З.Баянсэлэнгэ: Мөнгө авсан нь үнэн бол гишүүнээсээ татгалзахад бэлэн

Сүүлийн үед УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн талаар “Арц суварга” гэх компанитай холбоотой мэдээлэл гарах болсон. Тодруулбал тус компанид есөн тэрбум төгрөгийн тендэр авч өгсөн гэсэн мэдээлэл бий. Энэ талаар түүнтэй ярилцаж, асуудлыг тодрууллаа.

-Таныг “Арц суварга” компанид есөн тэрбум төгрөгийн тендэр авч өгсөн гэх юм. Энэ талаар өөрөөс чинь тайлбар сонсохыг хүлээж байсан хүн олон байгаа байх?

-Эмэгтэй ги­шүүд Хонгконгт эмэгтэй­чүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудын уулзалтад оролцоод ирэх хооронд надтай холбоотой мэдээлэл явсан байна. Тодруулбал,  энэ сарын 16-ны өдөр Sonin.mn, 24 tsag.mn, Dorgio.mn, Top.mn, Tsag.mn, Mongol comment.mn, “Өглөөний сонин” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр төрд халдсан мэдээлэл гарсан. Үүнийг би хувьдаа улс төрийн зорилготой нэр төрд маань халдлаа гэж харж байгаа.

Өмнө нь сайн муугаар бишгүй л хэлүүлж байлаа. Энэ удаад арай дэндэж байна. Есөн тэрбумын асуудал гэдэг бол онц их хэмжээний гэмт хэргийн шинжтэй мэдээлэл. Цаана нь улстөрчид байдаг хэвлэл мэдээллийн байгууллага иймэрхүү асуудал үүсгэдэг гэж боддог байсан. Гэтэл энэ удаад ор үндэсгүй мэдээлэл гарчээ. Үүнийг урьдчилан зохион байгуулалттайгаар намайг эзгүй хойгуур гаргасан гэж улстөрчийхөө зүгээс харж байна. Улс орны эдийн засгийн хүнд үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ард иргэдээ хүнд байдлаас хурдан гаргах хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Шинээр байгуулагдах Засгийн газар дахин МАНАН үүсгэхгүй байлгах тал дээр миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан. Тухайн үед ажлын хэсэгт орсон ч, МАНАН үүсгэж, хяналтгүй төр байж болохгүй гэдэг дээр анхаарал хандуулж байсан. Есөн тэрбумын тендэртэй холбоотой мэдээлэл бол МАНАН-гийн бүлэглэл, олигархи хүмүүсийн хийж байгаа ээлжит явуургүй үйлдэл юм.

-Та “Арц суварга” ком­панитай ямар холбоотой юм бэ?

-“Арц суварга” ком­пани надтай ямар ч холбоогүй. Энэ компанийг огт мэдэхгүй. Энэ мэдээллийн талаар уг компани өөрийнхөө нэр хүндийг сэргээлгэж тайлбар хийх байх гэж бодож байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага учраас нэр төрөө сэргээлгэх байх. Түүнчлэн “Арц суварга” компани ямар үйл ажиллагаа явуулдаг, яагаад есөн тэрбумыг надтай холбогдуулсан эсвэл миний нэрийг ашиглаад тендэр аваад байгаа юм уу гэдгийг тодруулах байх. Тухайн компанийг улстөрчтэй ямар шугамаар холбож яриад байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компани тендэр авч, төрөөс зээл аваад үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй. Хэн ч авч болно. Ямар учраас надтай холбсон нь ойлгомжгүй. Уг компани нэр төрөө сэргээлгэх байлгүй дээ. Дараа дараагийн үйл ажиллагаанд нь хүртэл сөрөг болно байх.

-Энэ их хэмжээний мөнгөтэй холбоотойгоор таныг Зайсанд тансаг зэрэглэлийн орд, харшид амьдарч байгаа гэсэн байсан?

-Зарим сайтуудаас мэдээллийн эх сур­валжийг тодруулах гэсэн боловч эх сурвалж байхгүй гэж нууцлаад байгаа. Намайг есөн тэр­бумын тендэр авч Зайсанд орд харшид амьдарч байгаа гэсэн байсан.

-Тэгвэл та гэр хороололд амьдардаг хэвээр юм уу?

-Хамгийн сүүлд манайд TV5 телевизийнхэн “Ажлын дараа” нэвтрүүлэг хийхээр очсон. Би одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 60-ын 777 тоотод амьдарч байна. Миний сарын цалин нэг сая 318 мянган төгрөг. Жирийн ардын хүүхэд УИХ-д орж болдог юм гэдэг жишээг би анх удаа харуулсан. Энэ зам мөрийг баллачихгүй байх юмсан гэж хичээж ажиллаж байна. Харамсалтай нь энэ мэдээллээс болоод хувийн мэдээллээ ил гаргах шаардлага гарлаа. Есөн тэрбум төгрөгийн тендэр байтугай би цалингийн зээлтэй явдаг хүн. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан хуулга маань энэ байна. (үзүүлэв) УИХ-ын гишүүдээс над шиг цалингийн зээлтэй хүн байхгүй байх.

-Танай гэр бүлд бизнес эрхэлдэг эсвэл ямар нэг тендэрт оролцож байсан компанитай хүмүүс бий юу?

-Манай гэр бүлийн хүн төрийн албан хаагч,  ээж минь 70 гарсан хүн байдаг. Ямар ч компани байхгүй. Нэг ах маань гадаадад амьдардаг. Нөгөө ах маань найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг. Манай ах дүүсэд компанитай хүн нэг ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Харин жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс байгаа. Зах дээр лангуу түрээслэдэг хүмүүс ах дүү дотор маань бий. Гэхдээ тендэрт оролцохуйц хэмжээний том компани байхгүй. Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байгаа.

-Та өөрийнхөө зүгээс тайлбар өглөө. Гэтэл “Арц суварга” компанийг есөн тэрбум төгрөгийн тендэрт оролцсон эсэхийг нь шалгуулж болохгүй гэж үү?

-Би онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлж байна. Тиймээс үнэн зөвөө олуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандана. Сайтыг, сэтгүүлчдийг хууль хяналтын байгууллагад өгч мууг нь үзэх гэж байгаа юм биш шүү гэдгийг зөвөөр ойлгоорой. Ийм явуургүй байдлаар хүний нэр хүндэд халдаж болохгүй. Ялангуяа МАХН МАНАН үүсгэхийн эсрэг байсан. Эвсэл ч, гишүүд ч эсрэг байсан. Энэ МАНАН-гийн эсрэг баттай зогсож байсан хүмүүсийн нэр хүндэд халдсан, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан асуудлын захиалгат эзнийг олохын тулд холбогдох байгууллагад хандахаас өөр аргагүйд орж байна. Мөн “Арц суварга” гэж компанийг тайлбар хийгээсэй гэж хүсч байна. Хэрэв би авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, тэр тендэрийг авч дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл байвал УИХ-ын гишүүнээсээ татгалзахад, шалгуулахад бэлэн. Хариуцлага хүлээхэд ч бэлэн байна. Би УИХ-ын гишүүн болоод энэ 76 гишүүнээс шүүхийн танхимд орж, үнэн зөвөө тогтоолгосон ганц хүн.

Бүтэн найман сарын турш би хүн зодсон хэрэгт гүтгэгдэж шүүх цагдаагаар явсан. Тухайн үед Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд яллагдагчийн ширээний ард суугаад гэм буруугүй гэдгээ тогтоолгоод гарч ирсэн. Үүн шигээ би яллагдагчийн ширээний ард сууна. Би одоо байгаа УИХ-ын гишүүдийг  бүрэн эрхээрээ далимдуулж, халхавчилж ялаас мултарч байгаагийн нь эсрэг байдаг. Яагаад шүүхийн танхимд орж болдоггүй гэж. Яагаад үнэн зөвөө тогтоолгож чаддаггүй юм гэдэгт нь гайхдаг. Би бүрэн эрхээрээ далимдуулахгүй. Хууль хяналтын  байгууллагаар шалгуулна. Үнэхээр авсан зүйл байдаг юм бол шоронд ороход бэлэн байна.

-Энэ асуудлыг магадгүй З.Баянсэлэнгэ гишүүнтэй холбож МАХН-ыг харлуулах гэсэн үйлдэл байв уу?

-УИХ-ын гишүүн болсон цагаасаа Засгийн газрыг эв нэгдэлтэй байлгахын төлөө ялангуяа “Шударга ёс” эвслээ эв нэгдэлтэй байлгахад өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж ажилласан. Тэр нь өнөөдөр магадгүй улстөрчдийн байр суурийг ганхуулах, Засгийн газрыг унагаах ажиллагаанд нь саад тавьж байсан байх. Ер нь МАНАН үүсэхэд тээг болж байсан учраас намайг болон МАХН-ын нэр хүндийг гутаах гэж Баянсэлэнгээр далимдуулж олон хүнийг шалгаж, ажлаас нь халуулах гэсэн зорилго агуулж байна гэж харж байна.

-Ер нь хэн гэдгийг нь мэднэ гэлээ. Нэр заагаад хэлж болохгүй гэж үү?

-Тендэр авдаггүй УИХ-ын гишүүд бас байдаг. Өмнө нь хамтарч Засаг барьж байхдаа, дангаараа МАН Засгийн эрхийг авч байхдаа тендэр авч л байсан. Гишүүдийнхээ бүрэн эрхтэй холбоотойгоор бүх асуудал нь зогсч байсан үе ч бий. Энэ бол манайд байгаа буруу үзэгдэл. УИХ-ын гишүүдээс хэн хэн тендэртэй холбоотойг нэр заагаад хэлж чадна. Ер нь МАНАН шүү дээ. МАНАН-г хүсдэг хүмүүс хамтарч Монголын татвар төлөгчдийн мөнгийг идэх сонирхолтой байдаг.

Энэ хүмүүс компаниудыг шантаажилж, тэдэнд ажлыг нь бүтээж өгч, түүнийхээ шан харамжийг авдаг байх гэж бодож байна. Тийм үйлдлийг нь ч мэднэ. Шалгагдаж байгаа хүмүүс байсан. Гэвч бүрэн эрхтэй нь холбоотойгоор хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. МАН-ын Ё.Отгонбаяр гишүүнээс эхлээд хүмүүс ярьдаг. Гишүүнийхээ бүрэн эрхээр халхавчлагдаад сугараад үлдсэн. Заримынх нь гэр бүлийнхэн оролцсон байдаг. Би тэдний хууль бус үйлдлийг мэдэж байгаа нь өнөөдөртөө хангалттай. Шаардлагатай гэвэл дэлгэж болно. Гэвч би дэлгэлээ гэхэд энэ мэдээллийн нь дагуу үнэн зөвийг нь тогтоохгүй нь харамсалтай.

-МАН-ыг илүүтэй хардаад байх шиг. Ингэж хардах баримт, нотолгоо байна уу?

-МАН-ыг хардаж байгаа нь зүйн хэрэг. МАН-ынхан хүртэл өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ыг бойкотолж, МАХН-д дэд сайдын суудал өгөхгүй гэсэн сураг дуулсан. МАН-ынхан Засаг төрд “Шударга ёс” эвслийг оруулахгүй бодлого барьсан уу гэвэл барьсан. Бидний суудлын тоог багасгах зорилго агуулж байсан уу гэвэл тийм. Энэ мэдээлэл ихэвчлэн МАН-ын угшилтай сайтууд дээр эхэлж гарсан. Тиймээс надад хардах үндэслэл байна. Гэхдээ зөвхөн МАН гэж нэртэй нь холбож тайлбарлахыг бодоогүй.

Энд МАНАН үүсгэхийг хүсч байгаа тэдгээр олигархи бүлэглэлийн тухай яриад байгаа юм. Тэр бүлэглэлд АН, МАН багтаж байгаа. Манай намын гишүүд, жирийн иргэд ч надад эргэлзэж болохгүй. Мөн би хуулийн байгууллагад өөртэйгөө холбоотой бүх мэдээллийг өгнө. Тухайлбал, хадгаламжтай эсэх хадгаламжтай бол хэдэн төгрөгтэй, ах дүү дотор маань компанитай хүн байгаа юу цаашлаад холбогдоод байгаа тендэрийн мөнгийг авсан юм уу, үгүй юу зэрэг бүх мэдээллийг өгнө.

-Төрд бизнес эрхлэгчид голдуу байдаг. Тэгэхээр энэ асуудлаас улбаалаад ямар нэг өөрчлөлт хийхгүй бол нэг нэгийгээ харддаг байдал улам даамжрах нь?

