НҮБ: Дүрвэгсдийн тоо дээд хэмжээнд хүрлээ

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагаас дэлхий даяар орон гэрээ орхихоос аргагүй байдалд орсон иргэдийн тоо түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрснийг өнгөрсөн лхагва гаригт  “Global Trends 2022”  тайланг зарлах үеэрээ мэдэгдлээ. Дэлхийн хүн ам найман тэрбум боловч тэдний 110 сая орчим нь олон улсад өрнөөд буй зөрчил мөргөлдөөний улмаас гэрээ орхиход хүрчээ. Швейцарийн Женевт төвтэй тус байгууллагын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Дүрвэгсдийн тоо дээд хэмжээнд хүрсэн нь дэлхий дахины хувьд "яллах дүгнэлт” болж байна” гэж онцолсон байна.

 

11 САЯ УКРАИНУУД ЭХ ОРНОО ОРХИЖЭЭ

Дэлхий  дахинаа үүсээд байгаа энх тайванч бус хямралт сөргөлдөөний хамгийн том хохирогчид нь энгийн иргэд байсаар байна. Сири, Афганистан, Украин гээд олон газарт өрнөж буй эдгээр зөрчил мөргөлдөөний улмаас эдгээр орнуудаас эгэл жирийн иргэд хамгийн ихээр дүрвэж буй юм. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг өөрөөс үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас төрөлх хот тосгоноо орхин явж буй иргэдийн тоо дэлхий даяар19 саяар нэмэгджээ. Украины мөргөлдөөн гэхэд Дэлхийн II дайнаас хойш хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүнийг дүрвэхэд хүргэсэн шалтгаан гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн “Global Trends 2022”  тайланд дурджээ. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард эхэлсэн энэхүү мөргөлдөөний улмаас одоогоор Украины 11 сая иргэн өөр улсад дүрвээд байгаа юм. Хамгийн сүүлд Суданы дайны улмаас энэ оны дөрөвдүгээр сараас хойш хоёр сая орчим хүн эх орноо орхижээ.

 

ТУРК УЛС ХАМГИЙН ОЛОН ДҮРВЭГСДИЙГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Дүрвэгсдийн дийлэнх нь дотооддоо шинэ газар орон олж суурьшихаар хайдаг  бол гуравны нэг буюу 35 сая нь бусад улс руу дүрвэн гарчээ. Эх орноо орхин явж буй тэдгээр хүний олонхийг чинээлэг гэгддэг Европ, Хойд Америкийн улс орнууд бус харин Ази, Африкийн бага, дунд орлоготой орнууд хүлээн авч байна гэж дээд комиссар Ф.Гранди хэлсэн байна.

Тэрбээр “2022 онд дэлхийн 35 сая дүрвэгсдийн 70 хувь нь бага, дунд орлоготой орнуудад амьдарч байгаа”гэсэн статистик тоо баримтыг онцолсон юм. "Бүх дүрвэгсэд чинээлэг орнууд руу явдаг гэсэн ойлголт байдаг. Үнэндээ энэ нь эсрэгээрээ” гэж тэрбээр хэлэв.

Тухайлбал, Турк улс хамгийн олон хүн буюу 3.8 сая гаруй дүрвэгчийг хүлээн аваад байгаагийн дийлэнх нь иргэний дайнаас дүрвэсэн сирийн иргэд байна. Харин Иран улс хөрш Афганистанд болж буй дайнаас дүрвэсэн 3.4 сая дүрвэгчийг хүлээн авсан нь хоёрдугаарт бичигджээ.

 

ДҮРВЭГСДИЙГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГА ТӨСВИЙН ХОМСДОЛД ОРЖЭЭ

2023 онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс өмнө байгаагүй төсвийн хомсдолд орсныг дээд комиссар Филиппо Гранди мэдэгдлээ.

Дүрвэгсдийн тоо ихээр нэмэгдэж байгаа учир тус байгууллагын төсөв хүрэлцэхгүй болсон нь хамгийн гол эрсдэл болоод байгааг тэрбээр онцолсон байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд НҮБ-ын Дүрвэгсдийн комисс жилд дунджаар 35 онцгой байдал зарласан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өсөлт болжээ. “Бид өмнөх жилүүдээс илүү их тэмцэж байна. Украин дахь асуудал, COVID-ийн хүндрэл, эдийн засгийн дарамт, инфляци зэрэг нь эдийн засгийн томоохон дарамт бий болгож байна” хэмээн ноён Филиппо Гранди сэтгүүлчдэд ярьжээ.

 

ДҮРВЭГСДИЙН ЗАВЬ ОСОЛДОЖ, 79 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Эх орон, газар нутгаа орхин явж байгаа дүрвэгсдийн зам тийм ч дардан байдаггүй.

Аливаа улс руу шууд хүссэн үедээ очих боломжгүй учир нууцаар хил давах, хууль бус бүлэглэлүүдийн гарт орох, гэмт хэргийн золиос болох, амь насаа алдах ч эрсдлийг туулдаг. Дөнгөж хоёр хоногийн өмнө Грекийн далайн эргийн ойролцоо Европыг чиглэж явсан онгоц осолдож, 79 хүн амь насаа алдсан бөгөөд түүнээс ч олон хүн сураггүй алга болжээ. Дээрх харамсалтай үйл явдал энэ жилд тохиолдсон хамгийн том гамшигт үйл явдал болсныг Грекийн албаныхан мэдээлсэн юм. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн үйл явдал тохиолдсоор байгаа нь дэлхий дахины анхаарал хандуулах хамгийн гол асуудлуудын нэг болоод байна.

Грекийн далайн эргийн Каламата хотын захирагч Йоаннис Зафиропоулос хэлэхдээ “Амь нас нь аврагдсан хүмүүсийн өгсөн мэдээллээс үзэхэд усан онгоцон дээр 700 гаруй хүн байжээ. Харамсалтай нь тэдний дөнгөж 104-ийг л аварч чадсан” гэсэн байна. Завь живсэн Газар дундын тэнгисийн ойролцоох хэсэгтдалайн гүн 5200 метрт хүрдэг тухай албаныхан мэдээлжээ.

Дээрх жишээ бол дэлхий дахинд болж буй үл ойлголцол, зөрчил мөргөлдөөний улмаас энгийн иргэд хамгийн ихээр хохирдогийг харуулсан ганцхан жишээ юм. Харамсалтай нь өдөр бүр хэдэн сая хүн амь нас, амьдралаа дэнчин тавин илүү дээр амьдралын нөхцөл, гэрэлт ирээдүйн төлөө  төрж өссөн эх орноо орхин бэдэрсээр явна.

Ганцхан жилийн дотор 20 шахам сая буюу 20 гаруй хувиар нэмэгдсэн дүрвэгсдийн асуудал зүгээр сонсоод, дурдаад өнгөрөх тоо биш болсныг ч Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагаас анхааруулж, улс орны удирдагч нарыг энх тайванд уриалсаар байна.

“Зууны мэдээ” сонин
Б.Нямсүрэн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MNT NEWS 2023-06-17 09:36:14
    Миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан HEALTH CARE Энэтхэгтэй холбоо барина уу Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258