Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ
Энэ хүүхэнд ямар гэм хийчих­сэн юм бол доо” гэдэг шиг л Эзэн Хааны нэрээр нэрлэгдсэн бонд энэ улстөрчдөд ямар гэм хийчихсэн юм бол. Бонд бос­госон цагаас эхлэн амтай бү­хэн шүүмжилж байна. Бон­дын талаар асуулга тавина, мэ­дээллийг нь чуулган дээр сон­соно, сэтгүүлчид гайгүйхэн эдийн засагчтай уулзах бол­гондоо “Чингис” бондын зар­цуулалтын талаар та юу хэ­лэх вэ, байгаа оноогүй үр ашиг­гүй зарцуулж байна гэж бай­на шүү дээ гэж асууна. Энэ асуулт бол “брэнд” болчихсон гээд хэлчихвэл хатуудахгүй.

Эдийн засагчид нь ч бондыг л муулж ярьж байвал ард түмэнд таалагддаг, бондын талаар мэдлэг нимгэн байвал хүмүүсийн өмнө эвгүй байдалд орчих гээд байдаг хачин тогтолцоо бий болчихсон байна. Чухам л улстөрчдийн ганц ярьдаг сэдэв нь энэ болжээ. Цаашдаа ч ярьсаар байх нь тодорхой. Төсөв ярьсан ч бонд, ноос ноолуур, өндөг, мах ярьсан ч Чингис бонд заавал яригдана, эзэндээ хүрээгүй, мах өндөгний үнэ өсгөсөн ялд унана. Нэг хэсэг монголчуудын амнаас Оюутолгой гардаггүй байсан бол сүүлийн үед “Чингис” бонд гэдэг үг салахаа больж. Бонд босгосон нь зөв зүйл байсан уу гэдэг асуултад бүгд “тийм” гэж хариулдаг. Тэгсэн атлаа л шүүмжилнэ. Дандаа бүтэхгүй талаас нь харна. Өр зээл тавиад, улс дампуурлаа гэж бичнэ.

Гэтэл бонд бос­госны үр ачаар бид замын түгж­рэлээс ангижирч, аймгийн төвүүд­тэйгээ автозамаар хол­богдож, гацаанд ороод байсан олон ч үр ашигтай төсөл хөтөлбөрүүд урагшаа ахисан. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, “Буянт-Ухаа” хорооллын барилгуудын ачаар олон ч залуу гэр бүл, ахмадууд амгалан тайван орчинд амьд­рах боломжоо бүрдүүлсэн байна. Зам барих нь буруу гэж ярьж байгаа улстөрчид харин өөрсдөө “тэнэг” гээд хэлчихэд буруудахгүй. Ингэж бичлээ гээд бондын зарцуулалтыг битгий хяна гэж хэлэх гэсэнгүй.

Бондын мөнгийг бүг­дийг нь үр ашигтай зар­цууллаа гэж бял­дууч­лахыг хүсэхгүй байна. Зү­гээр л улстөрчид яагаад энэ сэдвээр байнга шоудаад бай­гааг хөндөхийг хүслээ. Сүү­лийн хоёр долоо хоногт мөн л бондын зарцуулалтыг хянах Үн­дэс­ний аюулгүй байдлын зөв­лөлийн дүгнэлт гаргав. Ерөн­хий сайд намын бүлгүүдэд “Чин­гис” бондоор мэдээлэл өгөв. Намын бүлгүүд “Чингис” бон­дод шалгалт оруулах юм гэнэ. Тухайлбал, АН-ын бү­лэг даваа гарагт хуралдсан ху­рал­даан дээрээ Ерөнхий сай­дыг орол­цуулж мэдээлэл аваад Бон­дын зарцуулалтад шал­галт оруулахгүй бол болох­гүй гэсэн шийдвэр гаргажээ. Уг нь зөв санаа. “Гудамж” тө­сөлд зарцуулсан мөнгө яг зар­цуулагдсан байна уу, ав­тозамын ши­нэчлэл, нийс­лэлийн гэр хо­рооллын дахин төлөвлөлтөд зар­цуулсан мөнгө үр ашигтай бол­сон байна уу гэдгийг хянах аж.

