Дарга нарын даллагатай өдрүүд
Өнөөдөр өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр гэж байгаа. Үл зохилдох барилдлагатай, мунхрахуй шүтэн барилдлагтай өдөр хэмээн зурхайн толинд өгүүлжээ. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэж, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, тангарагаа буцаахад сайн гэж байна. Энэ бүхнийг өгүүлсний учир нь өнөөдөр Шийдлийн Засгийн газарт багталцахаар эр хүний 13 мэх, эм төрөлтний урин налархай бүхнийг уралдуулан тэмцсээр ялагч болсон азтай, найраатай 15 эрхэм дэд сайдаар тодрох учир гараг эрхсийн байрлал, зурхайн толинд тэдгээр азтануудын цаашдын,ажил үйлс, хувь заяаг хэрхэн болгоосныг л мэдүүлж байгаа хэрэг юм.
 
Ямартай ч намынхаа хашруудыг томоохон тойгдож, тохиролцоо наймааг хамгийн сайн хийж, ирээдүйд УИХ-ын сонгуульд тоосоо өргөхөөр торойн тодорсон эрхмүүд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар орж, нэг их зовлонгүй дэд сайдын сэнтийд залрах нь тодорхой болсон тул ямар ч гэсэн энэ өдөр сайдын суудлаа мялаан архи ууж, тамхи татан сэтгэл муутантай нөхөрлөж болохгүйг зурхайн толинд зурайтал нь биччихсэнийг сануулахад гэмгүй.
 
 Харин аль нэг яамны дэд сайдаар томилогдон очиж баахан бужигнуулчихаад дараа нь хэрэг бишдэж янз бүр болвол энэ өдөр эхэлсэн тангарагаа буцааж ч болно гэж зурхайн толинд бас л зурчихсан байгааг сануулахад гэмгүй. Өнөөдөр ямартай ч МАН-ын ханхүү, гүнж тэргүүтэй 40 орчим горилогчоос эцсийн байдлаар аз, од нь шовойсон долоон эрхэм дэд сайдын сэнтийд залрах нь тодорхой болсон. Тэгвэл эрх баригч АН-аас голдуу ханхүү угсаатай таван эрхэм дэд сайдаар тодрох урьдчилсан тохиролцоогоо хийчихсэн. Харин МАХН-МҮАН-ын «Шударга ёс» эвсэл нэг дэд сайдаа ИЗНН-д мөргүүлж, бас ч гэж хоосонгүй хоёр суудал эзэмших эрхтэй үлдсэн.
 
Эрх баригч АН-ыг айлгаж, тунирхаж, наймаалцаж байж тодорсон МАН-ын долоон азтаныг УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд дүүхэлзтэл толгойлж байгаа. Түүний араас Эрдэнэтийн Ганзоригийн хүү нэрээр алдаршсан ханхүү Г.Тэмүүлэн, цагтаа Кюкүшюзан Д.Батбаярын баруун гар явсан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Б.Баатарзориг, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа зэрэг 2016 оны сонгуульд тоосоо өргөх азтай, найраатай аавын хүүд ханхайтал зогсоцгоож байгаа.
 
Жендерийн асуудлыг жигтэйхэн дээдэлдэг МАН- ынхан удтал хуралдаж, толхилцсоны эцэст хоёрын зэрэг дэд сайдын суудалд торгон ухаантай энэ цагийн хатдуудаа залахаар тохиролцсон дуулдсан. Тэр ёсоор НАМЭХ-ны ерөн­хийлөгч Ц.Цогзолмаа, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нараас хоёр дэд сайд тодорно. Тэгвэл олон фракцийн тэмцэл нь байнга оволзож байдаг АН-аас Ч.Өнөрбаяр, Т.Мэндсайхан, Б.Ургамалцэцэг, Г.Байгалмаа, Ч.Куланда, Б.Мөнхболор, Б.Баттүвшин, Б.Батбилэг гээд бөөрөнд нь наалддаг дарга нарынхаа нүүрний буян, өөрсдийнх нь уйгагүй хүчин зүтгэл нь богинохон хугацаанд амьдрал ахуйг нь бондойтол шийдэх хэмжээнд хүргээд байгаа азтай, одтой эрхмүүд шоволзож байгаа.
 
Тэдний тулаан тун ч хайр найргүй, хатуу ширүүн өрнөсний эцэст өнөөдөр тав нь л ялалтын туг өргөнө. Харин хэн бэ гэдгийг одоогоор таагаад хэлэх чадвартай Арго багш, орифлеймчин Оюунгэрэл, Сарандаваа эгч байхгүй. Харин «Шударга ёс»- чууд Э.Батшугар, Б.Тулга, Ч.Чимидсүрэн Б.Цогтгэрэл гээд нэг жаахан булагнасан, тодруулж хэлбэл дэндүү «эцэг»-ийн сонголт
хийчихээд харайлгаад байгаа. Тэднээс хоёр нь л дэдийн суудалд заларч, бас бус ажил амжуулах чадвартай болно. Ингээд бодохоор улстөр гэдэг мөн ч хатуу, хайр найргүй, найзгүй талбар ажээ.
 
Дэд сайдуудын асуудал ийнхүү буцлахаас өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөртөө анхаарал тавьж амжсан. Ерөнхий маань Эдийн засгийн дэд сайд асан О.Чулуунбат, Элчин сайд Б.Дэлгэрмаа нарыг «Надад хамгийн сайн зөвлөж чадна» гэж тооцсоны үндсэн дээр зөвлөхөөрөө сонгоод байгаа. О.Чулуунбатын хувьд олон жил паламентад суусан, туршлагатай эдийн засагч гэгддэг. Б.Дэлгэрмаа зөвлөхийн хувьд Сингапурт улсаа төлөөлөн Элчин сайдын ажил хийгээд төрийн ажлаас холдоогүй байгаа. Тэд ирэх долоо хоногт ажилдаа орох бөгөөд Б.Дэлгэрмаа Ерөнхий сайдын зөвлөх болохын тулд Элчин сайдын ажлаа өгөөд байгаа.
 
Өнөөдөр 15 дэд сайд Засгийн газраар баталгаажиж ажил амьдрал, ахуй нөхцлөө сайжруулах бэлэгтэй сайн өдөр. Ер нь сүүлийн хэдэн хоног дарга нарын томилгоо хийгдсэн «дарга даллагатай өдрүүд» өнгөрч байна. Харин эрхэм дарга нар гараг эрхсийн барилдлага, зурхайн шар толийг хааяа нэг харж байвал ирэх цагийн учрал тохиол, явдал суудалд нөлөөтэй болов yу хэмээн энүүхнийг тэрлэв. Одоо цагийн дарга, сайд хэмээгч нь тэнгэрийн бошго, түмэн олны хүсэл бус, тэрүүхэн цагийн төөрөгдөл байх нь олон юм даа.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 03:55:44
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах