"Bailout" гэдэг нь ид шид биш, эрсдэлийг ард түмний нуруун дээр тохох ажиллагаа
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш УИХ-д ойр ойрхон хоёр ч удаа үг хэлж ард түмэндээ хүртээл болгов. Шинэ Ерөнхий сайд ард түмэндээ хандан олон зүйлийг учирлан тайлбарлажээ. Гэвч түүний хэлсэн үгэнд товч бөгөөд тодорхой нэгэн мессеж давтагдаж байсан нь түүний сэтгэлийг хамгийн их зовоосон асуудал бололтой.

Энэ нь “эдийн засгийн хямралтай байна гэвч үүнд хэн нэгэн хүн, улс төрчид, нам эвсэл буруугүй, харин ард олон бид бүгдээрээ буруутай” гэсэн мессеж байсан нь олны анхаарлыг ихээр татаж хачирхал дургүйцлийг төрүүлж байна.

Жирийн ажлаа хийгээд явж байгаа иргэн, шударгаар бизнесээ хөөцөлдөж яваа бизнесмен, хичээл сургуульдаа шамдан яваа оюутан, хил хязгаараа манан зогсох эр цэрэг гээд энгийн ард иргэд чухам яахаараа эрх баригчдын буруу бодлогоос болж хямарсан эдийн засагт буруутай болж хариуцлагыг үүрэх ёстой болдог билээ.

Эдийн засгийг уналтад оруулсны улмаас огцорсон Н.Алтанхуягийн Засгийн газарт топ сайд байсан шинэ Ерөнхий сайдын хийх эхний бөгөөд хамгийн чухал ажил нь эдийн засгийн хямралыг “санхүүгийн хямрал” гэж томьёолон хямрал үүсгэсэн буруутай Засгийн газар, улстөрчдийн бурууг ард түмэнд тохон хариуцлагаас зайлуулах байсан юм гэж үү гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирж байна.

Н.Алтанхуяг болоод Ч.Сайханбилэгийн Засгийн газар засагласан сүүлийн 2.5 жилд эдийн засаг зугуухан уналтад орж өдгөө төгрөгийн ханш 40-46 хувиар унаж, ам.доллар 1860-1900 төгрөг болсон, инфляц 35 хувь (албан бус статистик) өссөн, төсвийн орлого энэ жилдээ нэг их наядаар тасарч байгаа, улсын нийт гадаад өр 20 тэрбум доллартхүрч, ДНБ-ий 180 хувьтай тэнцээд байгаа, Засгийн газар өрийн үйлчилгээний төлбөртөө даруй нэг их наяд орчим төгрөг буюу төсвийн орлогын 16 хувийг зарцуулах шаардлагатай, гадаад валютын нөөц шавхагдсан гээд бусад олон тоо баримтыг дурдаж болно.

Гэвч энэ бүхэнд ард түмэн буруутай, хариуцлагыг давхар үүрэх ёстой гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тэр ч байтугай гадаад худалдааны тааламжтай нөхцөл бүрдэж, экспорт өсөн нэмэгдэж байгаа энэ үед гадаад нөхцөл байдлаас болоод эдийн засаг хямарлаа гэсэн тайлбар ч буруугаа бусдад тохож хариуцлагаас зайлах зөв шалтаг болох үндэслэлгүй юм.

Эхлээд Ерөнхий сайдын үгнээс олны анхаарлыг хамгийн их татсан “эдийн засгийн хямралын буруутан нь бид бүгдээрээ, хариуцлагыг бүх нийтээрээ үүрнэ” гэсэн сэдвийг хөндсөн нь учиртай. Энэ нь дараачийн ярих сэдэв “bail-out”-ийг ойлгоход тус дөхөм болох учиртай. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдмогцоо арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “bail-out” гэдэг гадаад үгийг онилон дурдсан.

Магадгүй энэ үг гадаад үг, тэгээд ч мэргэжлийн хэллэг учраас олон нийтэд төдийлөн танил биш байж болно, гэвч эдийн засагчийн хувьд энэ үг миний анхаарлыг илүүтэй татсан юм. Ерөнхий сайд маань чухам юу гэж хэлсэнийг сийрүүлбэл, “2008-2009 оны санхүүгийн хямралын үед бусад орнуудад үр дүнтэй хэрэглэсэн “bail-out”-ын аргыг одоо бид хэрэглэх цаг болсон. Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж ... “ гэсэн юм.

“Bail-out” гэж юу вэ? Үнэхээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн бусад орон үр дунтэйгээр хэрэглээд хямралаас гарсан юм уу, улс орныг хямралаас гаргадаг тийм ид шидтэй эд үү?

