Я.Минжүүр: Өвчтөний оронд өөрийгөө зүйрлэж боддог байх ёстой
Өнгөрсөн лхагва гарагт Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор энгэрээ мялаасан Я.Минжүүрийг 2014 оны сүүлийн дугаартаа урьж ярилцлаа. Тэрбээр хүн, ардын эрүүл мэндийн манаанд 35 жил зогсохдоо эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын тасагт ажиллажээ. Эдүгээ тэрбээр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг аж.

-Сайхан өвөлжиж байна уу та. Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?

-Говь нутгийнхан маань өнтэй сайхан өвөлжиж байна. Энэ жил орон даяар дулаахан, өнтэй сайхан өвөл болж байх шиг. Улсад 35 жил ажилласан хөдөлмөрийг минь үнэлж өчигдөр /лхагва гараг/ Хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолыг хүртлээ. Миний хувьд 1979 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд ажлынхаа гарааг Өвөрхангай аймгаас эхэлсэн. Улмаар Өвөрхангай аймагт 13, Архангай аймагт хоёр жил ажилласан. Ингээд Говьсүмбэр аймгийг анх байгуулагдсан цагаас нь хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй жил ажилласан. Анх Говьсүмбэр аймагт эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийг байгуулан ажиллаж байна.

-Эмч нартай ярилцаж байхад ихэвчлэн ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн байдлаас шалтгаалж мэргэжлээ сонгосон байдаг юм билээ. Таны хувьд яагаад эмч болохоор шийдэв?

-Миний төрсөн нутаг бол Архангай аймаг. Хүүхэд нас минь арын сайхан хангайд өнгөрсөн юм. Дунд сургуулиа төгссөнийхөө дараа эмч болохоор шийдсэн. Ер нь хүүхэд байхаасаа эмч болохыг хүсдэг байсан. Их сайхан буянтай ажил, мэргэжил юм шиг санагддаг байсан болохоор тэр. Ийнхүү Анагаах ухааны дээд сургуульд зургаан жил суралцаж, хүссэн мэргэжлээ эзэмшсэн дээ. Уг нь би 1971 онд аравдугаар ангиа төгссөн юм. Дунд сургуулиа төгссөний дараа гурван жил цэргийн алба хаасан. Цэргийн алба хаасан минь сайн эмч болоход, зориг, итгэл, тэсвэр хатуужилтай байхад нөлөөлсөн гэж боддог юм.

-1979 онд сургуулиа төгссөн гэлээ. Тухайн үеийн эмч нар хүнд, бэрхийг туулсан тухайгаа ярих юм билээ?

-Бидний залуу үед эрүүл мэндийн салбар, ажлын нөхцөл, тоног төхөөрөмжийн хангамж зэргийг өнөөгийнхтэй харьцуулшгүй. Бэрхшээлтэй зүйлс зөндөө байсан. Гэхдээ энэ бүхнийг бэрхшээл гэж харалгүйгээр даван туулсан. Одоо эргээд харахад энэ бүхэн надад харин ч сайхан санагдаж байна.

Хэрэв тухайн үедээ шантраад, сонгосон замаасаа буцсан бол өнөөдрийн амжилтад хүрэхгүй, олон хүнд тусалж чадахгүй байсан болов уу. Тиймээс өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн амьдралын минь хуудас бүхэн надад туршлага, сайхан бүхнийг авчирсан гэж боддог. Хуучин нийгмийн үед эм, тариа, тоног, төхөөрөмж, аппарат хэрэгсэл бүгд л ЗХУ-аас ирдэг байсан. Тухайн үеийнхээ нөхцөл, байдалд тохируулж ажилладаг байсан юм.

-Өвөрхангайгаас ажлын гараагаа эхэлсэн хүн яагаад Говьсүмбэрт очих болов?

-Өвөрхангай аймагт 13 жил ажиллахдаа олон хүнд өвчтнийг хөл дээр нь босгосон. Тус аймагт эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийг байгуулж, гарынхаа гурван шавийг бэлтгэж, үлдээсэн. Анх эмнэлгийн орчин, нөхцөл сайнгүй байхаас эхлээд сайжиртал нь ажилласан гэж боддог юм. Одоо бол Өвөрхангай аймгийн эмнэлэг төвийн бүсийн оношлогоо, эмчилгээний төв болсон байна билээ.

