Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно

Төрийн хэргийг эрэгтэйчүүд л барих ёстой гэсэн байр сууриа уламжлалтай холбон тайлбарлах нь элбэг. Гэтэл түүхийн хуудас өөр дүр зураг харуулдаг. 1206 оноос бий болсон Их засаг хуультай холбоотой баримтуудаас үзэхэд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах, эдийн засаг, санхүүгийн боломж бололцоо харьцангуй нээлттэй байжээ. Ер нь жендэрийн эрх тэгш байдлын тал дээр монголчууд Азийн бусад оронтой харьцуулахад дэвшилтэй байсныг судлаачид онцолдог. Харин Манжийн дарангуйллын үеэс эхлээд эмэгтэй хүнийг инжээр үнэлэх, нийгмийн гарал угсаа байдлаар нь тодорхойлох зэргээр өмч, эрх мэдлийг нь боомилж ирснийг түүхийн баримтуудаас олж харж болно. Чухам, “Ямаан толгой ямбанд багтдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй” мэтийн зүйр үг тэр үеэс л дэлгэрсэн гэдэг. Харин тусгаар тогтнолоо сэргээн, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа зарлахдаа монголчууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг баталгаажуулав. Тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хуульчилсан Азийн анхны улс болсон амжилтын түүх бидэнд бий. 

Ингээд эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байх боломжийг бүрдүүлэх санал санаачилга бага багаар бэхжсээр 1992 оны Үндсэн хуультай золгосон нь бий. Дээр дурдсанчлан, эмэгтэйчүүдийн эрхийн байдалд түүхэн цаг үеүд, түүнтэй холбогдож гарч ирсэн шийдвэр зохицуулалтууд дэвшил авчирчээ. 1990 оноос өмнө  нөхөн үржихүйн эрхээ эдлэх, гэр бүл төлөвлөхтэй холбоотойгоор жирэмслэхээс хамгаалах, үр хөндүүлэх жам ёсны эрхийг чухалчилж байв. Тэгвэл өнөөдөр нийгэм, цаг үеэсээ хамаараад эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал шийдвэр гаргах түвшин дэх эрх мэдэл болж хувирлаа.  Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээс үзвэл өнгөрсөн жил Монгол Улс 146 орноос 70 дугаарт жагсаж, өмнөх оныхоос нэг байр ухарчээ. Монгол эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хувьд эрхээ эдэлж байгаа ч “улс төрийн эрх мэдэл, оролцоо” үзүүлэлтээр сүүл мушгиж, 113 дугаар байрт жагсаж байгаа юм. Тэр дунд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл сүүлийн хоёр сонгууль дараалан 17 хувь дээр гацаад байгаа нь даанч харамсалтай дүр зураг. 

ЭРХ МЭДЭЛ БОЛ ӨӨРТӨӨ ХАМААТАЙ ШИЙДВЭРТ ОРОЛЦОХ, НӨЛӨӨЛӨХ ЧАДАМЖ 

Эмэгтэйчүүд хүн амын олонх хэр нь эрх мэдлээрээ цөөхүүлээ нийгэм, соёлыг бүрдүүлж ирэв. Уг нь эрх мэдэл гэдэг ширээ сандал, зөөлөн суудал биш. Өөрийнхөө амьдралд хамаатай шийдвэрт гар бие оролцох, нөлөөлөх чадамж билээ. Үндсэндээ эрх мэдлийн тухай ойлголтын хамгийн сонгодог утга нь энэ. Гэтэл манайхан албан тушаалтай хамаатуулж явцууруулж ирсэн. Эрхийг нь хамгаалъя гэж хамгийн ихээр ярьж тунхагладаг эмэгтэйчүүд, залуус, малчдын төлөөлөл үгээ хэлэх боломж шийдвэр гаргах түвшинд үзээд буцаая гэсэн ч алга. Тэр ч бүү хэл хүйсийн төлөөлөл улам баялаг болж буйг ч анзаарч үзэхэд гэмгүй. 

Эмэгтэйчүүдэд квот олгоё гэхээр эрх мэдэлд шуналаа гэж мушгих нь бий. Гэтэл сонгогдох гэж байгаа байгууллагынхаа мөн чанарыг таних хэрэгтэй болж байна. Парламент бол хууль тогтоодог төлөөллийн байгууллага. Тэнд баталж буй баримт бичиг хүний амьдралын бүхий л харилцааг зохицуулж байгаа учраас гар бие оролцож байгаа хүмүүс дунд туулсан туршлага, ялгаатай хэрэгцээ бүгд тусгалаа олж байж тэнцвэртэй, амьдралд ойртож очих учиртай. Өөрөөр хэлбэл, олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, чамтай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл парламентад байх хэрэгтэй болж байна. Орон нутаг ч ялгаагүй. Төлөөллийг хангаж байна уу гэдэг хамгийн эхний шалгуур төдийгүй үүнээс үндэслэж зүй зохистой ажиллах эсэх нь хамаарна.

