
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй зарж, борлуулах болсноо өчигдөр мэдээллээ. Энэ сарын 3-14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг байршил дээр нь худалдан авагчдад танилцуулах ажлыг зохион байгуулж буй.
Өнгөрсөн оноос тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжиж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Хэдийгээр эргэн төлөлт сайн байгаа ч хураан авсан эд хөрөнгийг бэлэн мөнгөөр борлуулах ажлыг түргэвчлэх зайлшгүй шаардлага тулгарсныг Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн хэллээ. Тиймээс тус банкнаас чанаргүй, эрсдэлтэй болсон зээлдэгчдээс хураан авсан үл хөдлөх хөрөнгийг нь худалдан борлуулах ажлыг нээлттэйгээр хийхээр төлөвлөсөн байна.
Нийтэд худалдаалах үл хөдлөх хөрөнгө тус банкны өмчлөлд бүрэн шилжсэн байгаа бөгөөд эхний ээлжинд бүрэн ашиглалтад орсон болон одоогоор бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгүүд багтжээ. Түүнээс гадна худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн суурь үнэлгээг тогтоохдоо зээлийн эргэн төлөлтийн дүн болоод зарагдах хүртэлх хугацаанд гарах зардлыг шингээж өгсөн тухайгаа С.Мөрөн захирал ярилаа. Үүний тулд цахим хуудастаа нээлттэйгээр байршуулсан худалдан борлуулах эд хөрөнгөд энэ сарын 15-20-ны 14:00 цаг хүртэл сонирхогч талуудаас худалдаж авах санал хүлээж авахаар болжээ. Үүний дараагаар цахимд ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах юм байна. Ингэхдээ цахим тэмдэглэгдсэн эрэмбээр хуваарилалтыг хийх аж.
Мөн эхний ээлжинд 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 18 үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд борлуулах юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч тал бэлэн мөнгөөр авахаас гадна арилжааны банкны зээлээр авч болох юм байна.
*Худалдан борлуулах үнийг 3 сар тутам шинэчлэн тогтооно.
“Зууны мэдээ” сонин
Д.Оюунчимэг