Өвөрхангай аймагт ажилласан 13 жилийн хугацаанд би ээлжгүй ганцаараа ажилласан байдаг юм. Өдөр, шөнөгүй ажилладаг, хол сумд руу дуудлагаар явах гэх зэргээр миний амьдралын 13 жил маш завгүй өнгөрчээ. Хүний амьдрал болсон хойно буйр сэлгэх шаардлага гараад Говьсүмбэр аймагт хөл тавьсан. Анх энэ аймгийг байгуулагдсан цагаас нь эхлээд 20 гаруй жил ажиллаж, амьдарсан байна.

Хадмуудынхаа хүсэлтээр хангайн хүүхэд говийг зорьж байлаа. Тухайн үед хадмуудын маань бие жаахан тааруу байсан тиймээс ч хүсэлтийг нь хүндэтгэж амьдрахаар шийдээд нүүж байсан юм. Анх очиход мэдээж бүх зүйл бэрхшээлтэй байсан. Мөн л бэрхшээлд шантралгүй Говьсүмбэрт эрчимт эмчилгээний тасгийг байгуулж ажилласан. Түүнээс хойш иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байдлаар хүргэхийн төлөө ажиллаж ирлээ.

-Ер нь хүмүүс сургуулиа төгсөөд аль болох хотод үлдэж, томоохон эмнэлэг, албан байгууллагад ажиллах хүсэлтэй байдаг. Таны хувьд бүхий л амьдралынхаа турш орон нутагт ажиллаж, амьдарсан юм байна. Хот, хүрээ бараадах хүсэл байгаагүй юм уу?

-Намайг сургуулиа төгсч байхад хотынхон хотдоо үлддэг, хөдөөний хүүхдүүд орон нутагт томилогдож ажиллах нь түгээмэл байсан. Ер нь төгсөгчид аль болох хотод үлдэж, ажиллахыг хичээдэг нь үнэн. Энэ нь орон нутагт ажиллаж, амьдрах орчин, нөхцөл тааруу байдагтай холбоотой биз. Намайг Өвөрхангайд очиж байхад ахуй нөхцөл нэлээн хүнд байсан. Миний хувьд хөдөө, орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэх хүсэлтэй байсан юм.

Хүн бүхэн хот руу шигдээд байвал орон нутагт ажиллах хүн олдохгүй шүү дээ. Хэн хөдөөд ирж, хэн нутаг, орноо хөгжүүлэх юм, тийм биз дээ. Тиймээс ч би хөдөө ажиллах болсондоо харин ч баяртай байсан. Өнөөдөр  анхнаасаа би зөв замаар алхсан юм байна, анхнаасаа ажил, амьдралынхаа гарааг зөв цэгээсээ эхлүүлжээ гэж бодож сууна. Хөдөө, орон нутагт ажиллаж өнгөрүүлсэн 30 гаруй жил маань сайхан өнгөрчээ гэсэн дурсамж надад үлдсэн байна.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн шавь бэлтгэсэн бэ. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ гэхээр үхэл, амьдралын зааг дээр ирсэн хүнд өвчтнүүдтэй ажилладаг байж таарна. Амьдралынхаа 30 гаруй жилийг хүнд өвчтнүүдэд зориулсан байна шүү дээ?

-Одоогоор 5-6 шавьтай болсон байна. Өвөрхангайд гурав нь ажиллаж байгаа, Говьсүмбэрт хоёр нь ажиллаж байна. Харин нэг нь суралцаж байгаа. Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт ажиллана гэдэг тийм амар зүйл биш. Хэн хүний хийгээд байдаг ажил ч биш. Хувь хүнээс маш өндөр хариуцлага, зохион байгуулалт, төлөвлөлт шаарддаг ажил. Үхэл, амьдралын зааг дээр ирсэн хүнд өвчтнүүдтэй ажиллана гэдэг сэтгэлзүй болон мэргэжил, мэдлэг, ур чадвар гээд олон зүйл шаардана. Амь, нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн өвчтөн ч тэр, ар гэрийнхэн нь ялгаагүй сэтгэлзүйн дарамттай байдаг. Тэр хэрээрээ бидэнтэй янз бүрээр харилцана.

