Газрын тосны хямрал ''Монгол''-ыг тойрсонгүй
Цар тахал, геополитикийн асуудлаас үүдсэн дэлхийн эдийн засгийн хямрал 2023 онд ч үргэлжлэх төлөвтэ байна. Үүний нэг илрэл нь нефтийн бүтээгэхүүний үнийн хэлбэлзэл бөгөөд нефть импортлогч болон экспортлогч орнуудын харилцан хориг арга хэмжээ нөхцөл байдлыг хурцдуулав.
 
2022 оны 12 дугаар сарын 5-нд Европын холбоо ОХУ-аас импортлох нефтийн бүтээгдэхүүний үнэд дээд хязгаар тогтоож, энэ нь газрын тосны зах зээл хямрах том шалтгаан болов. Ингэхдээ үнийн дээд хязгаарыг 60 ам доллар /нэг баррель/ байхаар  тогтоосон.
 
Харин ОХУ зүгээр суусангүй хариу арга хэмжээ авахаа зарлав

 
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Европын холбооноос гаргасан дээрх үнийн механизмыг хэрэгжүүлсэн худалдан авагч талд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг албан ёсоор хориглох зарлиг гаргасан. Шийдвэр 2023 оны 2 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд 7 дугаар сарын 1 хүртэл 5 сарын хугацаанд үргэлжилнэ гэж мэдэгдээд байна.

Европын холбоо ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоосноор  АНУ-аас ЕХ-нд газрын тос нийлүүлэх хэмжээ эрс нэмэгдэв.
Тодруулбал 2022 онд АНУ-аас Европ руу нийлүүлсэн газрын тосны нийлүүлэлт 2021 онтой харьцуулахад 70 орчим хувиар нэмэгдсэн талаар Чикагогийн худалдааны бирж /CME/  мэдээлсэн байна. 

Мөн ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний үнэ ЕХ-ноос тогтоосон үнийн дээд хязгаарт хүрч чадахгүй байна

ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний үнэ ЕХ-ноос тогтоосон хэмжээнээс харьцангуй бага буюу “Урал” төрлийн газрын тос Приморскийн боомтод 49.50 ам.доллар, Новороссийскийн боомтод 47.83 ам.доллароор /нэг баррель/ худалдаалагдаж байгаа аж. /2023.01.31 байдлаар/
 
Харин WTI төрлийн газрын тосны үнэ энэ долоо хоногт 76 ам.доллар /нэг баррель/ болж 4 хувь буурсан үзүүлэлттэй байна. /2023.02.03-ны байдлаар/
 

Хонгилын үзүүрт гэрэл ассан ч дахин унтрав
 
2022 оны төгсгөлд БНХАУ “Тэг ковид” бодлогоо цуцалсан нь нефтийн зах зээл дахин сэргэх горьдлого төрүүлсэн. Шинжээчид ч БНХАУ-д газрын тосны эрэлт нэмэгдэж, үнэ өснө гэж таамаглаж байв. Гэсэн ч  2023 он гарсаар нефтийн бүтээгдэхүүний эрэлт хүлээлтэд хүрч чадахгүй байгааг Bloomberg онцолжээ.
 
Монгол Улсыг ч бас хямрал тойрсонгүй
 
ОХУ-аас 100 % нефтийн бүтээгдэхүүн импортолдог манай улсын хувьд газрын тосны зах зээлийн хямра сайны дохио болсонгүй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times-д өгсөн ярилцлагадаа барууны орнуудын ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээ далайд гарцгүй манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг тодотгосон байв. Тухайлбал:
 
  1. Европоос Ази  руу Орос, Монголын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэг үйлддэг байсан агаарын тээврийн компаниудын төлдөг навигацийн хураамжийн орлого алдагдсан. Учир нь хориг арга хэмжээнээс үүдэн тэдгээр компаниуд ихэнх нь Хойд туйлын дээгүүр эсвэл Төв Ази, Туркээр дамжин нисэхээс өөр аргагүйд хүрсэн.
  2. ОХУ-аас импортолж буй шатахууны төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болсон /энэ нь шатахууны үнийн өсөлтийн шалтгаан болов/
  3. Хориг арга хэмжээний нөлөөгөөр ОХУ-аас импортолдог хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан зэргийг дурджээ.
Н.Элбэгжаргал
Эх сурвалж: Bloomberg, Reuters, Oilprice and Financial Time
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.