Л.Энх-Амгалан: Засгийн газар “Цагаан суваргын 34 хувийг 350 сая доллараар төрд авъя” гээд төсөл санаачилна гэдэг их буруу жишиг

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь өмнөх дугаарт

Ж.Батсуурь:

-Түрүүн би асуухдаа тодорхой санаагаа илэрхийлсэн. Ер нь бол төсвийн мөнгөнөөс ч бай, улсын өр зээлийг нэмэгдүүлж, хувийг нь мөнгөөр худалдаж авдаг зарчмыг халмаар байна. Энэ яах вэ стратегийн ордод хамаарсан боловч бас ч тийм том орд нэгдүгээрт биш. Хоёрдугаарт, байршлын хувьд маш их төвөгтэй, их хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн их хэмжээний зардал гарч байгаа. Тийм учраас энэ үнэ маань зах зээл дээр ямар байгаа ч билээ тодорхой хэмжээний эрсдэл өндөртэй гэж ойлгогдож байгаа. Тийм учраас компани нь өөрөө олон улсын хөрөнгө оруулалтын зах зээл дээр ямар хувь хэмжээгээр хөрөнгөө бүрдүүлж оруулна в,э энэ зарчмыг нь дэмжээд л, за өр авлага, төрөөс одоо тодорхой хэмжээний авлага байгаа юм бол тэрнийгээ ямар зарчмаар авах вэ гэдгээ тогтоогоод, зүгээр хуулийн гарц байгаа гэж ойлгож байна. Би бол заавал УИХ-д оруулж ирж байж 34 хувь гэдэг юм уу, аль эсвэл маш бага хувь гэдэг юм уу, үгүй бол тэрнийгээ цаашдын төлбөрөөр шийдээд явчих юм уу гэж. Хувь эзэмшчихээр маргааш, нөгөөдрөөс эхлээд л асуудал улам даамжраад л, заваараад л эхэлнэ. Хувь эзэмшиж байгаа юм чинь одоо юу гэдэг юм НӨТ-аас нь чөлөөлчихье. Жаахан байж байснаа тэр гаалийнхаа татварыг төлж чадахгүй байна, гаалийнхаа татварыг чөлөөлчихье гэж ингэсээр яваад, дээрээс нь эзэмшиж байгаа хувийнхаа 300 хэдэн сая долларын хүү, тэгээд дээрээс нь татвараас чөлөөлсөөр байтал яг эцсийн бүлэгт бөөн алдагдал дунд явна л даа.

Ер нь төрд одоо мөнгөний боломж байгаа юм бол өөр зүг рүү хөрөнгө оруулалт хийе л дээ. Жишээлбэл, Багануураас Улаанбаатар хот руу нүүрсээ тээвэрлэх асуудлыг хоолойн тээвэр болгоод шийдчих л дээ. Тэгвэл хоёр, гуравхан жилийн дотор өртгөө нөхөх маш том бүтээн байгуулалт. Эдийн засаг хүнд байгаа цаг үед бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулалт хийж, ард түмнийг ажлын байртай, орлоготой болгодог, эдийн засгаа тэлдэг зарчмаар олон улсын энэ бэлээхэн хэрэглээд ирсэн зарчим байхад бид тэртэй тэргүй бэлэн болчихож байгаа, өчнөөн жил хүлээгдэж байгаа энэ төсөл рүү заавал нэг хувь хэмжээ эзэмшинэ гээд, тэгээд 34 хувь гээд энэ бол асар өндөр хувь.

Тийм учраас хэрвээ гарц байгаа бол энийг заавал хэлэлцээд байх шаардлагагүй шийдэж болохгүй юу Хурлын дарга аа. Тийм, хуулийн гарц байгаа юм уу. Би Энхболд гишүүний хэлж байгаагаар хэлэлцэхгүйгээр гарц байгаа гэж ойлгож байна. Засгийн газар судлаад оруулаад ирэх юм бол өөрөөр шийдэх боломж байна гэж ойлгож байгаа. Хэрвээ боломж байхгүй юм бол хэлэлцээд шийдчихье л дээ. Заавал төр оролцоно, бодитоор оролцоно гэлгүйгээр миний түрүүний хууль эрх зүйн орчин, татвараа авдаг, энэ зарчмаараа л төр оролцоод л явъя л даа.

Түүнээс тэнд дахиад л нэг хажууд нь төрийн компани гэж байгуулаад л, тэгээд шахааны бизнес гэж бие биенийгээ хочлоод яваад байх, тэгээд тэр төсөл нь үр дүнтэй болоход нь саад учруулаад байх шаардлагагүй. Тэгээд ер нь стратегийн орд гэж нэрлээд зарим орд газруудыг хуулиас бултуулж ашиглах гэсэн хүмүүсийн нэг гарц болгож хувиргаад л, стратегийн гэдэг нэг их утга ач холбогдолтой зүйл биш байх аа.