Харааж, зүхэх бол энүүхэнд. За тэгээд өвчтний биеийн байдлын тухай үнэнийг хэлж, ойлгуулна гэдэг хамгийн хэцүү даалгавар байдаг. Түүнийг зөвөөр хэлж, ойлгуулдаг байх нь эмч хүний чухал чанаруудын нэг. Тухайн гэр бүлийн боловсрол, хүмүүжил, ерөнхий зан төлвөөс шалтгаалан хүн бүхэн янз бүрээр бидэнтэй харилцдаг. Тэр болгоныг бид ойлгож хүлээж авах ёстой. Өөрийгөө үргэлж тухайн өвчтний оронд зүйрлэж боддог байх учиртай.

Би, миний үр хүүхэд, хайртай хүн маань хагалгааны ширээн дээр, эсвэл амьсгалын аппараттай хэвтэж байвал яах вэ гэж зүйрлэж бодож, тэдэнд тусалдаг байх ёстой. Сүүлийн жилүүдэд залуус маань ганц, хоёр бэрхшээлтэй нүүр тулгарахаараа шантраад, ажил, мэргэжлээ орхих үзэгдэл гарах болж. Уг нь сонгосон сонголтдоо үнэнч байх хэрэгтэй шүү дээ. Би шавь нартаа ч ингэж л захиж, хэлдэг. Диплом өвөртөлсөн бүхэн эмч болдоггүй юм. Харин хүний төлөө сэтгэлтэй, хүнлэг, энэрэнгүй байх нь эмч хүний хамгийн чухал чанар юм шүү гэж тэдэндээ байнга хэлж зөвлөдөг.

Эрчимт эмчилгээний эмч хүн цагаа олсон, оновчтой шийдвэр гаргадаг байх ёстой. Хурдтай сэтгэж, хөрвөх чадвартай байх нь чухал. Нэг ослын газарт очлоо гэхэд хэнд ямар тусламж үзүүлэх вэ, хэнийг нь машинаар эмнэлэгт хүргүүлэх вэ гээд цагийг зөв хуваарилж, цагаа олсон шийдвэр гаргадаг байх ёстой. Хүний амь нас минут, секундээр хэмжигддэг. Одоо яах билээ гээд удаан бодож, бясалгах хугацаа бидэнд байхгүй. Тэр хэрээрээ хурдан хугацаанд чанартай тусламж, үйлчилгээ хүргэдэг байх нь тун чухал. 

Анхны тусламжийг хэрхэн хүргэхээс тухайн хүний цаашдын хувь заяа, амьд байх эсэх нь шалтгаалдаг. Тэр хэрээрээ маш хариуцлагатай ажил гэж хэлээд байгаа юм шүү дээ. Би шагнал авахдаа бодож байсан л даа. Миний 35 жилийн хөдөлмөр, зүтгэлийг төр үнэллээ гэж. Я.Минжүүр гэдэг хүн өнгөрсөн 35 жилийн хугацаанд найр, наадам хэсч, хувийн  шалтаг тоочиж, утсаа унтрааж, биеийн амрыг эрэх эрхгүй ажиллажээ гэж бодогдож байна билээ.

Хоногийн 24 цагийн алинд ч бэлэн байх ёстой. Хэзээд хүний бие муудаж болно, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирж болно. Тэр бүхэнд би утсаа унтраагаад, эсхүл найр, хурим хэсээд явж байх эрхгүй. Нэгэнт би энэ замыг сонгосон, хүний амь насыг аврахын төлөө тангараг өргөсөн эмч хүн. Надад хувийн шалтаг, шалтгаан тоочоод ажил таслах эрх байхгүй. Хэн нэгний амь, насны асуудал яригдаж байдаг учраас, хагалгааны ширээний ард 7-10 цаг зогсох үе байдаг болохоор хамгийн хариуцлагатай ажил гэж хэлнэ.

-Хүнд өвчтний амийг аварчихаад нэг амьсгаа аваад, сэтгэл уужирдаг байх. Хагалгааны ширээний ард 7-10 цаг зогсоно гэдэг амаргүй биз?

