Евро бондын 51 сая долларын өрийг төлсөн долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн ямар үйл явдлууд болж өнгөрснийг тоймлон хүргэе. 


Хөгжлийн банк энэ сарын 23-нд Евро бондоос нийт 51.6 сая ам.долларын бондыг хэсэгчлэн худалдан авлаа. Ингэснээр Евро бондын төлбөрт төлөх 500 сая ам.долларын 51.6 сая ам.доллар нь хасагдаж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болж байна.

Худалдаж авсан бонд нь 86.69 жигнэсэн дундаж үнэтэй, жилийн 22.55 хувийн өгөөжтэй нийт 516.140 ширхэг байв. Банк ширхэг бүрийг нь 100.0 ам.доллараар үнэлэх өрийг төлөх өрийг 86.69 ам.долларт худалдан авснаар одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 11 орчим сая ам.доллар хэмнэж байгаа аж. Тодруулбал, зөвхөн хүүгийн зардалд Евро бондын эргэн төлөлт хийх хугацаа буюу 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүртэл 4.2 сая ам.доллар хэмнэх юм байна.

Сануулахад, Хөгжлийн банкнаас 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ нь одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны шийдвэрээр банкны өр төлбөрийг багасгах зорилгоор Евро бондоос худалдан авч бондыг хэсэгчлэн хугацаанаас нь өмнө хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Дээрх шийдвэрийн хүрээнд энэхүү худалдан авалтыг хийжээ.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр Евро бондын 500 сая ам.долларын төлөлтөөс 51 сая ам.долларыг худалдан авснаар дээрх хэмжээний өр төлбөр хүчингүй болж байна. Тэгвэл анх "Евро" бондыг авч байх үед ам.долларын ханш 1300 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 3462 төгрөг байна. 10 жилийн хугацаанд ханш 2.7 дахин өсжээ. 

 

ТӨГРӨГИЙН ХАНШ БУУРЧ ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ НЭМЭГДЖЭЭ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2022 оны арван хоёрдугаар сард 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларчээ. Харин юаньтай харьцах сарын дундаж ханш 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.28, өмнөх сарынхаас 17.14 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Тэгвэл төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцэст 12.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 304.1 (2.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (16.2 хувь) их наяд төгрөгөөр багассан байна. Төгрөгийн хадгаламжийн 90 хувь иргэдийнх, 1.3 (10 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж. Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 196.4 (4.2хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 936.9 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 


ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП-20 КОМПАНИ БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДААР ШИНЭЧЛЭГДЭВ

Манай улсын хөрөнгийн зах зээлд банк, даатгал, санхүүгийн байгууллагууд тэргүүлэх нөлөө үзүүлж эхэллээ.  Үүнийг Монголын Хөрөнгийн биржийн голлох үзүүлэлтийг илэрхийлж байдаг ТОП-20 индексийн саяхан шинэчлэгдсэн бүтцээс харж болно. Энд багтаж буй 20 компанийн 50 хувийг санхүүгийн салбарынхан бүрдүүлж байна. ТОП-20 индексийн багцаас “Махимпекс”, “Би Ди Сек”, “Дархан нэхий”, “Лэндмн” ББСБ, “Талх чихэр” компаниуд хасагдаж, “Голомт” банк, “Сэнтрал экспресс Си Ви Эс”, “Богд” банк, “Сэндли” ББСБ, Төрийн банк нэмэгдэн дан банк, санхүүгийн байгууллагууд орж иржээ.

 

ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛЖ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцох уулзалт хийхээр төлөвлөжээ. Монголбанкны удирдлагуудтай өнгөрсөн лхагва гарагт уулзаж үйл зарим чиглэлийг өглөө.

Тэрбээр, Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцыг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны энэ оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэй гэдгийг сануулав. Дэлхийн эдийн засгийн төлөв байдалд зарим эерэг өөрчлөлт гарч байна. БНХАУ цар тахлын хязгаарлалтын бодлогоо өөрчилсөн. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк энэ оны эдийн засгийн гол төсөөллүүдээ яаралтай шинэчилж танилцуулах хэрэгтэй гээд экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын зорилтуудаа чиглүүлэх замаар иргэдийн бухимдлын үндэс болоод байгаа үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатайг УИХ-ын дарга онцлов.

 "Зууны мэдээ" сонин
Б.Баяржавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.