Хүүхдүүдийг болзошгүй аюулд өртөхөөс хамгаална
Ерөнхий боловсролын  сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт маргаашнаас эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийгдэж байгаа талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.

-Сурагчдын амралт эхлэх гэж байна. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Улаанбаатар хотын цагдаагийн газраас хүүхдийн амралт эхэлж буйтай холбогдуулан хүүхдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, болзошгүй аюул ослоос сэрэмжлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн санамж, сэрэмжлүүлэг, яриа, таниулага хийж байгаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол иргэд олон нийтэд хүргэж байна.

-Эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүд рүү чиглэсэн ажил зохион байгуулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, холбогдох албадтай хамтран нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд “Тэнэмэл” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар  тэнэмэл, эцэг, эхийн хараа хяналтгүй явсан   51 хүүхдийг саатуулах байранд байрлуулж, есөн хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчид нь, гурван хүүхдийг асрамжийн газарт хүлээлгэн өглөө. Эцэг эхээс төөрсөн хүүхдүүд ч байна. Хүүхдүүдийг болзошгүй аюул осол, гэмт халдлагад өртөх, холбогдох, осгож, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа юм.

-Ер нь нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар гэмт хэргийн гаралт ямар байгаа бол. Өнгөрсөн онтой харьцуулбал?

-Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 11-р сарын байдлаар 15514 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гэмт хэргийн зонхилох хувийг авто осол, хулгай, танхайн хэргүүд эзэлсэн. Яг одоо нийслэлд шинэ жилийн баярын уур амьсгал ороод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодох, танхайрах хэргүүд их  гарч байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөөрөө хохирсон тохиолдол эрс нэмэгдсэн. Мөн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гудамжинд осгож, хөлдөж, бие эрхтэнээ хөлдөөх, цаашлаад осгож амь насаараа хохирсон хэд хэдэн тохиолдол гарсан.

-Осгож нас барах тохиолдол арванхоёрдугаар сард их гардаг гэсэн. Өнгөрсөн онд хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Өнгөрсөн жилийн арван­хоёр­дугаар сард  хөлдөж амь насаа алдсан есөн тохиолдол бүртгэгдсэн. Ер нь осгож нас барсан иргэдийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Архины хэрэглээг багасгах, зөв зохистой хэрэглээг эрхэмлэх нь таны эрүүл мэнд, амь насыг болзошгүй аюул ослоос сэргийлнэ гэдгийг анхаарах шаардагатай байна. Түүнчлэн халтирч унаснаас амь насаа алдсан тохиолдол нэг бүртгэгдээд байна. Тиймээс иргэд халтиргаа гулгаатай газар анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.

-Шинэ жилийн баяр, он солигдох мөч ойртож байна. Иргэдэд сэрэмжлүүлэхэд?

-Замын хөдөлгөөны дүрэм журмаа биелүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  энэ нь явган зорчигч танд бас хамаатай гэдгийг анхааруулья. Мөн гэр бүл, халуун ам бүлээрээ шинэ жилийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлээрэй.  
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-19 04:10:22
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах