновчтой ашигладаг хүн л дээ.  Тэр бүтээлийнх нь амин сүнс “хадаас” болдог гэж болно.

Гэвч өнөөгийн залуу сэтгүүлчдийн бичиж байгаа зүйлд тийм сонирхолтой шигтгээ, үг хэллэг тун ховор байдаг юм. Тэдэнд “Монголын нууц товчоо”-г үз, судал гэж хэлэх байна.


-Өнөөгийн төр, засгийн ажил албаны хувьд Чингис хааны улс төр, удирдахуйн ухаан, менежмент талыг авч хэрэглэсэн гэхээр тийм зүйл ажиглагддаг уу?


-2013 онд академич С.Нарангэрэл Чингис хааны ёс суртахуун бол аугаа юм. Түүнийг дэлхийн хэмжээний хүн болох ухаан, арга тактикийн тухай бүтээлээ хэвлүүлээд УИХ-ын 76 гишүүнд гардуулж өгсөн юм билээ.
Уг бүтээлийг ашигласан хүн ер нь байдаг юм уу мэдэхгүй. Тэр бол тун аугаа ном байсан юм шүү. Яг өнөөдрийн өнцгөөс харах юм бол Монголын төр, засаг суут Чингис хааныхаа барьж байсан бодлого, ухаанаас авч ашигласан юм төдийлэн харагддаггүй. Нэг л их дэлхийн тэр оронд тийм байдаг, ингэж ажилладаг гэж хий хоосон ярьсан хүмүүс байдаг шиг. Яахав. Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой энэ онд тохиолоо. Энэ үеэр эрдэм шинжилгээний хурал, уралдаан, тэмцээн болж подкаст гаргадаг л юм. Гэхдээ ийм зүйлийг энд хэрэглэж ийм үр дүнд хүрлээ гэсэн байдал бараг байхгүй дээ. Уг эрдэмтдийнхээ бүтээлд байгаа сайн сайн онол, арга зүйн юмыг ашиглах нь тааруу байдгийн жишээ энэ байх.


-Улс орноо тоночихлоо, нүүрс хулгайлсан гээд бужигнаад байгаа. Чингис хааны төрийн үед ийм гэмт явдал их гардаг байсан болов уу?


-Ер нь нийгэм л юм болохоор янз бүрийн асуудал гардаг л байсан байх л даа. Энэ талаар Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдээсэн юмс зөндөө л бий. Малын хулгай дээрэм тонуулаас эхлээд хэрэг төвөг гардаг байв. Их хуралдайгаас гаргасан шийдвэр, хууль зөрчигдсөн цаг тухайд нь тохирсон цээрлэл хүлээлгэж байсан олон баримт байдаг. Их засаг хууль ч цэгцтэй сайн хууль байсан гэдэг. Гэтэл одоо өнөөдөр УИХ маш олон хууль гаргаж байдаг ч цоорхойтой түүхий нь элбэг. Байж байгаад л нэмэлт өөрчлөлт гэж ярих ийм л. Ерөөс дээр нь суудлаа олохгүй бол доорхи нь гүйдлээ олохгүй гэдэг шиг  жишээ тун олон.


-Чингис хааны үед гаргасан зарлиг, тушаал, албан мэдээллийг олон түмэнд хэрхэн хүргэдэг байсан бол...?


-Бүх мэдээлэл морин өртөөгөөр дамжиж байв. Монголын нууц товчоонд тэмдэглэснээр морин өртөөгөөр дамжих арилжаа наймаа хөгжиж мэдээлэл чухал үг, захидал, захиас түгээгдэж байсан.  Энэ тухай түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн нь их л дээ. Дайн байлдааны үед мэдээлэл дамжуулах нэгэн зүйл бол утаа байжээ. Утаа нь дайн тулаан эхлэх болон дайсан ирж буйн дохио болдог байсан гэдэг.


Монголын нууц товчоонд тэмдэглэснээр мэдээлэл дамжуулах өөр нэг хэрэгсэл нь “Гэрэгэ” ашиглаж байсан явдал байв. Гэрэгэ нь хааны зарлигийг дотоод гадаадад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж байснаараа Монгол төрийн элчийн итгэмжлэл, эрхийн баталгаа, зорчих паспортыг төлөөлж байсан. За тэгээд хүний бодол санаа, сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмжийг илэрхийлсэн захидал гээд ярьвал бас нэг том сэдэв сөхөгдөнө шүү дээ. Монголчууд Хүннү гүрний үеэс эхлэн захидлаар харилцаж байсан гэдэг. Тухайлбал Модун Шаньюйгаас хүн төрөлхтний өмнөх 185 онд Хятадын хатан хаан Гао Хэүд илгээсэн захидал нь бичмэл захидлын хамгийн эртний дурсгал гэж тооцогддог байх юм билээ.


“Монголын нууц товчоо”-ны бичвэрийн онцлог хийгээд мэдээллийн арга нь өнөөгийн мэдээллийн бичлэгийг боловсруулах арга, аргачлалтай адил шинжтэй байгаа нь миний сонгож авсан нэг бус жишээ баримтаар нотлогдсон гэж болно. Энэ нь “Монголын нууц товчоо”-г нийтлэл зүйд хамаатуулан судлах судлагдахуун мөн болохыг улам бүр баталж байна л даа.
 

 "Зууны мэдээ" сонин
П.Цэрэннадмид
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.