Омар Л.Марреро Бетанкур: Куба орноос хавдрын эсрэг эм импортолж байна

БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Л. Марреро Бетанкурыг урилаа. Энэ удаад түүнтэй зөвхөн хоёр орны харилцааг ярихыг урьдал болгосонгүй. Улс оронд нь өрнөж буй өнөөгийн шинэчлэлийн салхи Куба улсыг хэрхэн өөрчилж байгаа тухай илүү сонирхсон юм.

-Кубын нийгэм, эдийн засгийн загварыг шинэчлэх үйл явцын хүрээнд өрнөж   буй өөрчлөлтийн талаар яриагаа эхлүүлье. Энэ сэдэв манай уншигчдын хувьд ч сонирхолтой байх болов уу?

-Үнэхээр таны хэлс­нээр,  2011 оны дөрөв­дүгээр сард болсон  Кубын коммунист на­мын зургадугаар их хур­лаас манай нийгмийн тогтолцоо эргэж буцалт­гүй үргэлжлэх нөхцлийг хангах, улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын амьдралын төвшинг дээшлүүлэх зорилгоор баталсан эдийн засаг, нийгмийн бодлогын үнд­сэн чиглэлийн хү­рээнд Кубын эдийн засаг нийгмийн загварыг шинэчлэх үйл явц үргэл­жилж байна.

Кубын хувьсгалын ололтыг эдийн засгийн тогтвортой хөгжилд тулгуурлан хадгалах үндсэн зорилгоос  шаардлагатай бүхнийг, түүний дотор өмчийн тухай концепцийг  өөрчлөх шаардлага урган гарсан. Мөн шинэ сорилтуудыг шийдвэрлэх, шинэ бүхнийг өөрийн болгох чадвартай болгохын тулд боловсон хүчний сэтгэлгээг өөрчлөхийг хичээж байна. Мэдээж энэ бүхнийг илүү үр бүтээлтэй, эдийн засгийн өндөр үр ашигтай болгохын төлөө хийж байгаа нь ойлгомжтой.

Аливаа улс орон тогтвортой эдийн засгийн суурьгүй хөгжиж чадахгүй. Кубад үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл улсынх хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл социализм нь манай улс төр нийгмийн тогтолцоо байсаар байна. Бид шинэчлэлийн энэ үйл явцад шаардлагатай болгоныг өөрчлөн засахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, алхам бүрийг дүгнэн шинжилж  яаралгүй урагшилж байна. Манайд  үйлчилгээний салбар болох талхны цех, дэлгүүр, үсчин, кафе, гутал засвар улсын хэвшилд байсан. Энэ бүх үйлчилгээний салбарыг хувь хүмүүс, хоршоод ажиллуулах боломжийг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэ салбарт сая гаруй куба иргэд ажиллаж байна. Үр дүн нь ч харагдаж эхэлсэн. Хэрэв та Гаванад очвол хаа сайгүй тухлаг сайхан зоогийн газар, кафетай таарна. Мөн улсын хэмжээний том ресторануудыг  ч хоршооллууд, хувиараа үйлчилгээ эрхлэгчид ажиллуулдаг боллоо. Энэ мэтээр шинэчлэлийн үйл явц эхэлсэн. Одоо эргэж буцахгүй цааш явах болно.

-Куба улс иргэддээ газар өмчлүүлдэггүй. Мөн иргэд нь 2010 оноос хувийн байшин барих эрхтэй болсон гэсэн. Шинэчлэлийн явцад энэ байдлууд ч өөрчлөгдөж байна уу?

-Кубад газар улсын өмч. Хувьсгалаас өмнө цөөн хүмүүсийн мэдэлд байсан том хэмжээний газрууд улсын болгосон. Гэвч газар тариалангийн салбар улс орны болон хүн амын хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадаагүй. Тиймээс ашиглахгүй байгаа  газрыг хувь хүмүүст урт хугацаагаар  үнэ төлбөргүй эзэмшүүлж байна. Онцгой гэж бидний нэрлэдэг хүнд үед эдийн засагт маш их хүндрэл бэрхшээл, хомсдол байсан. Иймээс ч эл байдлыг сайжруулахад чиглэсэн бодлого гаргах шаардлага гарсан юм. Үүнтэй холбоотой нэг зүйл  нь  мөнгөн тэмдэгтийн асуудал байв.