-Энэ асуудал маш муу үр дагавартай. Азаар манайд хувийн компанитай хүн байхгүй. Магадгүй хэн нэгэн улс­төрчийг шалгахад гэр бүл нь компанитай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн хүнийг улстөрч болсноор нь гэр бүлийнхэн нь хохирч болохгүй шүү дээ. Юугаар хохирох вэ гэвэл эхнэр, нөхөр нь улс төрд орсноор ажил эрхэлж болохгүй гэсэн үг үү. Ийм байж огт болохгүй. Энэ хандлага тогтоод байгаа. Улстөрчдийн ард ийм зүйл байж болохгүй гэдэг хандлага. Үүнийг өөрчилье гэвэл сонгогчид бизнес эрхэлдэг хүнд санал өгөхгүй байх хэрэг гарна.

Өөрөөр хэлбэл, улс төрд бизнес эрхэлдэггүй хүн орно гэсэн категори тавина гэсэн үг. Одоо бол бизнес эрхлэгчдийг сонгон гаргаж ирчихээд, эргээд бизнестэй нь холбож шалгаад байгаа. Сонгуулийнхаа хуулиараа өөрчлөх хэрэг гарах байх. Цаашид энэ зарчмаар явбал олон улстөрчийг ээлжилж нэг нэгнээ намнадаг байдал нийгэмд газар авах байх. Миний хувьд төрийн хайр ивээл, хийж байгаа ажлын буян байдаг гэж боддог. Сайн хань, хөдөлмөрлөөд авч  байгаа цалингийнхаа буянд ард иргэдийнхээ халааснаас хулгай хийхгүй үнэнч шударгаар амьдарч болоод байна.

-Төрийн ордны баруун хэсгийн машины зогсоолыг зөвхөн УИХ-ын гишүүд өмчлөх санааг анх та гаргасан гэсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-УИХ-ын цөөн эмэгтэй гишүүн УИХ-ын даргад хүсэлт гаргасан. Зарим эмэгтэй гишүүн өөрсдөө машинаа барьдаг. Заримдаа хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авдаг учраас гадаа машинд хүүхдээ үлдээдэг. Хуралтай үед машинаа холдуул гэж утасддаг. Бид өглөө яг найман цагт ирдэггүй. Хүүхдээ машин дотроо үлдээчихээд ажил руугаа орно. Гараад ирэхэд хүүхдийн давсаг чинэрчихсэн бай­даг. Ордонд хүүхэд оруулдаггүй болохоор хүүхэд бие засах газар байдаггүй. Тэр өдрийн хурлаа харж байгаад ирэхэд зогсоол олддоггүй зэрэг бэрхшээл бий. 

Түүнээс биш жолоочтой, өөрөө машинаа барь­даггүй гишүүдийн та­лаар яриагүй шүү. Хоёр, гуравхан эмэгтэй гишүүндээ зогсоол шийд­вэрлээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Машин явдаггүй өдөр туслахаараа авахуулаад зогсоол дээрээ машиныг нь тавьж байя гэсэн юм. Тэгэхэд үүнийг сенсаацалж байдаг. Энэ мэдээллийг гадаадад явж байгаад мэдсэн. Эмэг­тэй гишүүд маш их бухимдсан. Бидэнд үнэхээр шаардлага байсан учраас л хүсэлт тавьсан. Гэхдээ цөөхөн эмэгтэй гишүүндээ зогсоол гар­гаад өгөөч л гэсэн. Яагаад ингэж юм бүхнийг хараар будаж харуулаад байдаг юм бэ. Үүнийг ингэж улстөржүүлэх шаардлага байхгүй шүү дээ.

Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-12-22 12:09:36
    Uih-n gishuud ter tusmaa chi tender avaagui gej bitgii hudlaa heleerei ard tumniig teneg gej buu bod harj bna yamar dur torhtei hun baisnaa buu mart
    202.179.11.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-22 04:24:08
    Хүнийг ингэж гүтгэж болохгүй байхаа, чиг шугамаас нэг их гажахгүй дотроо бодолтой сүрхий эмэгтэй гэж боддог. УИХ-ын дарга анхаарах ёстой.
    112.72.13.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-12-22 03:58:29
    Мөнгө төгрөг аваагүй хүн ийм бардам байдаг юм. Бусад хэлмэгдсэн гээд байгаа хүмүүс өөрсдийгөө ингэж нотлож чаддаг билүү?
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • дура 2014-12-22 03:30:01
    эмэгтэй эрэгтэй гишүүн хүн адилхан л хүүхэд гэр оронтой чамайг зайсанд байр авсан гэж илүү үзэх үү
    122.201.21.141
    Мэдэгдсэн Хариулах