“Bail-out”” буюу татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдсэн хувийн компаниуд

Вail-out (bail-out гэсэн хорш үг нь хамтдаа нэг үг болон бичигддэг) гэдэг нь сүүлийн үед олон улсын эдийн засаг, санхүүгийн хэллэгт нэлээд хэрэглэгдэх болсон үг. Татаж гаргах, аврах гэсэн утгатай бөгөөд Америкт санхүүгийн хэллэгтээ хэт шунахайрлын улмаас алдагдалд орсон, эсвэл их өр тавьж дампууралд орсон хувийн корпорацуудыг улсын мөнгөөр тэтгэн дампуурлаас гаргаж аврах ажилагааг bail-out гэж нэрийдсэн юм.

Улсаас гарцаагүй байдлын улмаас хямралд орсон, эдийн засагт нөлөө бүхий үйлдвэрлэгч компаниудад зээл өгөх болоод bail-out тэтгэлэг хоёр бол тэс өөр ойлголтууд юм. Вail-out гэдэг нь санхүүгийн хүндрэл, дампууралд орсон хувийн корпорациудад төрөөс их хэмжээний мөнгөн тэтгэлгийг ил, далд байдлаар, ихэнх тохиолдолд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгохыг хэлнэ.

Вail-out ажиллагаа нь Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг АНУ-ын хяналтад байдаг олон улсын санхүүгийн байгууллагуудын дэлхийн зах зээл дээр тоглох үүрэг нэмэгдсэн 1990-ээд оны дундаас эдийн засагчид, судлаачдад ихээхэн танил болж эхэлсэн бөгөөд 2008-2009 оны олон улсын эдийн засгийн хямралын үеэр бүрэн утгаараа хэрэгжсэн нь зөвхөн Америкт төдийгүй олон улсын хүрээнд ихээхэн зөрчил, маргаан үймээнийг дагуулсан юм.

2007 оноос эхэлсэн олон улсын эдийн засгийн хямрал нь чөлөөт зах зээлийг хэт шүтэх, үүн дундаа үндэстэн дамнасан хөрөнгийн урсгалыг чөлөөлөн хязгаарлалтгүй тавьснаас эхтэй юм. Үүнд хамгийн түрүүнд Тайланд, Малайз, Индонез зэрэг зүүн өмнөд Азийн орнуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн корпорацууд төлбөрийн чадвар муудмагц гэнэт хөрөнгөө татан гарч явах болсноос тус улсууд хямралд орсон, нөгөө талаас ипотекийн хуулийг суллан тавьсныг ашиглан асар их хэмжээний зээлийг найдвар муутай зээлдэгчдэд олгосон АНУ-ын арилжааны банкууд болоод хөрөнгө оруулагч корпорацуудын гинжин хамаарал бүхий дампуурлаас үүдэлтэй юм.

Ерөнхий сайд маань 2008 оны олон улсын хямралыг улс орнууд “bail-out”-аар үр дүнтэйгээр даван туулсан гэсэн нь ташаа ойлголт. Тухайн үед “bail-out”-ийг сонгодог утгаар нь хэрэгжүүлсэн ганц улс нь АНУ бөгөөд бусад улсын хувьд бол нөхцөл байдал өөр байсан. АНУ-ын хувьд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг бөгөөд доллар нь олон улсын гол валют болж байдгийн хувьд онцгой нөхцөл байдал бүхий улс л даа.

Гэвч хэт шуналын улмаас хэзээ ч эргэн төлөгдөх боломж муутай орон сууц, хаусны (house mortgage) зээлүүдийг хамаагүй олгосноос дампууралд хүрсэн хувийн өмчийн банкууд, санхүүгийн корпорацуудыг хямрал нэрийн дор татвар төлөгчдийн мөнгөөр авран санхүүжүүлсэн нь ард түмний эсэргүүцэлтэй тулгарч ихээхэн зөрчил, үймээнийг үүсгэсэн юм.

2008 онд АНУ-ын Сангийн яамнаас 700 тэрбум долларыг яаралтай тусламж хэлбэрээр ипотекийн зээлийн хямралтай санхүүгийн корпорацууддаа, тухайлбал бидний сайн танил болох Goldman Sachs, Lehman Brothers, AIG зэрэгт өгсөн ба нийт 7.7 их наяд долларын зээл, буцалтгүй тусламжийг эдийн засгаа хямралаас гаргах нэрээр хувийн компаниудад зарцуулсан нь тухайн жилийнх нь ДНБ-ий талаас илүү хувь болж байсан юм.

Өөрсдийн буруу шийдвэрийн улмаас дампуурсан хувийн компаниудын алдааг татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэн ард түмний нуруун дээр хариуцлагыг нь үүрүүлж байгааг эсэргүүцсэн жагсаал Амеркийн 41 мужийн 100 гаруй хотод олон хоног сараар үргэлжилсэн ба өдгөөг хүртэл энэ асуудал ихээхэн маргаан дагуулсаар байгаа юм.