Одоо ч Кубад хоёр төрлийн мөнгөн тэмдэгт хэрэглэж, хоёр төрлийн ханш үйлчилсээр байгаа нь нягтлан бодох бүртгэл, хяналтад асуудал үүсгэдэг. Харин саяхан гаргасан давхар мөнгөн тэмдэгт, давхар ханшийг нэг мөр болгох шийдвэр  нь манай эдийн засгийг цэгцлэхэд онцгой ач холбогдолтой боллоо. 1990-ээд оны эхээр ЗХУ задарч, социалист хамтын нийгэмлэг байхгүй болоход манай экспортын бараг бүх  хаалга хаагдсан. Тухайн  үед  Кубын гадаад худалдааны 70 орчим хувь социалист орнууд ялангуяа ЗХУ руу  чиглэж байлаа. Энэ болон АНУ-аас Кубын эсрэг явуулдаг эдийн засаг, худалдаа, санхүүгийн хориг арга хэмжээний улмаас манай ДНБ  30 хувь буурсан юм. Чухам  үүнээс үүдэн бид Онцгой үеийг зарлах хэрэгтэй болсон юм. Тэр үеийг мартахын аргагүй. Түүнчлэн бидний хэрэглэж байсан нефть 100 хувь хуучин ЗХУ-аас ирдэг байлаа. Гэтэл бас л хаагдсан. Тухайн үед бид санхүүгийн нөөцгүй, хэнтэй ч арилжаа худалдаа хийх боломжгүй болж хоцорсон.

-Гэхдээ эдийн засгийн хүнд байдлыг давахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлого явуулж эхэлсэн гэсэн?

-Кубын эдийн засгийн загварын шинэчлэлийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт чухал болж ирсэн. Саяхныг хүртэл Кубад эдийн засгийн хөгжилд  гадаадын хөрөнгө оруулалт тийм ч чухал үүрэгтэй байгаагүй. Харин одоо ач холбогдлыг нь  хүлээн зөвшөөрч,  дэмжин урамшуулж байна.  Шинээр батласан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж Кубад бизнес эрхлэх сэдлийг нь хөхиүлж байна. Энэ хуульд татвар хураамжийг багасгах,  манай эдийн засагт  чухал ач холбогдолтой  хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд 10 жил хүртэл татвараас чөлөөлөх заалтыг тусгасан.

Шинэ хуулийг гадаад ертөнцөд ч нааштайгаар хүлээж авч байна. Туйлын ач холбогдолтой өөр нэг шийдвэр гэвэл эдийн засгийн хөгжлийн тусгай бүсийг  Гавана хотоос 40 гаруй км-т байрлах  Мариел гэх далайн боомтод байгуулсан явдал. Гүнзгий устай далайн эрэг дэх энэ боомтод Панамын сувгийг өргөжүүлэх ажил дууссаны дараа түүгээр дамжин өнгөрөх олон тооны том контейнер бүхий худалдааны хөлгүүдийг хүлээн авах дэд бүтцийг бэлэн болгосон. Энэ төслийг Бразил улсын тэрбум орчим ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Эдийн засгийн хөгжлийн энэ тусгай бүс гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй бөгөөд  30 гаруй орон хөрөнгө оруулах, бизнес хийх  сонирхлоо илэрхийлээд байна. Саяхан болсон Гаваны Олон улсын үзэсгэлэн яармаг дээр Куба улс Мариелийн бүстэй холбоотой  эдийн засгийн 240-өөд төслийн багцыг танилцууллаа. Тэдгээрт биотехнологи болон эмийн үйлдвэр, боловсруулах үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр зэрэг олон салбарт бизнес хийх өргөн боломжийг тусгасан байгаа. 

-Арав гаруй жилийн өмнө Кубыг чихрийн нишингийн үйлдвэрлэгч орноор төсөөлдөг байлаа. Гэвч энэ нь түүх болон үлдсэн бололтой. Одоо танайд эдийн засагт ямар бүтээгдэхүүн голлох үүрэгтэй байна?

-Тийм ээ, үнэхээр өөрчлөгдсөн шүү. Урьд нь элсэн чихрийн үйлдвэрлэл Кубын эдийн засгийн хөдөлгөгч  хүч байсан. Нишингийн элсэн чихрийн том үйлдвэрлэгч, дэлхийн гол экспортлогч байлаа. Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр элсэн чихрийн үнэ ихээр унаж,  нэг фунт элсэн чихэр үйлдвэрлэх өртөг  зах зээл дээрх нэг фунт элсэн чихрийн үнээс давах болсон. Тухайн үед олон улсын зах зээл дээр нефтийн үнэ ихээр өсч, манайд бордоо хомсдож, Нишингийн талбайн усжуулалт  хүндэрч эхэлсэн.