Цаашлаад зарцуулалтын тай­ланг ч мөн энэ долоо хоногт хэ­лэлцэхээр болжээ. Гэнэтхэн л хаа, хаанаа ухаан орж “Чингис” бон­доо “эргүүлдэж” эхлэв. Уг нь нэг, хоёр долоо хоногт улс­төр­чид ухаан орох асуудал биш. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондыг авсны дараагаас эхлэн энэхүү бондын зарцуулалтад хяналт тавих бодлогын зөвлөл ажиллаж эхэлсэн санаатай юм байна. Даанч тэд энэ хугацаанд ёстой нүдэн балай, чихэн дүлий явж ирсэн бололтой. 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бод­ло­гын зөвлөл хоёр жилийн да­раа гэнэтхэн ухаан оржээ.

Зас­гийн газрын үнэт цаасыг бор­луулж, босгосон хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын тө­сөл хөтөлбөрийг сонгон шалга­руу­лах, шалгуур үзүүлэлтийг тогтоох үүсч болох эрсдлийг тооцох, эрсдэлийн удирдлагаар тооцох үүрэг бүхий бодлогын зөвлөлд Ерөнхий сайдаас эх­лээд Ерөнхийлөгч, УИХ-ын дар­гын хүмүүс бүгд байна. Бод­лого боловсруулах, түүнийг хэ­рэг­жүүлэх, мөн ерөнхийд нь чиглүүлэх бүх хүмүүс энд багт­жээ. Чингис бондын зарцуулалт муу байна. Үр дүнтэй төсөлд зар­цуулж чадсангүй гэдгийг Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дар­га П.Цагаан Ерөнхийлөгчид дуул­гачихаж чадна. 888 төсөл хө­төлбөр гэх бантан оруулж ирээд, “Гудамж” төсөлд мөнгө өгөхгүй гэж хэрэлдэж уралдаж бай­гаа сайдуудын зөрчилтэй асууд­лыг Эдийн засгийн байн­гын хорооны дарга Б.Гарам­гайбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар УИХ-д хэлээд тухай бүр нь засч залруулаад явах боломж бай­жээ. УИХ-ын даргад Д.Одхүү зөвлөх нь хов хүргэж, хэд хэ­дэн үндэслэл шалтгаанаар шүүмж­лэл хэлж, асуудлыг тухай бүр нь шийдүүлээд явах байлаа. Даанч тийм хүсэл алга байжээ.

Ха­туухан хэлэхэд ажлаа сайн хийгээгүйгээс өнөөдөр “Чин­гис” бонд бүх нийтийн ан­хаа­ралд орж, болохгүй бү­тэхгүй болчихсон юм шигээр ярьж эхэлсэн хэрэг. Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга нар Ерөн­хий сайдтайгаа нийлээд бон­доо хянаад, бусадтайгаа зөв­шил­цөөл явах боломж бүрд­чихсэн байна. Бодлогын зөв­лөлд тө­рийн гурван өндөр гур­вуулаа хү­мүүсээ оруулсан. Ту­хай бүр нь энэ хүмүүсээрээ дам­жуу­лаад мэдээллээ аваад, засч зал­руулаад явах байсан юм. Бүр эдийн засгийн чухал сал­ба­рыг атгасан хүмүүс байна.

Цааш­лаад туршлагатай нь бол ярих ч юм биш. Гэтэл энэ зөв­лөл дэндүү их хугацаа ал­даж, хайнга ажилласан уу эсвэл “Чингис” бондыг дахин хөндөж эхэлсэн нь намын дотоод зөрчлийг нь харуулаад байна уу. Сөрөг хүчний өгөөш болгохооргүй, бондыг тойрсон шүүмж­лэл үүсгэхээргүй ажил­лаж чадахаар чадвартай хү­мүүсээр энэ бодлогын зөвлөл багаа бүрдүүлснийг та харж болно. Харин бодит байдал ямар байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Зөвлөл тухай бүр нь дүгнэлт гаргаж, амтай бүхэн зоргоороо шүүмжилж байгаад няцаалт өгөөд явсан бол дахин дахин хянаж шалгаж, намуудын улстөрждөг, эдийн засагчдын ярьдаг ганц сэдэв болох байсан уу гэдгийг эргэж тунгаахад гэм­гүй биз.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.