Монгол Улс сүүлийн 30 гаруй жил эрэгтэйчүүд давамгайлсан, тэдний хэрэгцээн дээр тулгуурлаж нүдээр нь харсан бодлого шийдвэрээр явж ирлээ. Үүний толь нь өнөөгийн нийгэм. 

Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан “Бид сүүлийн 30 жилд эрчүүдээр шийдвэр гаргуулж үзлээ. Нэг талын шийдвэр ухвар мөчид, оновчгүй, эргэцүүлэх зүйл ихтэйг олон жишээгээр тайлбарлаж болно. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг эдлүүлэхийн тулд төр тусгай байдлаар өргөж өгч, дэмжих хэрэгтэй болж байна. Үүний тулд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Улс төрийн намын тухай, Улс төрийн санхүүжилтийн хуульд хүйс үл хамаарч эрх тэгшээр нэгнээ төлөөлөх боломж бүрдтэл нь тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг даруй авах ёстой. Ингэж байж шийдэл рүү алхам алхмаар дөхнө” гэж ярьсан. 

КВОТ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ТААЗ БИШ ХАМГИЙН ДООД БОСГО ЮМ

Дэлхий нийтийн түвшинд эмэгтэйчүүд сонгогдох битгий хэл сонгох эрхээ олж аваад удаагүй байгаа. Тоолбол,100 гаруй жил. Тиймээс манлайлагч, дарга, шийдвэр гаргагчийг эрэгтэй дүрээр хардаг хэв маяг, соёл тогтсон. Энэ тохиолдолд квотоос өөр сонголтгүй. Үүнийг олон улсад түр тусгай арга хэмжээ гэж нэрлэж буй юм.Гэтэл эсрэгээрээ эмэгтэйчүүд хийж байгаа ажлаараа өрсөлдөөд гараад ир гэдэг. Ижил мэдлэг боловсрол, улс төрийн карьертай эмэгтэй, эрэгтэй хүн байлаа гэхэд эргэлзэхгүйгээр шууд эрэгтэйг нь дугуйлдаг хэвшмэл ойлголт, дадал, практик тогтчихсон өнөөгийн нийгэмд түр тусгай арга хэмжээ ашиглаж байж л ижил түвшинд хүрэхээс өөр хөшүүрэг алга. Үгүй гээд нийгмийн хөгжлөөрөө өөрчилье гэвэл чулуун дээр сийлсэн хэвээрээ л он цагийг туулна. Ингэж харвал квот бол анхан шатны хамгийн доод босго юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд үүнийг хамгийн дээд тааз мэтээр ойлгуулж, мушгиж ирсэн. Яахав, ихэнх тохиолдолд олон нийтийн хандлага хууль дүрэм журмаа чиглүүлж явдаг. Заримдаа олон нийтийн ойлголт, хандлагыг хуулиар, бодлогоор чирч болдог. Энэ хөшүүрэг нь квот гэсэн үг. Түүнээс квотоос өөр ямар ч сайхан зохицуулалт, мянга мянган амлалт байсан тэр бол зүгээр л зэрэглээ аж. Энэ талаар Монфемнет Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Төлөөллийг хангах механизм олон бий. Улс орнууд төрөл бүрийн арга хэрэглэж байна. Манайхтай ижил төстэй гарааныхаа эхлэл дээр байгаа улс орнууд шууд суудал хадгалах квоттой. Үндсэн хууль, Сонгуулийн хуульдаа УИХ-ын 76 гишүүний 30 хувь нь залуучууд, 50 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэх загвараар суудал хадгалж ирсэн. Тодорхой тойрогт зөвхөн эмэгтэйчүүд, залуус өрсөлдөнө гээд заагаад өгчихсөн байдаг. Зарим нь квотын төрлүүдийг ашиглаж байна. Манай улсад хамгийн наад захын нэр дэвших квотын талаар ярьж байна. Уралдъя гэхэд гарааны тэгш нөхцөл буюу хаалга нээх тухай л ярьж байгаа хэрэг. Харин ижил эрх, нөхцөл хангагдаад ирэхээр түр арга хэмжээ, квотоо болино. Тиймээс квотыг албан ёсны механизм болгож оруулахаас өөр аргагүй” гэсэн юм. 

