Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өнгөрсөн Баасан гарагт /2023.05.12/ шилдгүүдээ тодрууллаа.

Банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй  оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад энэ сарын 9-12-нд нийт 2 ангилалд болж, төрийн болон хувийн хэвшлийн 10 их дээд сургуулийн 10 багийн нийт 50 оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. 

Жилээс жилд оролцогчдын тоо, чансаа нэмэгдэж, оюутнуудын хүлээлт, идэвх дүүрэн оролцдог болсонтой холбоотой олимпиадын шагналын санг энэ жилээс нэмэгдүүлээд буй. 

Энэ жилийн хувьд олимпиад банкны менежмент, зээлийн шинжилгээ, өгөгдлийн шинжилгээ, банкны нягтлан бодох бүртгэлийн цогц бодлого, эрсдэлийн менежмент, банкны тухай хуулийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан М.Номин-Эрдэнэ, дэд байрт МУИС-ийн 4-р дамжааны оюутан Т.Пол, гуравдугаар байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан Г.Даваадулам шалгарлаа. Харин СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Баяртогтох, МУИС-ийн 4-р дамжааны оюутан Э.Түвшинзаяа нар 4, 5-р байрын эзэд болсон юм. 

Ялагчид буюу эхний 5 байрт шалгарсан оюутнуудад батламж, мөнгөн шагналаас гадна ХААН Банканд ажиллахыг урьж байгаа билээ.

Харин багийн төрөлд МУИС-ийн “V” баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 2 сая төгрөгийн эзэд болсон бол СЭЗИС-ийн “Венчур” баг дэд байрт шалгарч өргөмжлөл, 1,5 сая төгрөг хүртлээ. Ганцаарчилсан болон багийн нийт дүнгээр МУИС тэргүүлж, цом хүртсэн юм.

Олимпиад зохион байгуулах комисст өмнөх жилүүдийн банкны олимпиадад шалгарч ХААН Банкны газарт хэлтсүүдэд ажиллаж буй шилдэг залуус оролцсон бөгөөд ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн шилдгүүдийг шалгарууллаа.









Хамтдаа мэдлэгээ өсгөе – ХААН Банк

 
Бусдад түгээх
  • gplus