Богино хугацаанд элсэн чихрийн үйлдвэрлэл багасч, бараг экспортлох боломжгүй байдалд орсон юм. Энэ бүхнээс үүдэн элсэн чихэр боловсруулах үйлдвэрүүдийн хагасыг хаахад хүрсэн. Өнөөдөр үйлчилгээний тэр дундаа эмч нарын үйлчилгээний экспорт манай эдийн засгийн гол салбар болоод байна. 50 мянга гаруй куба эмч дэлхийн  өнцөг булан бүрт үйлчилгээ үзүүлж байна. Нэг хүнд ногдох эмчийнхээ тоогоор  Куба улс дэлхийд эхний байрт ордог. Эболагийн эсрэг тэмцэлд хамтран ажиллах тухай  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгад дэлхийн орнуудаас хамгийн түрүүнд Куба улс нэгдсэн. Баруун Африкийн орнуудад  арвин туршлагатай 275 куба эмч, сувилагч энэ үхлийн вирусын эсрэг тэмцэхэд туслаж байна.

-Ярианы сэдвээ хоёр орны харилцаа руу хандуулъя. Америк тивээс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс нь Куба. Ирэх онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болох гэж байна. Ойгоо угтан нэлээд ажил төлөвлөсөн байх?

-Манай хоёр талын харилцаа холбоонд аливаа бэрхшээл байхгүй. Куба, Монголын хоорондын  найрамдал, хамтын ажиллагааны уламжлалт харилцаа энх тунх сайн хэвээр байгаа. Олон улсын талбарт гарсан улс төрийн өөрчлөлтүүд түүнд нөлөөлөөгүй. Харин дэлхийн эдийн засгийн хямрал мөн  бидний эдийн засгийн хүндрэл бэрхшээл төлөөлөгчид солилцоог багасгасан тал бий.

Энэ бодит байдал хоёр талын солилцоог богино хугацаанд нэмэгдүүлэх боломжийг маань хязгаарлаж байгаа ч олон улсын байгууллагын хүрээнд  хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, хоёр талын сонирхож буй салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцаагаа  эрчимтэй болгох улс төрийн хүсэл зориг аль аль талд байна. 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Куба, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болно. Үүнд хоёр улсын Засгийн газар ихээн ач холбогдол өгч хамтран тэмдэглэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард Кубын ГХЯ-ны Азийн газрын захирал Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх II уулзалтад оролцохоор Улаанбаатарт ирсэн.

Энэ уулзалтаар хоёр талын харилцаа, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаа илэрхийлсэн.  Миний хувьд Монголд ирээд хоёр жил гаруй болж байна. Бидэнтэй уулзахыг хүссэн, Кубатай холбоотой ямар нэгэн асуудал ярилцах  хүсэлтэй бүх монгол иргэдэд манай  Элчин сайдын яам нээлттэй байдаг. Бидний зүгээс уулзалт арга хэмжээг  зохион байгуулж ирсэн, цаашид ч зохиох болно.

-Бусад улстай харьцуулахад харилцаа маань өргөн хүрээг хамарч чадахгүй байгаа ч эдийн засгийн салбарт тодорхой төвшинд хамтарсаар байгаа шүү дээ?

-Эдийн засаг худалдааны тухайд бага хэмжээний худалдаа бий. Монголын тал Кубын эм, бэлдмэлийг бага хэмжээгээр авдаг. Импортлож байгаа хоёр төрлийн эмийн нэг нь хавдрын эсрэг эмчилгээнд зориулсан эм байгаа. Элчин сайдын хувьд бүх салбарт, түүний дотор худалдааны салбарын солилцоог нэмэгдүүлж өргөжүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ чиглэлийн зарим шинэ санаа бий. Одоохондоо хараахан хэрэгжээгүй учир хэлэхэд эрт байна. Кубын Засгийн газар  Монгол Улсад анагаахын мэргэжлээр тэтгэлэг олгосон хэвээр байгаа. Сүүлийн үед жилд гурван оюутанд тэтгэлэг олгож байна. Өмнө нь төрөл бүрийн мэргэжлээр суралцах тэтгэлэг олгодог байсан.

Харин сүүлийн жилүүдэд монгол оюутнууд ихэвчлэн анагаахын чиглэлээр сурах болсон. Гэвч эдийн засгийн шалтгаанаар жилд олгодог тэтгэлгийг тоог багасгахаас аргагүй байгаа. Эдийн засгийн байдал сайжрахын хэрээр бидний хамтын ажиллагаа, солилцоо  нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Байгууллага,  салбар хоорондын хамтын ажиллагааг Элчин сайдын яамны зүгээс дэмжиж байдгийг хэлье. Саяхан “Оргил” рашаан сувиллын төлөөлөгчид Кубад сэргээн засах эмчилгээний туршлага солилцох, хамтын ажил­лагааны бусад боломжийг судлахаар айлчилсан. Мөн Эрүүл мэндийн үндэсний төвөөс туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.

