Сайжруулсан түлш гэдэг зүгээр нэг туршилт юмсан уу

Дөрвөн уулын дунд “Хүн чулууны хонхор”-т орших Улаанбаатарыгаа бид жаргалын орон гэж магтан дуулсаар 380 гаруй жилийг үдлээ. Азийн цагаан дагина гэж өхөөрдөн нэрлэсэн үе бас байсаан. Гэтэл өнөөдөр нийслэл хот чинь нээрээ жаргалын орон юм уу, биш үү гэж эргэцүүлэхээр болчихож. Үүнд олон шалтгаан бий. Тэр шалтаг шалтгааны түрүүнд утаа, агаарын бохирдол гэсэн гамшгийг нэрлэж болно. Хэзээ хэзээний юм гэж дөжирөнгүй байдгаа ч санав.
Хотыг жаахан зайдуухнаас харвал хэдэн цахилгаан станцын яндан л харагдах төдий. Өндрөөрөө бусдаас илүүгийн учир телевизийн цамхаг дундаас дээших хэсэг нь цоройж үзэгддэг.


За тэгээд хот маань бичил хар утаан нөмрөгтөө нуугдсан янзтай байх. Их хотод дулааны дөрвөн цахилгаан станц бий. Тэдгээрт жилдээ гурван сая гаруй тонн нүүрс, 20 мянга орчим тонн мазут шатаан тэндээс өдөрт 80-аад сая шоометр утаа, “үйлдвэрлэгддэг” байх юм. Нийслэлийн 1.6 сая хүн амын тавь гаруй буюу 220 мянган өрх айл гэрийн хороололд амьдардаг. Түүний дийлэнх нь Улаанбаатарынхаа салхин талд тойрч байршсан. Дээр нь 500 мянга гаруй машин тэрэг өдөр шөнөгүй холхиж 0,4 сая тонн шингэн түлшнээсээ нүүрстөрөгчийн исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, хар тугалганы нэгдлүүд зэрэг “нэрийг бараа”-гаар хотын агаар мандлыг хордуулж байдаг. Ийм л дүр зургийг хотын гадна талаас нь харж болно.


Тэгвэл “гэдэс дотрыг” нь шагайн үзвэл маш хэцүү аймаар ч юм шиг тоо баримт хэлэх болж таардаг. Төр, засгийн зүгээс нийслэлийн үе үеийн удирдах хүмүүс утааг багасгана. Зарим нь одоохон зайлуулаад өгнө тэгээд агаарын бохирдолгүй сайхан хотод амьдруулаадах гэж ярьдаг ч бүтлийг ололгүй олон жил болж байгаа юм. Жилийн жилд өдий төдий зуун сая төгрөг агаарын бохирдлыг арилгахад төлөвлөлөө л гэдэг. Уг нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар гэж олон давхардсан орон тооны ажилтантай газрууд  ажиллаад л байгаа гэх.


Даанч ажлын үр дүн нь харагдахгүй байсаар ирсэн. Одоо ч тийм. Харин хоёр жилийн өмнө дөө. Засгийн газар нэг гайгүй мэргэн санаа оллоо гэсэн нь нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хязгаарлаж оронд нь зөвхөн сайжруулсан гэх шахмал түлш түлүүлэх болсон нь дэвшил мэт санагдсан үе бий. Тэр нь хотын утаа харагдах талаасаа багассан шиг болсных болов уу. Тэгвэл энэ өвлийн байдлаас харахад "сахил хүртээд шал дордов" гээч болж нөгөө утаа униар дундаа хахаж цацан, ханиаж түгшиж амьдрах болов бид. 


Бүр аймшигтай нь гэвэл энэ их утаа, агаарын хортой бохирдлоос болсон өвчин эмгэг дийлдэхээ болилоо. Сайжруулсан гэх түлш хэрэглэснээс хойших нэг үнэн гэвэл утаа яльгүй багассан ч хоруу чанар нь нэмэгдсэн тухай эрүүл ахуйчид хоолойгоо сөөтөл ярьж сонин хэвлэлийнхэн үзэгнийхээ бэхийг дуустал бичив. Гэтэл тусыг эс олов. Олон арван хүн угаартаж нас барсан бий. Гэтэл хотын утаа, бохирдлыг багасгах үүрэгтэй байгууллага, хүмүүс нь ердөө л зуух, яндангийн тохиргоо, хөө тортогхон ярьж ёстой л “Тийм хэрэг болсон нь харамсалтай. Үүнийг магадлая” гэдэг шиг хариу барьсаар ирсэн байдаг. 


Тэгвэл энэ хурайлан магтаад байгаа шахмал түлш нь агаар бохирдуулагч зарим хорт бодис тухайлбал, хүхэрлэг хий, нүүрс төрөгчийн давхар исэл гээд олон олон хорыг түүхий нүүрс хэрэглэж байсан үеийнхээс эрс ихэсгэсэн байх юм. Дэнжийн мянга, Баянхошуу, Улаанхуаран болон Зурагт болон III,IV хороолол зэрэг газруудад байнга шахуу байгаа азотын давхар исэлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс бараг гурав дахин хэтэрсэн гэж байгаль орчны шинжилгээний байгууллагын дүгнэлтээр гарсан байна.

