Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонголоо
  Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.12) нэгдсэн хуралдаан  гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн хэлэлцүүлжээ.

  Баттөмөрийн Энхбаяр нь 1994 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд багш, 2000-2001 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2001-2002 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрынТамгын газрын дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд Нийгмийн даатгалын өрөнхий газрын Тамгын газрын дарга, 2011- 2013 онд Монгол Ардын Намын бүлгийн даргын зөвлөх, 2014-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

  Хууль зүйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

  Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Б.Энхбаяр гишүүнээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 55 гишүүний 47 буюу 85.5 хувь нь дэмжив. Үүгээр “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд эцсийн найруулгыг танилцуулсан юм.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.