Пак Сын Ү: Монгол оюутнууд мэдээлэл, технологийн чиглэлээр суралцвал сайн
Oюymaн залуустаа зориулж "Гадаадад тэтгэлгээр сурах боломжууд" цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаад БНСУ-д Засгийн газрын тэтгэлгээр сурах боломжийн талаар тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консул Пак Сын Ү-тэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд Солонгост суралцаж байгаа монгол оюутнуудын тоо нэлээд өсч байгаа. Ялангуяа тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнууд цөөнгүй байдаг. Тиймээс тэтгэлгээр суралцаж байгаа монгол оюутнуудын тоог нэмэх үү гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах оюутныг жил бүр сонгон шалгаруулдаг. Монгол Улсын хувьд бусад хөгжиж буй орнуудаас илүү олон тооны оюутныг уг хөтөлбөрт хамруулж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бакалаврын зэрэгт таван оюутан, магистр, докторын зэрэгт 13 оюутанг сонгон шалгаруулсан. Сүүлийн жилүүдэд тэтгэлгээр суралцах монгол оюутны тоо нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Ер нь энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. 1991-2013 онд Солонгосын их, дээд сургуулиуд нийт 106 монгол оюутанд тэргүүлэх салбар болон шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах боломжийг олгосон. Харин манай улсад сурч байгаа болон сурах сонирхолтой монгол оюутнууд ихэвчлэн хүмүүнлэг, нийгмийн салбарыг сонгон суралцдаг.

-Ер нь танай улсад хэдэн орны хэчнээн оюутан суралцдаг вэ. Гадаад оюутнуудыг ямар шаардлага, шалгуураар сонгон шалгаруулдаг вэ?

-БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах тохиолдолд Боловсролын яамны харьяа олон улсын боловсролыг Дэмжих үндэсний хүрээлэнгээс гаргaсан сонгон шалгаруулах журмыг үндэслэн Элчин сайдын яамаар дамжуулж сонгон шалгаруулалтыг зарлан явуулж байгаа. Түүнчлэн гадаадын оюутныг татах сонирхолтой их, дээд сургуулиуд тухайн улсад зохион байгуулагддаг боловсролын үзэсгэлэн яармагт оролцон оюутан элсүүлдэг. Одоогийн байдлаар дэлхийн бүхий л улс орны оюутан залуус Солонгост суралцаж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын байдлаар Солонгост нийт 86 мянга 878 гадаад оюутан суралцаж байгаа гэсэн тоо гарсан. Үүний 3797 нь монгол оюутан байна.

-Их, дээд сургуулиудын нэг жилийнх нь сургалтын төлбөр дунджаар хэдэн төгрөг байдаг вэ. Гадаад, дотоодын оюутны сургалтын төлбөр хоорондоо ялгаатай юу?

-Гадаадын болон солонгос оюутны сургалтын төлбөрийн хэмжээ адилхан. Харин тухайн их дээд сургуулиас хамааран сургалтын төлбөр харилцан ялгаатай хэдий ч нэг жилийн төлбөр дунджаар 5-11 мянган ам.доллар байдаг.

-Гадаадын оюутнуудад хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж нь ямар байдаг вэ?

-Тухайн сургуулиас гадаад оюутанд цагийн ажлыг зуучилж өгснөөр тухайн оюутан ажлын мөр хөөж сургуулиас хөндийрч завсардахгүй байх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа.

-Оюутан залуучуудын хамгийн их сонирхдог зүйлийн нэг нь тэтгэлгээр суралцах. Солонгосын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцъя гэвэл ямар шаардлага хангах ёстой вэ?

-Тухайн сургуулиас шаардаж буй кредит оноо, шаардлага шалгуурыг хангасан тохиолдолд тэтгэлэг aвах боломжтой. Мөн ихэнх их, дээд сургуулиуд гадаад оюутныг татахын тулд төрөл бүрийн тэтгэлэг зарласан байдаг.

-Боловсролын тогтолцоо нь манай улстай харьцуулахад ямар вэ. Элсэлт, төгсөлт нь хэдийд явагддаг юм бол?

-Боловсролын тогтолцооны хувьд бага сургууль зургаан жил, дунд сургууль гурван жил, ахлах сургууль гурван жил, их сургууль дөрвөн жил гэсэн үндсэн тогтолцоотой. Бага, дунд, ахлах сургуулийн зуны амралт жил бүрийн долдугаар сард эхлээд найм дугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Их, дээд сургуулийн зуны амралт зургадугаар сарын дунд үеэс наймдугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Хичээлийн шинэ жил гуравдугаар сард эхлээд жил бүрийн хоёрдугаар сарын сүүлээр дуусдаг.

-Тэгвэл 2014-2015 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлэг хэзээ эхлэх вэ. Хэдэн оюутан тэтгэлэгт хамрагдах боломжтой бол?

-2014-2015 оны хичээлийн жилд Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэргээр сурах оюутныг ирэх есдүгээр сараас, магистр, докторт сурах оюутныг 2015 оны гуравдугаар сараас эхлэн сонгон шалгаруулна. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Боловсролын яамны харьяа олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн цахим хуудас болон БНСУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайдын яамны цахим хуудаснаас авах боломжтой. Тэтгэлгээр сурах оюутны тоог цаанаас гаргаж өгдөг. Одоогийн байдлаар хэдэн оюутан тэтгэлэгт хамрах тухай мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн жил ирэх бүр тэтгэлгээр сурах оюутны тоо нэмэгдэж байгаа.

-БНСУ-д сурах хүсэлтэй оюутануудад та ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Солонгос орныг эдийн засгийн хөгжлийн чухал загвараа болгодог Монгол Улсын хувьд Солонгос улсад боловсрол эзэмших явдал нь цаашид дэвшилтэт техник, технологи, даяаршилтай хөл нийлүүлэн алхах чадварлаг боловсон хүчний нөөцийг бэлтгэн гаргах үүднээс зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Монгол оюутнууд хүмүүнлэг, нийгмийн салбарт төвлөрөх байдал ажиглагдаж байгаа учраас цаашид Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө мэдээлэл, холбоо, технологи (ICT) зэрэг салбарт дээд шатны боловсон хүчин бэлтгэх нь нэн чухал. Иймд цаашид инженер, технологийн салбарын мэргэжилтэн ихээхэн шаардлагатай гэж бодож байна.

Э.Орхон
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.