Хөдөөд 100 мянган малчин өрх зутруу өвөлжиж байна

Хотынхон утаа, түгжрэл, улс төрөөр “амьсгалж” байх зуур хөдөөгийн малчид зутруухан өвөлтэй золгов. Зарим аймаг суманд 20 илүү см цастай тулж,  мал бэлчих боломжгүй болсноос байнга тэжээж байна. Ингэснээр өмнөх жилүүдээс даруй 2-4 дахин их өвс, тэжээл шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, өвөл талдаа ч ороогүй байхад сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан. Цас ихтэй сумдад 2-3 хоног тутамд малчны хот руу зам гаргахаар хүнд даацын автомашинуудыг ашиглаж байгаа аж. Ийнхүү нийт нутгийн 60 хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд эрсдэл харьцангуй бага байна. Эндээс харвал үндсэндээ 90 гаруй хувь нь дундаас дээш эрсдэлтэй буюу зудын байдалтай төсөөлөхөд бэрх дүр зурагтай байна. 


Улсын хэмжээнд 188.6 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Энэ жил 11.9 мянган өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 1.1 сая толгойгоор өсчээ. Отроор өвөлжих малчин өрх энэ жил  2.2 мянгаар өссөн. Гэтэл хоёр ес дуусаагүй байхад 100 мянган малчны аж амьдрал хүндэрч байна. Цас их орсноос зарим газарт малчид эрүүл мэндийн тусламж авч чадахгүйд хүрсэн. Цаашид ч цагийн байдал хүндэрч, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо ихсэх хандлагатай байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Цаг эрт байхад нөхцөл байдал ийм, аймаг, сумдын өвс, тэжээлийн нөөц хангалтгүй. Зарим дууссан мэдээ ч иржээ. Түүнчлэн дизель түлш, унаа тэрэгний хангамж дутмаг байгааг Шадар сайд хэллээ. 
 Зудын байдалд үнэлгээ хийхэд арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 37 сум  цагаан зудархуу байна.Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Булган, Үенч, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэрт нягтарч хатуурсан зузаан цастай байна.


Харин  Баян-Өлгийн Булган, Говь-Алтайн Хөхморьт, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Түргэн, Улаангом, Сагил, Завханы Тэс, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Сэлэнгийн Орхонтуул, Хушаат зэрэг 12 аймгийн 37 суманд цагаан зудархуу байна гэсэн зураглалыг хийснээ Улсын онцгой комиссоос танилцуулав. Энэ дагуу Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт өвс, тэжээл буюу нийт 1171 тонн өвс, 8024 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөх, мөн зарим аймаг сумдад эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд туулах чадвар сайтай автомашинаар хангаад байна. 


Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд С.Амарсайхан “Зарим аймаг, сумдад улсын нөөцөөс шатахууны дэмжлэг үзүүлж байгаа. Цаашид ч үргэлжлүүлнэ. Багануурын нүүрсний уурхайн дизель тасалдсан асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Нөөц бүрдүүлэх үүднээс гурван вагон түлшийг татаж авсан. Том оврын автомашин дутагдалтай байгаа учраас автозамын орц, гарцыг нээхэд хүндрэлтэй байна. Тиймээс зэвсэгт хүчний холбогдох ангиудаас том оврын автомашинуудыг түр авч ажиллуулахаар Батлан хамгаалах яамтай ярилцаж байна” гэлээ. Харин УОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү “Улсын нөөцөөс 11 аймагт өвс, тэжээлийг тал үнээр нь олгохоор бэлтгэсэн. Малчид өвс 1.1 сая тонн, сүрэл 15.0 мянга, ногоон тэжээл 88.0 мянга, үйлдвэрийн тэжээл 32.4 мянга, гар тэжээл 47.9 мянга, дарш 13.1 мянга, хужир, шүү 92.2 мянган тонныг  бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна. Мөн аймаг, нийслэл, сумын  өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд  21 мянган тонн өвс,  8.2 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь 94 хувийг бүрдүүлж байна” гэлээ.

 

 "Зууны мэдээ" сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-01-09 10:12:00
    Хувиа борлуулж довоо шарлуулаад болохоо бодихоор төрөө санадаг биз дээ нэг төгрөг ч т ах вар өгөхгүй малчид үлзочин
  • ХУУЛЬЧ  2023-01-06 07:37:33
    ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМД ОРЖ МАЛАА ДААТГУУЛЖ СУРААСАЙДАА ,,,ӨНӨӨГИЙН НИЙГЭМ БУЯАНЫ ХУУЧИН НИЙГЭМ БИШ ДЭЭ ,,,ӨМЧӨӨ АВСАН ХОЙНО ТҮҮНДЭЭ ЭЗЭН БОЛЖ СУРАХ УЧИРТАЙ ДАА