Үндсэн хуулийн төсөл: Гурван байр суурь

МАН, АН-ын бүлэг болон ХҮН-аас  өчигдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийв.   Намын бүлгүүд Засгийн газраас танилцуулсан Үндсэн хуулийн төслийг дэмжсэн бол ХҮН тус хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ.   Ямартай ч парламентад суудалтай намууд Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр нэгдсэн бололтой.  Талуудын байр суурийг хүргэе.


“Өөрчлөлтийг зургадугаар сарын 20-нд багтаж хийнэ”

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Бүлгийн гишүүд Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, дэмжлээ. Өнгөрсөн наймдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Засгийн газар хуулийн төслөө танилцууллаа. Төслийг бүлэг дэмжиж байгаа учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Ингээд журмын тухай хуулийн дагуу тооцоход хугацааны хувьд бид зургадугаар сарын 20-ны дотор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж тооцож байна.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдэж, араас нь сонгуулийн хуулийг шийдэх ёстой. Улс төрийн намуудад босго тавьсан асуудал энэ удаа орж ирэхгүй. Учир нь бид 2019 онд хөндөж байсан учраас энэ удаа авч үзэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг хөндсөн асуудлыг найман жилийн дотор хөндөхийг хориглосон. Тийм учраас журмын хуулийг өөрчлөхгүй.  Бүлгийн гишүүд Үндсэн хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал хэлж байгаа.  Үүнийг хэлэлцүүлэх явцад шийдээд явах боломжтой.



“Намар сонгууль болбол эрх баригчдад  л ашигтай”

АН-ын дарга Л.Гантөмөр: 

-Манай намын ҮБХ хуралдаж,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжсэн.  Гэхдээ холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулахдаа 60 хувь тойргоос 40 хувь нь жагсаалтаар сонгогдоно гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, 76 нь тойргоос юм бол жагсаалтад 60:40 гэхээр хэд болж гарч ирэх үү. Яг тэнцүү байх нь тогтворгүй байдал дуудаж магадгүй гэсэн болгоомжлол байна. Энэ саналаа бид хууль санаачлагчдад хүргүүлнэ. Холимог тогтолцоог нэвтрүүлэхгүй бол сонгууль болгоноор хууль нь өөрчлөгддөгөөс болоод парламент тогтворгүй болж байна. Үүнийг хуульдаа тусгах саналыг Засгийн газарт хүргүүлэх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, хүний эрхийн чиглэлээр тодорхой саналыг гаргаж байна. Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой саналыг мөн гаргана.  Үндсэн хуулиа өөрчлөөд  намар есдүгээр сард сонгууль явуулна гэсэн яриа гарсан. АН хоёр жил бужигналаа. Гишүүд тойрог дээрээ бэлтгэгдээгүй, очиж ажиллаагүй, уулзалт хийгээгүй байна. Энэ үед намар сонгууль болбол эрх баригчдад ашигтай гэх болгоомжлол байна. 


“Парламентын гишүүдийн тоо 152 байх нь зүйтэй”

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бид хоёр жил ярьж байна. ХҮН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг манай нам 100 хувь дэмжиж байна. Бидний зүгээс тус өөрчлөлтөд тусгах саналаа албан ёсоор хүргүүлсэн. Энэ долоо хоногт багтааж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаа эхлүүлэхгүй бол цаг хүрэлцэхгүй нь. Энэ том суурь өөрчлөлтийг монголчууд хийх ёстой.   Бодлого ярьдаг улстөрчдийн парламент 30 жил байхгүй байсны шалтгаан нь мажоритар тогтолцоо юм. Өөрсдийн тойргоо усалж, би л гарч байвал болоо гэсэн 30 жилийн өрсөлдөөний үр дүнд Монгол Улс нийтээрээ ялагдсан. Монголчууд нийтээрээ өөрчлөлтийг хүсэж байгаа.  Монгол Улсын эдийн засаг 30 жилийн хугацаанд 14 дахин өссөн бол төсөв, төрийн зардал 55 дахин нэмэгдсэн. Залуучуудад боломж олгож, ардчилсан улс байя гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай хэлэлцэх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох тухайд санал нэгдэж байгаа. Энэ бол бид нарын ярьж байгаа тоо биш. Судлаачдын гаргаж ирсэн тоо юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй, хулгай хийдэггүй, хөгжлийн бодлого ярьдаг парламентын гишүүдийн тоо 152 байх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байгаа.


 “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.