Бидний зүгээс Кубад болж байгаа олон улсын чанартай арга хэмжээнүүдэд Монголын талаас оролцож байхыг хүсдэг. Өнгөрсөн жил Монгол Улсын ерөнхий прокурор Кубад ажлын айлчлал хийсэн. Салбарын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцаад энэ чиглэлээр ажиллаж байна.

-АНУ-аас Кубын эсрэг явуулж буй хориг арга хэмжээ нь дэлхийн анхаарлын төвд одоо хэр нь байдаг. 1960-аад оны эхээр тавьсан хориг арга хэмжээ өнөөдөр ямар хохирол учруулж байна вэ?

-АНУ-аас  Кубын эсрэг явуулж буй  эдийн засаг, худалдаа, санхүүгийн хориг хэвээр байгаа. Кубачүүд энэ хатуу хоригийг тэсч гарахад нэгэнт дасчээ. Манай улсад асар их хохирол учруулсаар байгаа энэ хориг арга хэмжээ  гуравдагч орны эрх ашгийг хөндсөн шинжтэй байдаг. Тухайлбал, Монголын аялал жуулчлалын далайн онгоц Кубын эрэгт буусан бол тухайн онгоцыг зургаан сарын турш АНУ-ын эрэгт ойртохыг хориглоно. Өөрөөр хэлбэл, Куба улсаас гадна Монголын мөн бусад орны эрх ашгийг хөндөж байгаа хэрэг. Мөн Монгол улсад үйлдвэрлэсэн нэг бүтээгдэхүүний 10 хувь орчим нь  АНУ-аас гаралтай түүхий эд байвал түүнийг  Кубад экспортолж болохгүй байх жишээтэй. Кубын эсрэг энэ бодлогоос болж олон улс, аж ахуй, банк санхүүгийн байгууллагын эрх ашиг хөндөгдсөн тохиолдол их олон байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоригийг зөөлрүүлж  байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа ч үнэн хэрэгтээ түүний Засгийн үед харин ч дарамттай болсон.

Куба нь Дэлхийн банк, Валютын сан болон бусад  байгууллагаас зээл авах эрхгүй байдаг. Куба улс америк ам.доллараар худалдаа хийж болохгүй. Өнөөдрийн байдлаар Куба, Америк хоёрын харилцаа айхтар хурцадмал биш ч хориг арга хэмжээ гэх бүхэл бүтэн хавтас дүүрэн хуулиуд үйлчилсээр байна. Ерөнхийлөгч Барак Обама хориг арга хэмжээний үндэс суурийг нь хөдөлгөлгүйгээр зарим нэг зүйлд өөрчлөлт оруулсан. АНУ руу хамаатан садан нь дүрвээд гарсан куба иргэдийн уулзах асуудлыг бага зэрэг зөөлрүүлсэн. Өмнө нь гурван жилд нэг удаа уулзахыг зөвшөөрдөг байсан. Гэр бүлдээ мөнгө шилжүүлэх асуудлыг ч нааштай шийдвэрлэсэн.

Гэвч хориг арга хэмжээ хэвээр байсаар байна. Кубын санаачилгаар 23 дахь жилдээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд  хориг арга хэмжээг төгсгөл болгох шаардлагын тухайн тогтоолыг батлаад л байдаг. Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн дийлэнх орон дэмжиж баталж байна. Энэ жил гэхэд энэ тогтоолыг 189 орон баталсан. Харамсалтай нь Америк, Израйль эсрэг санал өгсөн. Мөн гурван жижиг арлын орон түтгэлзсэн байна.  Өөр нэг баримт дурдахад, 1998 онд таван куба залуу АНУ-д баривчлагдсан. Маямийн шүүхээс хоёрыг нь бүх насаар, нөгөө гурвыг  олон жил хорихоор ялласан байдаг. Манай тавыг  тагнуулын үйл ажиллагаанд буруутгасан.

Үнэн хэрэгтээ тэд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын  эсрэг юу ч хийгээгүй. Харин  Куба улсын эсрэг террорист  ажиллагааг АНУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулдаг. Кубачүүдийн амь насанд халдахыг оролддог куба гаралтай бүлэг иргэдийн үйл ажиллагаанаас сэргий­лэ­хээр ажиллаж  байсан. Гэвч тэднийг террорист хэмээн шүүн ялласныг нотлох нэгээхэн ч ба­римт байдаггүй. Энэ мэт бодит байдлыг ярьвал олон асуудал бий. Кубын эсрэг АНУ-ын хо­ригийг эцэслэхийн төлөө  Монгол Улс байнга дэм­жиж ирсэнд манай улс талархаж байдгийг энэ завшаанаар дахин илрэхийлье.
 

Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-16 06:57:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2014-12-16 03:13:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!