Бас тоон утгаар тайлбар хэлбэл агаарын бохирдлын агууламжийг өнгөрсөн оны мөн үеийг өнөөтэй харьцуулбал хүхэрлэг хийн үзүүлэлт 658 мкг шоометр байсан бол одоо 660, азотын давхар исэл 174 мг шоометр байсан нь 177 болж өсчээ. Энэнийг минут секунтээр тасралтгүй хэмждэг багажаар тооцоолж буйн учир итгэхээс аргагүй юм.
Мөн нэгдүгээр хороолол орчимд азотын давхар исэл хамгийн өндөр түвшинд хүрч энэ нь  агаарын чанарын байх ёстой стандартаас 3,5 дахин их байдаг гэнэ. 

Цаашлаад агаарын бохирдлыг бүрдүүлж буй төрөл болох нарийн тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий гээд зургаан төрлийн хорт бодис гээд ярьвал сэтгэл хирдхиймээр үзүүлэлтүүд дурдаж болох. Бас нийслэлийн агаарт буй хар тугалганы хэмжээ ихэссэн гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэтэл хар тугалга агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгааг хэмжих багаж манайд байдаггүй гэнэ. 

Тэгвэл энэ хар тугалга гэдэг хортой металл хэлбэрийн элемент олон зүйлд агуулагддаг. Авто машины бинзений шаталт болон нүүрсний утаа, будаг, бохирдсон хөрс зэргээс голлон илэрдэг. Хор уршиг нь гэвэл хүний биед орохоороо мэдрэлийн эрхтний тогтолцоог алдагдуулдаг ялангуяа хүүхдийн сэтгэхүй оюуны хөгжилд сөрөг нөлөөтэй байдаг ажээ. Иймээс зайлшгүй хянаж, хязгаарлаж байх ёстой хорын нэг энэ гэж үздэг учир Эрүүл ахуй, хор судлалын лабораторийнхон шинжилж судалдаг болсон байна.  


Саяхнаас нэг аймшигтай мэдээлэл олон түмнийг цочоох болов. Тэр юув гэвэл олон улсын эрдэмтдийн багийнхны сүүлийн таван жилд хийсэн судалгаагаар манай улсад элэгний хавдрын өөр улс оронд бүртгэгдээгүй шинэ мутац монгол хүнээс илэрсэн явдал. Энэ тухай Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлэхдээ "Хавдар үүсгэдэг олон төрлийн мутац илэрч байгаа. Гэтэл дэлхийн аль ч улс оронд бүртгэгдээгүй шинэ төрлийн хоёр ч мутацаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын өвчлөл манайд байгаа нь судалгаагаар илэрсэн. Энэ бол утааны задралын улмаас улбаатай илрэц бөгөөд цөөн биш тохиолдол байгаа юм гэжээ". Энэ мэдээлэл дэлхий дахинд нэгэнт зарлагдчихлаа.


Дээрх судалгаа чухам юу хэлэв гэвэл Монгол Улс агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарч, дорвитой арга хэмжээ авахыг сануулж буй хэрэг юм.

Нүүрсний задралаас үүдэлтэй ийм мутац илэрсэн нь яалт ч үгүй утаан дундаа манарч суугаа зөвхөн Монголын зовлон гэж эрдэмтэд хэлж байна. Тэгвэл бас урьд нь өчнөөн жил нүүрсээ түлээд л ирсэн байхад тухайн үед тэр шинэ мутац яагаад илрээгүй юм бэ? гэсэн асуулт гарч ирж байна. Үүний хариулт нь нөгөө магтан сайшаагаад шахаж шаардаж хэрэглүүлээд байгаа сайжруулсан хэмээх шахмал түлштэй холбогдож байгаа юмсан уу. Ингэж ярьж бичиж эхэллээ.
Тиймээс сайжруулсан гэх тодотгол нэр нь таараагүй хортой шахмал түлшийг хэрэглээнээс халъя гэсэн асуудал хүртэл хөндөгдсөн  байх чинь билээ. Үнэхээр энэ түлшийг өдөр тутам хэрэглэж байгаа иргэд байнга айдастай байдаг нь ч нууц биш. 2022-2023 оны өвөл гэхэд угаартсан хүний тоо даруй хоёр дахин нэмэгдсэн. Угаартснаас болж нас барсан хүн ч цөөрөөгүй юм. Ингээд бодохоор шахмал түлш хамгаас хортой уршигтай нь харагдаж байна. Хэрэглээнээс халах шалтгаан ч тодорхой. Улс орон оршин тогтнохын гол үндэс нь хүний амь нас, эрүүл мэндийн асуудал мөнөөс мөн.  Нэгэн үнэнийг өчих юм бол шахмал түлшний үйлдвэрлэл нь сүүлдээ чанарын хувьд муудсан гэдэг. Гэтэл хариуцсан албаныхан болохоор сайжруулаад л байгаа л гэх юм. Энэ чинь худлаа тайлбар бишүү.