Яахав бид ер нь гэрээ байгуулахдаа татварынхаа орчныг тогтвортой байлгахаас гадна тухайн орд эзэмшиж байгаа газар болгон дээр өөр өөр зарчмаар тогтоож өгч болно шүү дээ. Энийг би төрийн оролцоо л гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ зарчмыг энэ орд дээр хэрэглээд явбал ямар вэ. Компани нь өөрөө тэртэй тэргүй ТЭЗҮ-гээ боловсруулж гаргаад, өртөг зардлаа тооцоод, маш тодорхой болчихсон бол гаднын хөрөнгө оруулагчид нэг л зүйлийг хүлээж байгаа гэж би ойлгож байна. Энэ төр нь нөгөө хуулийнхаа дагуу одоо 34 хувийг нь эзэмшинэ, тэгнэ ингэнэ гээд унах юм уу, яах юм гэдгийг л хүлээж байгаа байх. Тэгэхээр энийгээ маш богино хугацаанд тодорхой болгоод, хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай юм бол хэлэлцээд, шийдчихье.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Дэмжинэ гэсэн үг үү.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Шаардлагатай бол хэлэлцье.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Энх-Амгалан гишүүн дэмжихгүй бол үг өгнө. Дэмжихгүй ээ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Би дэмжихгүй байгаа юм аа. Ямар үндэслэлээр дэмжихгүй байгаа гэхээр УИХ дээр өмнө нь гарсан уул уурхайн салбаруудынхаа эрх зүйн орчныг муутгасан, хөрөнгө оруулалтын орчныг муутгасан хуулиудыг бид нар хүчингүй болгож чадсан шүү дээ. 68 хувийн татвар, гэнэтийн ашгийн татвар, стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулиудаа бид нар яг ингэж хүчингүй болгож чадсан. Тэрэнтэй адилхнаар ер нь дан ганц энэ Цагаан суваргын ордын төрийн ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох биш ерөнхийдөө УИХ өмнө нь гаргасан 27 дугаар тогтоолоо зайлшгүй эргэж харах ёстой. Тэр тусмаа өнөөдөр эргэж харахдаа УИХ-аас баталсан Эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын бичиг баримтад туссан зарчмууд, төрийн зохицуулалт ямар түвшинд байх юм. Төрийн оролцоо нь ямар хэлээр байх юм. Стратегийн орд гэсэн ойлголтууд нь байх уу гэсэн яг энэ хүрээндээ бид нар УИХ-ын 27 дугаар тогтоолоо зайлшгүй эргэж харах цаг нь болчихсон гэж бодоод ойлгоод байгаа юм.

Нөгөө талаасаа одоо УИХ дээр өргөн баригдчихсан байгаа Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт дээр өмнөх Ашигт малтмалын тухай хууль дээр байгаа ашигт малтмалын өмчлөл гэсэн нэг хэсэг байгаа. Тэгэхээр ашигт малтмалын өмчлөлийн тухай ойлголтуудаа бид нар ер нь нэг болгомоор юм байна лээ шүү.

Австралийн ашигт малтмалын өмчлөлийн тухай ойлголт, Канадын ашигт малтмалын өмчлөлийн тухай ойлголт бол шал өөр юм байна лээ шүү дээ. Одоо бид нар яриад байгаагаас бол. Энэнээс чинь болоод төрийн эзэмшил гэдэг нэг буруу ойлголт гараад ирчихсэн. Энийгээ тойрч ярьсаар байгаад бүхэл бүтэн энэ эрдэс баялгийн салбаруудаа улс төрийн салбар болгочихсон ийм л одоо зовлонтой, сургамжтай зүйлийг бид нар одоо туулж өнгөрүүлж байна шүү дээ.

Тийм учраас өмнө нь УИХ-аас гаргасан тэр стратегийн ордтой холбоотой УИХ-ын 27 дугаар тогтоол бол зайлшгүй өөрчлөх ийм шаардлага байгаа л гэж байгаа юм.

Нөгөө талаасаа ер нь цаашдаа энэ чинь их буруу жишиг шүү дээ. Яагаад гэвэл хэдийгээр одоо Засгийн газар хэлэлцээд, тогтоол шийдвэрийг оруулж ирж байгаа ч гэсэн ийм тогтоол орж ирээд, ингээд төрд авъя, төрд авахдаа 34 хувийг нь 350 сая доллараар авъя гээд бүр төсөл санаачилчихсан явж байна гэдэг бол их буруу жишиг л дээ. Нэгдүгээрт буруу жишиг. Хоёрдугаарт, бид нар хөрөнгө оруулалтын орчин муудсан л гээд байгаа. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах яг энэ үед Монгол Улс нэг гаргасан алдаагаа эргэж засах гэж байгаа юм байна. Энийгээ ойлгосон юм байна. Бас том сургамж болсон байна гэж нэг нь гаднын хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ нь тайлагдах гэж байгаа энэ үед энийг хэлэлцэх, УИХ-аар хэлэлцэх, тэр тусмаа нэг ордыг онцгойлон ингэж хэлэлцэх бол маш их буруу мессеж болно. Тийм учраас энэ Цагаан суваргын ордыг стратегийн хувь эзэмшлийг тогтоох энэ тогтоолыг дэмжихгүй байна. Ерөнхийд нь УИХ-ын тэр 27 дугаар тогтоолыг бол УИХ дээр одоо оруулж ирж өөрчлөх юм бол энэ хүрээнд нь дэмжинэ.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Гишүүд үг хэлж дууслаа. Санал хураая. Татварын хэлэлцүүлэгт байгаа гишүүд орж ирсэн үү. 11 гэсэн чинь гуравхан л орж ирлээ шүү дээ. Тэгвэл эндээс 11 гишүүн чөлөө авч гарсан шүү дээ. Тэгээд дундаас нь алга болчихсон байна шүү дээ. Хэлэлцэхгүй гэдэг бол шийдвэр биш шүү. Ямар нэгэн тоо тавих ёстой. Тэр нь хэд ч байж болно. Байнгын хорооны саналаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураая. Санал хураалт. 0 тоо мөн үү, үгүй юу гэдэг математикийн шинжлэх ухааны ойлголт явах нь байна шүү дээ. 56 гишүүн оролцож, 39 гишүүн зөвшөөрч, 69.6 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ.

“Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-11-08 05:44:13
    Төр өөрийн хөрөнгийнхөө 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших нь зүйтэй шүү
  • Зочин 2023-11-05 23:16:08
    Юу яриад байна аа юун 34% бэ?100% улсын өмч байх ёстой