Bailout төслийг санаачлан хэрэгжүүлсэн Сангийн сайд Henry Paulson болоод бусад хамтран зүтгэгчид нь төслөөс ихээхэн хувь хүртсэн Goldman Sachs зэрэг санхүүгийн корпорацуудын экс захирлууд байсан нь дайран дээр давс нэмсэн бөгөөд Нобелийн шагналт эдийн засагч Joseph Stglitz, Paul Krugman болон бусад нэр хүнд бүхий хүмүүсийн зүгээс Bailout програм нь шударга бус, ард түмнээ мөлжсөн ажиллагаа болсон талаар шүүмжилж байсан юм.

Харин одоо би та бүхэнд bailout ажиллагааны хамгийн гол асуудлыг дурдъя, энэ нь “morаl hаzаrd"-ийг бий болгодогт байгаа юм. Энэ нь bailout ажиллагаанд найдсан компаниудын ёс суртахуунгүй авирын тухай юм. Компаниуд, ялангуяа Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагуудтай ойр корпорацуудын хувьд бизнесийн ямар ч эрсдэлтэй үйл ажиллагаа явуулсан Засгийн газар нь эсвэл олон улсын хүчирхэг санхүүгийн байгууллагууд bailout-аар аврах “даатгал”-тай учраас тэд хэт их ашгийн төлөө улайрсан шийдвэрүүдийг эрсдлийг үл тоон гаргадаг нь “moral hazard”-ийг бий болгодог.

1990-ээд оны дунд үеэс нэр хүнд бүхий олон улсын санхүүгийн байгууллагууд, үүн дундаа ОУВС энэхүү bailout ажиллагааг олон улсын төвшинд олонтаа хэрэгжүүлэх болсон нь ихээхэн зөрчил, маргааныг дагуулах болсон төдийгүй ОУВС-гийн нэр хүндийг ихэд унагасан юм. Вailout ажиллагаа нь Засгийн газар, Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэх олон улсын байгууллагууд болоод зээл олгогч хувийн компаниудыг бие биеэ хөөсөн санхүүгийн чөтгөрийн тойрогт орууллаа гэсэн үг.

Олон улсын төвшинд энэхүү bail-out, mоrаl hаzаrd ажиллагаа нь ДБ, ОУВС, АХБ зэрэг хоцронгуй хөгжилтэй орнуудтай түлхүү ажилладаг зээл олгогч нараар дамжин хэрэгждэг. Жишээ нь Мексик (1995) Аргентин (1998-2002, 2014), Грек (2010) улсуудын хямралд ОУВС-гаас тус улсуудад их хэмжээний зээл олгосон бөгөөд зээлийн ихэнх нь өр төлөөсөө авч чадахгүй байгаа барууны хувийн корпорацуудын төлбөрт явдаг бөгөөд мөн зээлээрээ тухайн улсуудын эдийн засгийг хяналтдаа авах болзол бүхий заалтуудыг оруулдаг юм.

Товчхондоо, ОУВС зэрэг нэр хүнд бүхий олон улсын санхүүгийн байгууллагууд нь өөрсдийн зээлээрээ хувийн корпорацуудын өрийг дарж bailout-аар “авран” хариуцлагыг өөртөө авдаг гэсэн үг. Өнөө дайн байлдаан, хямралтай байгаа Украйнд л гэхэд ОУВС-аас 19 тэрбум долларын зээлийг 2015 онд олгохоор болоод байгаа ба гoл нөхцөл нь Засгийн газраас нийгмийн тусын тулд зарцуулдаг мөнгийг эрс багасгах, эрчим хүчний үнийг дараачийн дөрвөн жилдээ 240-425 хувь өсгөх болзол тавьсан нь украйнчуудын бүсийг нь чангалах замаар гадаадын хувийн банкуудад тавьсан өрийг төлүүлэх, ил далд байдлаар аль хэдийн хувьчлагдсан эсвэл гадныхны мэдэлд очсон эрчим хүчний компаниудын ашгийг ихэсгэх гэсэн зорилготой гэх шүүмжийг үгүйсгэх аргагүй юм.

Тиймээс АНУ-ын Засгийн газрын bailout ажиллагаа нь улсынхаа дотоодод зээл ологч банкууд корпорацуудын эрсдэлийг үүрэх, харин ОУВС нь гадаад улс орнуудад зээл олгогч барууны хувийн корпорацуудын эрсдлийг үүрэх замаар moral hazard буюу зээл олгогч нарт ёс суртахуунгүй авирлах боломжийг олгон өөгшүүлж байдаг гэдгийг эндээс олж харж болно.

Вailout ажиллагааг Монголд хэрэгжүүлэх нь зөв үү?

