Шүүхийн “сүлжээ” устсан бол нүүрсний хулгайч нар шийтгүүлнэ

Энд тэндгүй авлига, албан тушаалын хэрэг “дэлбэрч” байна. Өнгөрсөн 30 жилийн хур хэргүүд л дээ. Эмх замбараагүй явдал болоод байгаа мэт үзэгдэж л байна. Гэвч ингэхээс өөр аргагүй. Эвлэрээд, урьдынх шигээ “..Амьдрал сайхан байна” гээд байвал улам л доройтно.  


Ер нь бол энэ нүүрсний хулгай, Хөгжлийн банк, за тэгээд газрын наймаа, төмөр замын тээвэр, Монголбанкныхны “банк бус” энэ тэр гээд авлига, албан тушаалын гэмт хэргүүд, нийт монголчуудын алдагдсан боломжийн хариуцлагыг нэхэх тал дээр улс төрийн шийдэл бол гарчихсан. Өөрөөр хэлбэл, одоогийн Засгийн газар, түүний Ерөнхий сайдын хувьд энэ авлигын асуудал дээр эсрэг байр суурьтай. Түүн дээрээ хатуу зогсдог. Тиймдээ ч дээр дурдсан бугшиж идээлсэн авлигын хэргүүдийг ил болгож байх шиг байна.


Эдгээр том хулгайтай тэмцэх улс төрийн шийдвэр гаргана гэдэг амаргүй. Хамгийн гол нь дээрх хэргүүдэд МАН, АН-ын олон улстөрч холбогдож байна. Энэ утгаараа, авлигын ийм хэрэгтэй тэмцэхэд улс төрийн чамгүй зориг шаардана. Эрсдэл ч бий. Ийм “хэрэг” өдүүлсэн улстөрчдийн дайсныг бус үлдсэн нөхдийг нь тоолбол арай амар байж мэдэх юм. Үүнийг улс төрийн “...а, б”-тэй хүн бүр ойлгоно доо.


Ямартай ч ингээд авлигатай тэмцэх улс төрийн шийдвэр гарсан. Улмаар зарим том хэрэгт хамаатай нууцлаад байсан төр, засгийн шийдвэрүүдийг ил болгов. Ингэчихээр хууль мөрдөх байгууллагууд, прокурор, шүүхийнхэнд үүргээ гүйцэтгэх боломжийг нээчихэж байгаа юм.


АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсэг гарсан. Прокурор хүч нэмсэн бүрэлдэхүүнээр хяналт тавьж байгаа аж. Тэднийг “...Ажлаа муу хийж байна. Акул биш жараахайтай л ноцолдож байна” гэхэд хэцүү. Өдгөө авлига, албан тушаалын хэргийн олон ч сэжигтэн, яллагдагчтай болсон байна. Зарим улс төрийн шинжтэй байгууллагаас “...Улс оронд эмх замбараагүй явдал тарьж байна. Айдас хүйдэст автуулж байна” гэж “мэдээ” бичээд тараатал нь ажиллаж байгаа шүү. 


Гэвч “...Шүүх хөдлөх дургүй байна” гэсэн шүүмж сүүлийн үед дуулдах боллоо. Тэр ч байтугай, зарим шүүгчийн эрүүл, согтуудаа “...Эдгээр хэрэг дээр хөдлөхгүй” гэдгээ ярьсан гэх зүйл ч олон нийтийн сүлжээгээр цацагдав. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр баригдсан төмөр замын нэг албан тушаалтныг хорих эсэх дээр гаргасан шүүгчийн шийдвэр дээрх шүүмжлэлийг гал дээр тос нэмсэн адил өрдөв.


Ерөнхийдөө эндээс “...Мөрдөх байгууллагуудын илрүүлсэн хэргийг шүүх шударга шийдэх үү” гэдэг эргэлзээ бий болгочихсон. Үнэхээр ч хэдэн жилийн өмнөөс шүүхэд ийм томоохон хэргүүдийг замхруулдаг сүлжээ үүссэн нь үнэн. Салхитын ордын хэргийг шүүгч нар л манлайлж бантан хутгасан. Сүүлд “Эрдэнэтийн 49 хувь” гэдэг нэртэй болчихсон бүлэглэлд үйлчилдэг шүүхийн сүлжээ байсан. Энэ мэт олон сүлжээ бий. Тэр жишгээр бол “...Нүүрсний хулгайч нарыг хамгаалах шүүхийн сүлжээ” үүссэн байхад гайхах юмгүй. Тэгэхээр “...Шүүхийн ийм сүлжээнүүд “амьд” уу. Аль эсвэл устаж алга болсон уу” гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь байгаад л байж болзошгүй аж. 


Гэтэл нийгэм, цаг үе өөр зүйлийг хүсч байна. Нэг үгээр хэлбэл, шүүхийн “сүлжээ”-г устгаж, нүүрсний хулгайч нарыг шийтгэхийг л шаардаж байгаа юм. Хулгайч нар шийтгүүлж байж цаашдаа нийтийн боломжийг хулгайлдаг явдал зогсоно. 
Тэгээд ч энэ нүүрсний хулгай, бусад хулгай зэлгийг таслан зогсоохоос нааш Монголын эдийн засгийн чадал ч, шударга ёсны хэмжүүр ч өндийх боломжгүй. Тэгэхээр энэ авлига, албан тушаалын хэргүүд, ард нийтийн боломжийн хулгайтай хийж буй тэмцлийг“...Дутуу алсан могой шиг” орхиж болохгүй гэсэн үг. Тэр утгаараа энэ тэмцлээс хойшоо суусан, хулгайч нарт үйлчилсэн ямар ч сайн шүүгчтэй “хээрийн шүүх”-ийн зарчмаар хариуцлага тооцсон ч хэтийдэхгүй. 


Түүнчлэн үүнтэй зэрэгцээд АТГ-ын удирдлага руу хаа нэгтээгээс “чулуу “нүүлгээд эхэллээ. Энэ нь давтагдсаар АТГ, бусад мөрдөх байгууллагуудад бас эргэлзээ үүсгэхийг оролдож буй бололтой юм. 

 

 "Зууны мэдээ" сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.