Тайлан: Хоёр тэрбум хэрэглэгчтэй “Facebook” 2023 оныг “Ашиг орлогын жил” болгон зарлав

Олон нийтийн сүлжээний хамгийн алдартай хэрэгсэл болох “Facebook”-г өдөр бүр тогтмол хэрэглэгчдийн тоо хоёр тэрбумд хүрсэн нь дэлхийн нийт хүн амын дөрөвний нэгтэй тэнцэж байна. Өнгөрсөн жилийн тухайд хэрэглэгчдийн тоо нь түүхэндээ анх удаа буурсан, хөрөнгө оруулагчдыг сандаргасан хүндхэн жил байсан билээ. Ийнхүү дэлхийн хоёр тэрбум хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон “Facebook” аппликэйшнийг эзэмшигч Мета компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг  2023 оныг “Ашиг орлогын жил” хэмээн зарласны дараа тус компанийн хувьцаа 15 хувиар өсжээ. Тиймээс энэ удаа бид технологийн салбарын тэргүүлэх компани “Мета”-гийн 2022 оны санхүүгийн тайланг онцолж байна.

 

“Reels”-ийн ачаар залуу хэрэглэгчдээ нэмэгдүүлэв 

Мета компани “Instagram” болон “WhatsApp” гэсэн аппликэйшнийг мөн эзэмшдэг. Тус компани өнгөрсөн жил оффисынхоо зай талбайг багасгаж, 11 мянган ажилтнаа цомхотгосон нь нийт ажилтных нь 13 хувь юм. Гэсэн хэдий ч 2022 онд 23.2 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ талаар Мета компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг “2022 он биднийг их сорьсон жил байсан. Гэсэн ч бид амжилттай ажиллаж чадсан гэж дүгнэж байна. “Facebook” аппликэйшнийг өдөр бүр идэвхитэй хэрэглэгчдийн тоо хоёр тэрбумд хүрсэнд бид үнэхээр их баяртай байна. Хиймэл оюун ухаан ашигласан нээлтүүд болон “Reels”-ийг нэвтрүүлсэн нь үүнд хамгийн их нөлөөллөө. Энэ тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Бид 2023 оныг “Ашиг орлогын жил” болон зарласан. Тиймээс илүү их хичээж, уян хатан, хүчирхэг байгууллага болохын төлөө ажиллана” гэж “BBC”-д ярьжээ. Улирлын эцэст Мета компанийн нийт ажилтны тоо 86482 болсон байна.

 Түүхэндээ анх удаа буурсан Метагийн хэрэглэгчдийн тоо өмнөх жилээс дөрвөн хувиар өсжээ. Тухайлбал, Европ, АНУ, Канад улсын хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн юм. Задлан харвал “Facebook” аппликэйшнийг өдөр бүр идэвхитэй хэрэглэж байгаа хүмүүсийн тоо таван хувиар өссөн байна. Үүнд видео хийх боломжтой “Reels” гэсэн шинэ платформыг нэвтрүүлсэн нь хамгийн ихээр нөлөөлжээ. Залуучуудын дунд хамгийн алдартай “TikTok” аппликэйшнтэй төстэй тус видео бэлтгэдэг платформын ачаар залуу хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, видеогоор дамжуулан сурталчилгааны орлогоо өсгөсөн байна.

Цэвэр орлого 55 хувиар буурчээ

Мета компанийн өнгөрсөн оны цэвэр орлого 4.6 тэрбум ам.доллар байв. Үүнийг 2021 оны 10.2 тэрбум ам.доллартай харьцуулвал 55 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн улирлын байдлаар 32 тэрбум ам.долларын ашиг олсон нь өмнөх оноос дөрвөн хувиар буурчээ. Харин бүтэн жилийн нийт орлого нь 116 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оноос нэг хувиар буурав. Мөн зардал нь 22 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч гэр бүлээрээ хэрэглэдэг аппликэйшнийн идэвхитэй хэрэглэгчийн тоо гурван тэрбумд хүрсэн нь өмнөх оноос таван хувиар өссөн эерэг үр дүн гарчээ.

Метагийн VR болон AR-т төвлөрсөн хэлтэс болох “Reality Labs” өнгөрсөн жилд 4.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь хүндхэн цохилтын нэг байв. Энэ онд тус хэлтсийн алдагдал нэмэгдэнэ гэсэн таамаглал гарчээ. Тус хэлтсийн орлого 17 хувиар буурч, өнгөрсөн онд 727 сая ам.долларын орлого олсон байна. Тиймээс энэ онд “VR” чихэвчнийхээ дараагийн загварыг гаргана гэдгээ Цукерберг мэдэгдэв. Мета компанийн өнгөрсөн намар гаргасан загвар нь 1500 ам.долларын үнэтэй байсан юм.

 

Зах зээлийн үнэлгээ нь 400 тэрбум доллар

Мета компанийн зах зээлийн үнэлгээ хоёрдугаар сарын 1-ний байдлаар 400 тэрбум ам.доллар болжээ. Хөрөнгийн зах зээлийн “Wall Street” төвийн мэдээлснээр Мета компани өөрсдийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөрөө 40 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлснээ зарласнаар тус компанийн хувьцаа 20 хувиар өсжээ. Гэсэн хэдий ч COVID-19-ийн өмнөх өсөлтийн үеэсээ хувьцаа нь 50 хувиар буурсан хэвээр байна. “Wall Street”-ийн мэдээлснээр Метагийн нэг ширхэг хувьцааны ашиг 2.2 ам.доллар болжээ. Тус компани өнгөрсөн онд 4.2 тэрбум ам.долларыг бүтцийн өөрчлөлтөд зарцуулсан гэнэ. Ингэхдээ 975 сая ам.долларыг ажлаас халагдсаны тэтгэмж болон ажилтнуудын бусад асуудалд зарцуулсан байна. Мөн 1.3 тэрбум ам.долларыг дата төвийн үнэлгээнд зарцуулжээ. Метагийн Санхүүгийн хэлтсийн шинэ дарга Сузан Ли 2023 оны нэгдүгээр улирлын орлогоо 26-28.5 ам.доллар байна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ. Харин бүтэн жилийн орлогоо 89-95 ам.доллар байхаар төлөвлөсөн байна.

 "Зууны мэдээ" сонин
Б.Должижав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.