-Мэдээж, хүнд. Ажил, үүргийг оновчтой, зөв хуваарилахаас эхлээд сэтгэлзүйгээ бэлдэх зэрэг хагалгаа эхлэхийн өмнө бэлтгэлээ хангах нь чухал. Олон цагаар үргэлжлэх хагалгаанд орохын өмнө идэш, уушаа хүртэл зохицуулна шүү дээ. Мэдээж эмч хүний хамгийн сайхан мөч бол өвчтнөөс баярлалаа гэдэг үгийг сонсох. “Баярлалаа эмчээ” гээд эдгэрээд гарч байгааг нь харах хамгийн сайхан мөч. Нөгөөтэйгүүр эмч хүний зовлон, жаргал, баяр, гуниг тэр эмнэлгийн байшин дотор л өрнөж байдаг.

-Диплом өвөртлөсөн хүн болгон эмч болж чаддаггүй гэж хэлж байсан юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Мэдээж диплом өвөртлөсөн хүн бүхэн эмч болж чадахгүй. Амьдралын явцад шалгараад, тунаад үлдэнэ. Чин сэтгэлээсээ хүнтэй харилцдаг, ажил, мэргэжилдээ дуртай, хайртай байх ёстой. Өвчтний оронд өөрийгөө зүйрлэж боддог бай. Гол зарчим бол энэ. Тухайн өвчтөн ямар ч харилцаатай хүн байж болно. Хүнийг ялгаж болохгүй, илүү харсан зан байж болохгүй.

-Багшгүй хүн гэж байдаггүй. Өнөөдрийн амжилт яах аргагүй багштай нь салшгүй холбоотой биз?  

-Энэ мэргэжлийн босгыг алхахад намайг сургаж, өнөөдрийн зэрэгт хүргэсэн хүн бол БНМАУ-ын Ардын эмч Лхагважав гэж хүн байдаг юм. I төв эмнэлэгт олон жил зөвлөх эмчээр ажилласан хүн. Англи, Орос хэлнээс мэргэжлийн ном, гарын авлага, сурах бичгийг маш сайн орчуулсан. Энэ хүнээр анх мэргэжлийнхээ эхлэлийг заалгаж, сурсан. Хүний зовлон, жаргалыг маш сайн ойлгодог, одоо ч шавь болсон бидэндээ үргэлж зааж, сургадаг мундаг хүн бий. Эмч хүн ер нь амьдралынхаа турш суралцдаг.

-Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын тэр тусмаа эмч нарын нэр хүнд унасан шүү дээ. Эрүүл мэндийн салбар уналтад орчихоод байгааг хүлээн зөвшөөрөх үү?

-Салбар уналтад орчихоод байгааг хүлээн зөвшөөрнө. Хамгийн гол нь зөв бодлого үгүйлэгдэж байгааг хэн хүнгүй л хэлэх болов уу. Миний хувьд харьцангуй энэ асуудалтай санал нийлдэг юм. Гэхдээ эмч нарт ч бас асуудал байгааг үгүйсгэх аргагүй. Үнэхээр алдаа гаргадаг, сэтгэлээсээ ханддаггүй эмч ч байгаа, сайн хүмүүс ч бий. Хамгийн гол нь эмч хүн авч байгаа цалиндаа тохируулж ажиллана гэж хэзээ ч байдаггүй юм.

Хэдийгээр цалин, хангамж тааруу байсан ч бид ажиллах л ёстой. Бид иймхэн цалинтай байж өвчтнүүдтэй зууралдах шаардлага байна уу гэж зарим хүмүүс боддог л байх. Гэхдээ боломжоороо ажиллахаас өөр аргагүй шүү дээ. Өвчтнүүдийг орхих эрх бидэнд байхгүй. Цаашид улс орон маань хөгжиж, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг.

Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL irgen 2014-12-30 00:54:40
    Tand bayar hurgej hamgiin sain saihniig husen yereeye ! Tan shig emch olon baigaasai. Uls oron maani hugjij buh zuil sain saihan bolno gedegt bi mun itgedeg.
    110.174.79.37
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-26 06:09:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.231
    Мэдэгдсэн Хариулах