Монголын ондоошил ба эх хэлний дархлаа

Монголын радиогоор өдөр бүр “Хил, хэл, мал гуравтайгаа байхад хэн баян бэ. Монгол баян” гэсэн танил хоолой эгшиглэдэг байсан цаг саяхан.  Үнэхээр Монгол Улсын тусгаар тогтнол, ондоошил нь хэл соёл билээ. Тиймээс ч “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Өв соёл” буландаа үндэсний цөөнхүүдийн хэлний өнөөгийн байдлын тухай болоод мартагдаж буй хэл соёлоо хэрхэн хамгаалж үлдэх тухай цувралаар хөндөж байна. Харин энэ удаагийн дугаартаа бид монгол хэлээ сурахын ач холбогдол гадаад хэлийг хэдэн настайдаа сурч эхэлбэл зохистой тухай албаны хүмүүсийн байр суурийг хүргэхээр бэлтгэлээ.

 

“Эх хэлээрээ бүтэн ярьж сурсны дараа хоёр дахь хэлийг заах нь зөв систем”

Энэ цаг үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж эхлээд байна. Салбарын сайд Л.Энх-Амгалан  "Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас Англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаарх асуудал нийгэмд хүчтэй өрнөж байна.  Мэдээж хос хэлтэй байна гэдэг өнөөгийн нийгэмд том давуу тал. Жишээлбэл, өөрт хэрэгтэй хамгийн сүүлийн үеийн ном зохиол, судалгаа шинжилгээний ажлыг гадны цахим сүлжээнээс уншихаас эхлээд олон боломжийг нээж өгдөг. Монголчууд бид дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц онцлог, хэл соёл, зан заншилтай ард түмэн. Үүгээрээ дэлхийн 200 гаруй улс, үндэстнээс ялгардаг. Гэвч монгол хүн гэж хэн бэ. Монгол цустай, царай төрхтэй л бол монгол хүн гэж хэлэх үү. Харагдах байдлаараа тийм байж болох ч даяаршиж буй энэ ертөнцөд бид зөвхөн хэл соёлоороо л ялгарах учиртай. Энэ тухай Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуулийн ахмад багш Л.Өлзийбаяр “Би 40 гаруй жил монгол хэл, уран зохиолын багш хийсэн. Энэ хугацаанд монгол хэлний баялаг түүх, хөгжлийн тухай хэд хэдэн судалгааны ажил хийсэн байдаг. Өнөөдөр англи хэлийг дэлхийн тэргүүлэх хэл гэж зарлах боллоо. Үүнтэй холбоотойгоор бага ангийн хүүхдүүдэд англи хэл заах тухай яриа чих дэлсэх болсон. Өнөөдөр монгол хүүхдүүд зургаан настайдаа сургуульд орж байна. Өмнө нь наймтайдаа нэгдүгээр ангид элсдэг байсан.

Үнэндээ зургаан нас гэдэг дэндүү балчир шүү дээ. Дөнгөж хэл яриа нь зүгширч эхлэх үе. Хүүхдүүд нэгдүгээр ангидаа зөвхөн үсэг нүдэлж, зөв дуудах дадалтай л төгсдөг. Харин 2-3 дугаар ангидаа өгүүлбэрийн дэс дараалалтай болж, зөв бичих дүрмийн зах зухаас л сурна. Ингээд дөрөвдүгээр ангид орсноор монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичих мэдлэгтэй болж төгсдөг. Гэтэл дөнгөж эх хэлнийхээ үнэ цэн, сайхныг мэдэрч, төрөлх хэлээрээ зөв ярьж сурах эхлэл нь тавигдаж байх энэ үед дахиад англи хэл зааж эхлэх нь тохиромжгүй. Хүүхдэд эхлээд төрөлх хэлнийхээ суурийг сайн тавьж, эх хэлээрээ бүтэн ярьж, ойлгож, бичиж сурсны дараа хоёрдогч хэлийг заах нь зөв систем санагдах юм. Мэдээж англи хэл сурах нь зөв. Гэхдээ хэдэн наснаас нь зааж эхлэх вэ гэдэг их чухал асуудал” гэв.    

