Барилгын үнэ ханшийг буулгаж, иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газар арилжааны банкуудаар дамжуулан найман хувийн зээлийг гаргасан. Гэтэл энэ зээл хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлээд л орон сууцны үнийг тогтворжуулах нь бүү хэл улам өсгөсөн. Үнэ нь өссөн ч иргэд дулаахан өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд тэмүүлж байгаа. Гэтэл олон хүнийг ипотекийн зээлийн хатуу шалгуурууд сөхрөөж байна. Үнэндээ жирийн иргэдэд зээл олдохоосоо олдохгүйн их байгаа юм. Шалгуурыг давах хүмүүс тун цөөхөн байна. Уг нь зээлд хамрагдаж чадвал Монголын нөхцөлд хамгийн бага хүүтэй нөхцөлөөр дулаахан сайхан байртай болчих гээд байдаг. Мэдээж хүн бүр бэлэн мөнгө гаргаад орон сууц авч чадахгүй болохоор найман хувийн зээл рүү шуураастай.
Найман хувийн зээлд хамрагдахын тулд зээлийн урьдчилгаа 30 хувь өгөөд 10-20 жилийн хугацаанд зээлд хамрагдах боломжтой. Харин зээлдэгчийн орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх гэх мэтчлэн олон зүйлийг заасан байдаг. Тэгээд үүнийгээ төр засгийн зүгээс амьжиргааны түвшин доогуур буюу орлого багатай иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл хэмээн тодорхойлсон. Тэгвэл ийм хүмүүс байранд орж чадахгүй байна.
Хамгийн эхлээд урьдчилгаа 30 хувь дээрээ бүдэрнэ. Яаж ч байгаад байртай болно гэж зүтгэсэн нэг нь аав ээж, хамаатан садныхаа орон сууцыг барьцаанд тавин байж орж буй. Бас нэг шалгуур урьдчилгаа 30 хувьд хувийн эзэмшлийн хашаа байшинг тооцохгүй. Тиймээс хашаа байшинтай зарж л мөнгө болгох хэрэгтэй. Энэ мэтчлэн байдгаа шавхан байж урьдчилгаа мөнгөө олсон хүмүүст шалгуурыг нь давах хэцүү байдаг. Тэртусмаа сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед айл өрхийн амьдралын түвшин доройтож, орлого ч муудсан. Гэтэл үүнийг дагалдаад зарим банк зээлээ олгохгүй хааж, олгож байгаа нь шалгуурыг дээд цэгт нь хүргэжээ. Хамгийн наад зах нь гэхэд нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа тухайн банкнаас зээл авч байж найман хувьд хамрагдах боломжтой. Гэтэл үнэндээ хоёр өөр байгууллага нэг банкаар цалингаа тавих нь бараг л үгүй болов уу.
Энэ мэтчлэн хэцүүхэн шалгуурыг даваад гараад ирэнгүүт манай зээл хаагдлаа гэсэн салбар банк их байна. Тухайлбал “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Ариг”, “Капитрон” банкууд зээлээ хаажээ. Мөн “Голомт” банкны зарим салбар зээлээ хаасан байсан юм. Энэ бүхнээс үүдээд иргэдийн дунд ипотекийн найман хувийн зээл хаагдах нь гэсэн яриа өрнөөд байгаа юм. Учир нь өмнөх буюу Сү.Батболдын Засгийн газрын үед орон сууцны зургаан хувийн зээл гарч олон хүний магнайг тэнийлгэсэн. Гэвч удалгүй зогсож олныг гонсойлгосон. Тиймээс л иргэдийн итгэл алдарчээ.
Энэ талаар Монгол банкны олон нийттэй харилцах хэлтсийн эдийн засагч Э.Золзаяа “Найман хувийн зээлийг зогсоох тухай ямар ч шийдвэр гараагүй хэвийн үргэлжилж байгаа. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалаад банкууд зээлийн шалгуураа чангатгасан байхыг үгүйсгэхгүй. Монголын ипотекийн корпораци орон сууцны зээлийн багцыг үүсгэж үнэт цаасжуулахад тодорхой хугацаа ордог гэдгийг банкууд иргэдэд ойлгуулахгүй бол санхүүжилт гацсан юм шиг Монгол банк санхүүжилт өгөхгүй байгаа юм шиг эндүүрэх явдал байдаг. Хөтөлбөр үргэлжилдгээрээ үргэлжилнэ” гэсэн юм.
Тэгэхээр ямартай ч зогсож байгаа биш бололтой. Шалгуурын хувьд ч Монголбанкнаас гаргасан санхүүжилтийн нэгдсэн журмыг мөрдлөг болгохын зэрэгцээ банкууд өөрсдийн дотоод журамдаа хатуухан шалгууруудыг нэмж олгосон байна. Ямартай ч найман хувийн ипотекийн зээл олгогдсоор байх юм байна. Харин тэр шалгуурыг давах хүмүүс тун цөөхөн болжээ. Учир нь хөнгөлөлттэй гэх энэхүү зээл орон байртай болох гэсэн олон хүнийг өмнөө сөхрөөж харин ч бүр гудамжинд гаргах хатуу дүрэм журамтай байна.
Г.Сүрэн
olloo.mn
olloo.mn