30 ХУВИЙН КВОТ ХЭЗЭЭ Ч ХЭРЭГЖИЖ БАЙСАНГҮЙ

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн дэмжлэг 30 хувиас дээш гарч үзээгүй. Бас 30 хувийн квот тогтоосон бодлого хэзээ ч хэрэгжиж байсангүй. Юу гэвэл, яг хэрэгжихийн даваан дээр гол хоёр намын эрэгтэйчүүд үгсэн хуйвалдаад аваад хаячихдаг. Сонгуулийн хуульд зургаан сараас өмнө гар хүрэхгүй байх практик тогтсон ч эмэгтэйчүүдийн квотыг авч хаяхдаа л хоёр сарын өмнө санал нэгдчихдэг нь сонин. Улстөрчид хоёр хоногийн дотор хууль батлах эрх ашиг дээрээ хэзээ нэгдэж чаддаг вэ гэвэл тэр нь ганцхан эмэгтэйчүүдийн квот байж ирэв. Тэгвэл квот бий болгосноор зөвхөн эмэгтэйчүүд хожихгүй. Гэр бүл, эрэгтэйчүүд хожно. Яагаад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр доогуур байна вэ. Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олонх байсан хэр нь эрүүл байх эрхээ бүрдүүлж, хамгаалж чадаагүй. Эмэгтэйчүүд эрүүл мэнд, хүүхдийнхээ боловсролд илүү ойрхон байгаа учраас амьдралын чанарыг тодорхойлж байгаа бодлогууд дээр илүү хүндээ нийцсэн, бодит гарц шийдлийг олж харж байгаа хэрэг. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг бий болговол гэр бүл, нийгэм, улс орон хожно. Эрчүүдийн дундаж наслалт, эрүүл мэндийн асуудал илүү хурцаар тавигдаж, ноцтой түвшинд очсон энэ цаг үед эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллавал эсрэгээрээ сайжирна. Эрчүүд эрүүл болж илүү урт насална. “Квотгүйгээр цааш явбал үзэмжийн асуудал болж хувирна. Нам, байгууллагын үзэмжээс шалтгаална. Тэнцвэртэй төлөөллийг хангах хамгийн гол механизм нь квот. Энэ амин сүнсийг нь ярьж хуульчлахгүйгээр тэнцвэртэй төлөөллийг хангана, Үндсэн хуульд улс төр, гэр бүл, нийгмийн амьдралд эрэгтэй эмэгтэйчүүд тэгш эрхтэй оролцоно гэж тунхаг төдий байх боломжгүй. Харин ч хүн амын тал хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг 50 хувь болгох ёстой” гэж Д.Энхжаргал хэлэв. 


Орчин үеийн түүхийг харвал, 2005 онд анх удаа нэр дэвшүүлэх квотыг санаачилж 30 хувиар сонгуулийн хуульд тусгасан ч 2007 онд Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр квотын заалтыг хасав. Харин 2008 онд гурван эмэгтэй гишүүн сонгогдож, 2012 онд 20 хувийн квот хэрэгжиж  түүхэндээ анх удаа 11 эмэгтэй гишүүн болов. Улмаар 2016, 2020 онд мөн л 20 хувийн квотоор 13 эмэгтэй сонгогдов. Харин ирэх онд энэ тоо хэр өөрчлөгдөхийг улс төрийн хүсэл зориг мэдэх нь.

Мөн судлаач С.Түмэндэлгэр “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү байх уу, эсвэл сүлжээн дор нь явсаар байх уу гэдэгт шийдэл гаргах цаг үе улстөрч, манлайлагч эмэгтэйчүүдийн өмнө гарч ирлээ. Магадгүй өөрөө л нэр дэвшээд явъя гэвэл эрэгтэй манлайлагчтай сүлжээндээ дуугүйхэн явах нь хувь хүндээ ач холбогдолтой. Харин эмэгтэйчүүдийн гэгдэх нийтлэг категорийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө хүчтэй дуу хоолой гаргая гэвэл сүлжээний манлайлагчийн төлөө зүтгэх нь ач холбогдолтой” гэв. Тиймээс намын гишүүн эмэгтэйчүүд хар бор хамаг ажлыг нь амжуулдаг хэр нь эрэгтэйчүүдээс нэр дэвших эрхээ гуйгаад сууж байгаа өнөөдрийн өрөвдөлтэй дүр зургийг өөрчилж гуйлгын, үзэмжийн биш албан ёсны механизм байлгахын тулд квот шаардах эрхтэй шүү, бүсгүйчүүдээ. 

 "Зууны мэдээ" сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2023-02-06 15:25:03
    torgonii hee yarisan, huuhed bur n oor etsegtei Anujin, hormoin dontoi Undram, benz Bayarsaihan nar songood hojij baigaa n haana baina?
  • songogch 2023-02-03 02:46:48
    emegteichuud er ni parlamanetad heregtei um uu. esvel dandaa balai emegteichuud ni songogdood baidiim uu.