Шинзо Абэ улиран сонгогдлоо
Эдийн засгийн өсөлтийн  төвшин хоёр улирал дараалан унасан үзүүлэлттэй гарсанаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ доод танхимаа тарааж, худалдааны татварыг 10 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээгээ хоёр жил гаруйн хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Улмаар доод танхимын гишүүдийг сонгох сонгуулийн санал хураалт энэ сарын 14-ний өдөр болж, Ерөнхий сайд Абэгийн тэргүүлдэг Ардчилсан нам илт давуугаар ялалт байгуулсан. Энэ удаагийн сонгуулийн дүнг зарим ажиглагчид Абэгийн хэрэгжүүлж буй Абэномиксийн бодлогыг иргэд дэмжиж буйг харуулж байна хэмээн дүгнэж байсан юм. Харин үүний дараа Японы 97 дахь Ерөнхий сайдаар Шинзо Абэ улиран сонгогдох эсэх нь анхаарал татаж байлаа. 

Гэхдээ түүний тэргүүлдэг нам парламентад олонхи болсоноор Абэ гурав дахь удаагаа Ерөнхий сайдад нэр дэвших нь хэдийнэ тодорхой байсан юм. Өчигдөр 188 дахь тусгай чуулган эхэлж, эдүгээ 60 настай Шинзо Абэ тус улсын 97 дахь Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Тусгай чуулган энэ сарын 26 хүртэл гурван өдрийн турш үргэлжлэх юм. Энэ удаа Ерөнхий сайдыг сонгох санал хураалтад нийт 470 гишүүн санал өгсөнөөс 328 нь Шинзо Абэг, Ардчилсан намаас нэр дэвшсэн Кацуя Окадаг 73 нь, Мэйжигийн шинэчлэлийн намаас нэр дэвшсэн Кенжи Эдаг 41 нь тус тус дэмжжээ.

 Энэ дүн доод танхимын сонгуулийн санал хураалт дуусах тэр үед л тодорхой байсан гэдгийг ажиглагчид хэлж байна.  Ерөнхий сайд цаашдаа албан ёсоор Засгийн газраа эмхлэн байгуулах ажлаа эхэлсэн бөгөөд өчигдөр орой гурав дахь Шинзо Абэгийн Засгийн газраа байгууллаа. Тэрбээр хуучин Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь буцаан томилох байр суурьтай байгаагаа өмнө нь илэрхийлж байсан ч, Батлан хамгаалахын сайд Акинори Этог огцруулж,  оронд нь Батлан хамгаалахын штабын дарга асан Накатани Гэнийг томилжээ.

Харин үлдсэн гишүүдийг хэвээр нь үлдээсэн байна.  Өнгөрсөн есдүгээр сард Шинзо Абэ Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан билээ. Тиймээс сайдуудаа нэрлэсний дараа Хааны ордонд явагдах Ерөнхий сайдын тангараг өргөх ёслол болон сайд нарын томилгооны ёслол болсоноор үндсэндээ Абэгийн гурав дахь Засгийн газар эмхлэн байгуулагдлаа. Шинзо Абэ төлөөлөгчдийн танхимд цугларсан нийт гишүүдийн өмнө “Түүхэн үүрэг хариуцлагаа ухамсарлан улс төрийн бодлогоо боловсруулж, хүчирхэг Япон, хүчирхэг эдийн засгийг дахин байгуулах нэн хариуцлагатай үе ирээд буй” гэдгийг онцлон тэмдэглэж байв.

Түүнчлэн эрх баригч нам доод танхимд олонхийн суудлаа хадгалан үлдэж чадсанаар Шинзо Абэгийн Абэномиксийн бодлого дахин үргэлжлэх боломжтой болж ирсэн бөгөөд уналтад ороод буй эдийн засгийг сэргээхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа ч мөн тэрбээр илэрхийлсэн юм. Мөн хамтарсан өөрийгөө хамгаалах эрхийг олгох аюулгүй байдлын тогтолцоондоо шинэчлэлт хийхээ ч мөн илэрхийллээ.  

Абэномикс гэж юу вэ

Шинзо Абэ засгийн эрхэнд гарсанаар түүний санаачилсан эдийн засгийг эрчимжүүлэх Абэномиксийн бодлого үргэлжлэн Японд хэрэгжихээр болж байгаа гэдгийг дээр дурьдсан билээ. Тиймээс Абэномикс гэх бодлогын талаар цухас дурьдая. Энэ нь Шинзо Абэгийн  “Абэ” болон  Экономиксийн “номикс” гэсэн хоёр үгийн нийлбэр юм. Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газрын  эдийн засгаа сэргээх маш томоохон, урт хугацааны стратегийн бодлогыг ийн нэрлэж байгаа юм. Шинзо Абэг засгийн эрхэнд гарахаас өмнө Японы эдийн засаг бараг хорин жилийн турш зогсонги байдалд орсон байжээ.

Эдийн засгаа тэрхүү зогсонги байдлаас гаргах нь эрх баригчдын толгойны өвчин болоод байсан бөгөөд Ерөнхий сайдын хувьд  эдийн засгаа сэргээхийн тулд авах хамгийн чухал арга хэмжээ нь дефляцийг зохицуулах явдал байсан аж. Тиймээс түүний хэрэгжүүлж эхэлсэн Абэномиксийн бодлогын  гол зорилго нь Японыг дефляциас гаргах аж. Абэномикс гурван үндсэн төлөвлөгөөнөөс бүрддэг байна. Үүнд:

1. Мөнгөний бодлого- Японы Засгийн газрын бондын худалдан авалтыг сэргээхийн тулд асар их хэмжээний мөнгө хэвлэх
2. Төсвийн тэлэлт- Олон нийтийн байдлыг сайжруулахын тулд иргэдэд хөрөнгө оруулах замаар Засгийн газрын зарцуулалтыг огцом нэмэх
3. Бүтцийн шинэчлэл- Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч гэсэн гол секторуудыг шинэчлэх юм байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-25 02:54:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!г манайхаас сонгоорой...
    180.235.184.105
    Мэдэгдсэн Хариулах