Одоо энэ үгээ дахин хэлэх эрх алга шүү дээ. Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул сайжруулсан шахмал түлш агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн нэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө 


-Уг түлшний хольц болох мидлингийн хүхэрлэг хий харилцан адилгүй хадгалагддаг учир түүнийг нь бууруулахын тулд түлшний хатаалтын чанарыг сайжруулах, бат бэх байдлыг хангах зөвлөмжийг “Тавантолгой түлш” компанийнханд өгсөн гэж байна лээ. Бас сүр далайтал гэгчээр бид бүрэн асаалт авч бохирдол үүсгэдэггүй шинэ түлш хийлгээд туршиж байгаа гэж тайвшруулах санаатай юм шиг үг хэлсэн байгаа юм. Энэ мэтээр хэлсэн ярьсан нь биелэлээ олохгүй байна. Тиймээс “Одоо яах вэ?” гэсэн асуултыг холбогдох яам, газрынханд тавьмаар байгаа юм. Ёстой асуудал шийдэгдэхгүй “Хөлдүүдээ тулна” гээч боллоо гэдгийг анхааруулъя. Удахгүй хавар болж утаа аяндаа багасна гэж бодвол эндүүрэл. Харин утаа, агаарын бохирдлоос  болсон гамшиг өдрөөс өдөрт даамжирч байна гэдгийг давтан хэлье. Тэгэхлээр одоо яах вэ? Улс орны эдийн засаг хүндрэлтэй байна. Хөрөнгө мөнгө байхгүй гэдэг ч юм уу, элдэв шалтаг тоочих хэрэггүй юм. Монголд хөрөнгө мөнгө байна аа байна. Даанч хэрэгтэй юманд зарцуулахгүй, дээдчүүл нь өөрсдөө идэж уух, хулгайлан завших нь хэтрээд байгаа болохоор шалтаг битгий хэл гээд байгаа хэрэг. Юуны өмнө Улаанбаатарыг утаанаас энэ их бохирдлоос нь салгахыг л хичээ гэдгийг хэлье. Нөгөө талаар агаар бохирдуулагчдад хүлээлгэх хариуцлага гэж үнэнхүү алга. Адаглаад хэдэн цахилгаан станцынхаа утаагаа цэвэрлэх төхөөрөмж бүрэн ажилладаг эсэхийг хянадаг байгууллага ч байхгүй гэхэд хэтийдэхгүй биз.


Бодлого боловсруулах тухай ярихаар  дагуул хотууд бий болгоно л гэдэг. Сүүлийн арваад жилд хэдэн ч хот байгуулна гэж ярив даа. Хамгийн сүүлд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг түшиглэн нэг хот бий болгоно гээд байсан. Тэр тухай ярьдаг сайдаа ажлаас нь буулгаснаас болсон уу. Уг яриа алга болох янзтай. Харин саяхан Хархоринг сэргээж хоёр дахь том хот болгохоор Ерөнхийлөгч зарлиг буулгалаа. Яахав энэ зорилго нэгэн цагт биелэлээ олж Нийслэлийн зарим яам, газар, их , дээд сургууль, үйлдвэрийн газрууд тэнд нүүж очлоо гэж бодъё. Гэхдээ тэр хэзээ ч билээ. Наана нь утаа, агаарын бохирдлоос болсон өвчлөл тэр дотор зөвхөн Монголд бүртгэгдсэн хавдар үүсгэгчээс болж хэчнээн зуун хүн хохирох, үхэж үрэгдэх вэ. Үүнийг л цаг хугацааны үнэлэмжээр бодох хэрэгтэй байх. Ядахнаа нийслэлийн энтэй, том хоттой болохын өмнө Улаанбаатарын ойролцоох Төв аймаг, Налайх, Багануур дүүрэг зэрэгт томоохон үйлдвэрүүд бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэх тэнд соёл, ахуйн үйлчилгээний орчин үетэй зохицсон газруудыг бий болговол нийслэлийнхэн аяндаа очиж л таарна. Бас зарим их, дээд сургуулиудын салбарыг хөдөөд байгуулж зөвхөн тэнд нь элсэлт авах ажлыг 4-5 жилд хийвэл хотын төвлөрөл саарч түүнийг дагаад утаа, агаарын бохирдол багасгах магадлал бий.


Нэгэнт Япон шиг цэвэр агаар савлаад худалдаж чадахгүйгээс хойш нийслэлийнхнийг хөдөөд дасгах тэр мэт ажил хийх, зохион байгуулах нь хэрэгтэй болов уу. Хааяахан хөдөө явахад цэнгэг агаарыг нь залгилаад л байм санагддаг. Агаар залгилна гэж хэлж байгаа маань нэг хүн өдөрт зургаан хайрцаг тамхи татахтай тэнцдэг утаагаар амьсгалж буй хотын бидэнд олдохгүй эм тэр гэж хэлэх гэсэн юмаа.

"Зууны мэдээ" сонин 
Д.Цэрэннадмид
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.