 

10 наснаас гадаад хэл сурах нь тохиромжтой

Аливаа улс орны оршин тогтнох гол үндэс нь эх хэлний дархлаа билээ. Бид монгол хэлээрээ зөв ярьж, ойлголцож байж дэлхийн долоон тэрбум хүнээс ялгарч, ондоошиж чадах юм. Гэтэл өнөөдөр бидний ирээдүй болсон бяцхан багачууд багаасаа монгол хэлээ англи хэлтэй хольж ярих үзэгдэл түгээмэл болсон. Хэдийгээр энэ нь зарим эцэг эхчүүдэд давуу тал мэт харагдах боловч бид эх орныхоо өмнө ирээдүйн зөв монгол хүнийг бэлтгэх үүрэг хүлээсэн. Тэгвэл англи хэлийг гуравдугаар ангиас нь эхэлж заах нь зөв үү гэсэн асуулт гарч ирнэ. Энэ тухай  МУИС-ийн англи хэлний багш, дэд профессор С.Соёлжин "Олон улсад бол 10 наснаас эхэлж гадаад хэл заахыг эрдэмтэд нь судалчихсан байдаг. Энэ нь ч үр дүнгээ өгдөг юм билээ. Гэтэл манай цахим орчноор нэгдүгээр ангиас нь эхэлж англи хэл заана гэсэн мэдээлэл цацагдсан. Багш хүний хувьд би эсэргүүцэж байна. Мөн сайдын хэлсэн гуравдугаар анги гэдэг ч үнэндээ хол сонсогдсон. Дөнгөж монгол хэлээ үзэж буй хүүхдүүд дахиад хэл сурна гэдэг хэцүү. Тиймээс олон улсын стандартыг баримталж, сайн туршлагаас хэрэгжүүлбэл үр дүнгээ өгөх байх” гэсэн юм. Үнэхээр дэлхий даяаршиж буй энэ үед гадаад хэл сурах нь зүй ёсны асуудал. Гэвч англи хэлийг хэтэрхий багаас нь зааснаар монгол хэлний дархлаа сулрах вий гэсэн эмзэглэл байна. Энэ тухай Ардын уран зохиолч Т.Галсан “Эх хэлээ алдсан үндэстнээс зөвхөн Еврейчүүд сэргээж чадсан байдаг. Хятад улс гэхэд эх хэлэндээ харь үг нэгийг ч оруулдаггүй. Зөвхөн утгачилж, галиглаж хэрэглэдэг. Энэ орны хүчирхэг байгаагийн нэг нууц нь эх хэл нь халдашгүй дархан байгаатай холбож тайлбарладаг. Өнөөдөр манай сурагчид монгол үгээ мэддэггүй. Багш нар нь тайлбарлаад өгөх, хэлнийхээ сэтгэл зүй талын боловсрол байхгүй. Хичээлийн ном нь сурах биш урах бичиг болчихоод байна. Монгол хүн бүхэн эхлээд төрөлх хэлээ төгс эзэмших учиртай. Гэтэл өнөөдөр хүүхэд залуус маань эх хэлээрээ зөв бичиж чадахгүй байгаа нь тун харамсалтай. Эхлээд эх хэлээ сургачихаад дараа нь гадаад хэл заах нь л зөв болов уу” гэв. 

 