АНУ-д голчлон хэрэгжүүлсэн bailout ажиллагаа нь олон улсын төвшинд эдийн засагчид болоод ард олноос ихээхэн шүүмж дагуулсан, нийгэмд бухимдал төрүүлж зөрчилдөөн үүсгэсэн үйл ажиллагаа тул энэхүү санхүүгийн шударга бус ажиллагааг Монголд хэрэгжүүлэхгүй байх ёстой. Учир нь гэвэл,

1. Вailout ажиллагаа нь Засгийн газраас хувийн корпорацуудад нэн хөнгөлөлттэй зээл, эсвэл буцалтгүй шууд тусламж хэлбэрээр олгодог мөнгөн тусламж бөгөөд энэ нь эцсийн дүндээ ард түмнээс авах татвараар төлөгддөг.

2. Вailout ажиллагаа нь хувийн корпорацуудад ёс суртахуунгүй авирлаж, зөвхөн ашгийн төлөө явж эрсдэлийг засгийн газар, ард түмэнд үүрүүлэх зуршлыг бий болгодог.

3. Вailout хэрэгжвэл дотоод зах зээлд монополь үүсч Засгийн газар нь цөөн тооны хувийн компаниудын мэдэлд орсныг илтгэх бөгөөд энэ нь ардчилалын зарчмын эсрэг юм.

4. Вailout ажиллагаа нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг Америкт ямар нэг байдлаар “хэрэгжсэн” нь Монголд амжилттай хэрэгжинэ гэсэн үг огт биш бөгөөд Монголын Засгийн газрын хувьд энэхүү ажиллагааг хуулбарлан хэрэгжүүлэх гэж оролдох нь нийгэмд шударга бус байдлыг өөгшүүлэх төдийгүй улсаа асар их өрийн дарамтад гүнзгий шигтгэн, ихээхэн хохирол, зөрчлийн өөр нэгэн эх үүсвэрийг бий болгох уршиггай.

5. Вailout ажиллагааны нэг хэлбэр нь Монголын Засгийн газар дампууралд орж буй хувийн корпорацуудад их хэмжээний гадаад зээлийн баталгаа гарган өгөх бөгөөд энэ нь Засгийн газрын өрийн хэмжээг ихэсгэн улсын өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх замаар (одоогоор хуульд заасан 40 хувиас аль хэдийн даваад байгаа) эдийн засгийн аюулгүй байдалд учрах аюулыг ихэсгэнэ.

Эцэст нь хэлэхэд, эдийн засгийн хямрал гэж хэлнэ үү, санхүүгийн хямрал гэж хэлнэ үү, аль нь ч чухал биш, гол нь нийгэмд хямрал байна. Энэ хямрал ард түмний амьдралыг нэн доройтуулж, сөхрүүлж байна. Төр барьж буй Засгийн газар, түүнийг бүрдүүлж буй улстөрчид, бодлого зохиогчид үүнд буруутай нь маргашгүй. Засгийн газар, улстөрчдийн алдаатай бодлого, буруутай ажиллагааны улмаас хямарсан эдийн засагт ард түмний буруу үгүй.

Энэ алдаатай бодлогын хариуцлагыг ард түмний нуруун дээр тохох bailout ажиллагаа Монголд хэрэгжих учиргүй. Вailout ажиллагаа нь татвар төлөгчдийн мөнгөөр хувийн корпорацуудыг тэжээх ажиллагаа гэдгийг бид тодорхойлсон. Тиймээс bailout ажиллагаа хэрэгжих шаардлагатай бол bailout үйлчилгээг хүлээн авсан хувийн компаниуд төрийн мэдэлд шилжих учиртай болдог гэдгийг бид санахад илүүдэхгүй.
 
Зууны мэдээ
Х.Батсуурь
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Saihanbileg 2014-12-28 14:52:49
    Tegnee ter Saihan zaluugaas iim l omhiig yum garna l daa. Za za oilgoloo. ard tumnee l ulam moljij sanaa helsen yum baina daa.Yaasan moljij hanadaggui amitan ve...
    123.121.192.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхгэрэл 2014-12-24 11:05:31
    Үхэн хатан төрд шургалсан гудамжны хулигаанууд л энэ хямралыг бий болгосон. Өөр хэн ч буруугүй, зөвхөн АН-ын усан толгойтой дээрэмчдийн л хийсэн ажил.
    112.72.13.15
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-24 08:08:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2014-12-24 07:39:55
    Монголын нийт байлагын 98% ийг эзэмшиж байгаа 200 гэр бүл хямарлыг бий болгосон, түүнээс гарах шийдэл ч мөн тэдэнд байгаа. Гэхдээ тэд хүсэхгүй л дээ.
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Edii 2014-12-24 07:26:44
    Hyamraliig ard tumen uureed garsan ni hamgiin zov bodlogo. Uruu ihesgeh um bol Grekiin zamaar orno shuu.
    103.10.23.121
    Мэдэгдсэн Хариулах