Эх хэлний суурь сайтай хүүхэд хоёр дахь хэлийг сайн сурдаг

Хэл шинжлэлийн ухааны доктор Б.Ариунсанаа “2050 он гэхэд дэлхий дээрх бүх хэлний 50 хувь нь устаж үгүй болно гэсэн судалгаа бий. Эдгээр хэлний дотор манай буриад хэл багтсан байдаг. Буриадууд эх хэлээ хайрлан хамгаалж, авч үлдэхийн тулд олон хөдөлгөөн зохион байгуулдаг. Ямар ч үндэстний оршин тогтнох гол дархлаа нь хэл соёл. Тиймээс монгол хэл байгаа цагт Монгол Улс оршин тогтносоор байх болно. Тиймээс манай боловсролын салбар өнөөдөр англи хэл заана, заахгүй гэж маргахаасаа өмнө монгол хэлнийхээ дархлааг хэрхэн авч үлдэх вэ гэдгийг ярилцах, шийдэлд хүрэх цаг нь ирсэн. Мэдээж англи хэл заах нь зөв. Гэхдээ олон улсын судалгаанаас харахад эх хэлний суурь сайтай хүүхэд хоёр дахь хэлийг сайн сурдаг гэсэн үр дүн гарсан нь бий. Тэгвэл суурь боловсрол гэдэг чинь 1-5 дугаар анги шүү дээ. Энэ насанд хүүхдүүд зөвхөн монгол хэлээ үзэж, судлах нь чухал юм. Харин дунд ангиас нь дараагийн хэл сурахыг нь эрчимжүүлбэл үр дүнтэй болов уу” гэв. Гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд өнөөдөр зан заншил, хэл соёлоороо ондоошиж байж цаашдаа оршин тогтнож, хөгжин дэвших болно гэдгийг уулзсан эх сурвалж бүр ярьж байв. Үнэхээр монгол хүн болж төрсөн бол эхлээд эх хэлээрээ ярьж, алдаагүй бичдэг байж л бид дэлхийд эх орныхоо нэрийг төрөлх хэлээрээ тамгалж үлдээх боломжтой юм.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ


“JET” англи хэлний сургалтын төвийн захирал Ц.Алтансор:12 наснаас өмнө хэл сурах суурийг тавих хэрэгтэй

-Англи хэлийг Монголын хөрсөн дээр буулгаад үзвэл долоогоос дээш насанд сурвал илүү үр дүнтэй. Хүүхэд монгол хэлээрээ зөв яриад бичээд сурчихвал хоёр дахь хэлээ сайн сурах боломжтой. Харин хүүхдүүд 12 нас хүрээд ирэхээр хэт бие барих, ичих, суралцах явцын сандрал, эмээлт бий болдог. Тиймээс энэ наснаас өмнө л суурийг нь тавьчихвал болно. Тиймээс бид хүүхдийн буюу 7-12 насны, өсвөр үе буюу 13-18 насных, насанд хүрэгчдийн анги нь 18-аас дээш насных гэж ангилж англи хэлийг заадаг. Өсвөр насныхан насанд хүрсэн хүмүүстэй хамт суралцахаар сурах арга барил, сургалтын агуулга нь зөрчилдөх тул хичээлийн явц, хурд харилцан адилгүй болдог. Залуус англи хэлийг сонсоод яриад хурдан сурч байхад насанд хүрэгчид маань удаан, уламжлалт арга барилыг ашиглаж суралцах тал бий.

 

Шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян: Дэлхий дээрх бидний хамгийн том ялгарал нь хэл соёл

-Монгол хэл мөхчих вий гэж айх хэрэггүй. Нэгдүгээрт, тухайн хэлээр ярьж байгаа хэрэглэгчийн тоо чухал. Хоёрдугаарт, мэдээлэл технологийн хөгжил нөлөөлж байна. Мөн тухайн үндэстний хэлний бодлого чухал байр суурь үзүүлдэг. Төр засгаас монгол хэлээ хайрлаж хамгаалахад ихээхэн анхаарч байна. Хэлний бодлого сул байх тусам хэл мөхөх нь ойр. Мөн хувь хүн хэл соёлоо хамгаалах хүчин чармайлттай байх хэрэгтэй. Монгол хүн монгол хэлээрээ ярьж байгаа цагт манай улс оршин тогтносоор байх болно. Өнөөдөр дэлхий дээрх бидний хамгийн том ялгарал нь хэл соёл.  Хэл бол хүн төрөлхтнийг бусад амьд амьтнаас ялгаруулах хамгийн хүчирхэг зэвсэг юм.

 

 “Зууны мэдээ” сонин
Ч.Гантулга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-06-07 12:10:06
    Енербаян хэлний бодлого ярих болсон уу, ккк, зайлуул