Э.Амарсайхан: 2050 онд монгол хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохионо

Буриад, Монгол, Халимаг, ӨвөрМонгол, Тува зэрэг монгол туургатан урлаг, спортын нөхөрсөг тэмцээнийг нэг бус удаа зохиож байсан ч хүүхэд багачуудыг тэр бүр хамарч чаддаггүй байсан.  Тэгвэл манай оронд Монгол туургатан хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн анх удаа болох гэж байна. Тус тэмцээний талаар “2050” ТББ-ын ерөнхий захирал Э.Амарсайхантай ярилцлаа.

-Тэмцээнд хэдэн улсын баг оролцохоор мэдүүлгээ өгсөн бэ?

-“2050” ТББ-ын санаачилгаар “Монгол туургатан 2050” өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол туургатны дунд зохиохоор өдрөө товлосон. Ирэх сарын 1-3-нд Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд Халимаг, Монгол, Тува, Буриад, Өвөрмонгол гэсэн таван улсын өсвөрийн хөлбөмбөгийн баг оролцохоо мэдэгдлээ. “2050” ТББ-аас энэ онд дэвшүүсэн гол зорилго бол өсвөрийн хөлбөмбөгчдийг анхаарах явдал. Энэ ажлын хүрээнд хүүхэд багачууддаа багийн спортыг зөв сурталчлан таниулж, амжилтанд хүрэх үндэс, суурь хүмүүжлийг заахад чиглэж байгаа юм. Түүнчлэн зургадугаар сарын 1-3-нд болох Монгол туургатны хөлбөмбөгийн тэмцээн манай төрийн бус байгууллагын ажлын эхлэл гэж ойлгож болно.

-Монгол туургатны дунд өмнө нь тэмцээн уралдаан олон болж байсан. Гэхдээ үндэсний спорт давамгайлах талдаа. Харин энэ удаа бөмбөрцгийн хаан спортоор багачууд анх удаа өрсөлдөх гэж байгаа нь тун содон байна?

-Монгол туургатны спортын их наадам, үндэсний бөхийн барилдаан гэх мэтчлэн олон тэмцээн болдог ч хөлбөмбөгийн спорт үргэлж тойргийн гадна хоцордог байлаа. Хөлбөмбөгийг багийн спортын гол төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй. Мөн энэ жил хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа нь энэ арга хэмжээг зохиоход нөлөөлсөн. “Монгол туургатан 2050” хөлбөмбөгийн тэмцээнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх санаачилсан юм. Тус тэмцээнийг жил бүрийн хүүхдийн баярын өдрийг угтан зөвхөн Улаанбаатар хотод зохиож байхаар тогтсон. Энэ тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбайд гурван өдөр үргэлжлэнэ.

-Тэмцээнд хэдэн баг оролцох вэ?

-Зочин дөрвөн багаас гадна Монгол Улс зохион байгуулагчийн давуу эрхээ ашиглан хоёр багаа оролцуулна. Тэгээд нийт зургаан баг хоёр хэсэгт хуваагдан тоглох юм. Энэ тэмцээнд хэн түрүүлэх нь чухал биш. Хамгийн гол нь таван улсын хүүхэд багачуудад Монгол туургатны өв соёлыг сурталчлан таниулж, харилцаа холбоог сэргээхэд оршиж байгаа.

-“2050” ТББ-ынхан Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг МҮОНТ-ээр үзүүлнэ гэсэн үнэн үү?

-Энэ үнэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай хүүхэд залуус Аваргуудын лиг болон Английн Премьер лигийн тоглолтыг үзэх гэж хүсэн хүлээдэг болсон. Гэтэл тус тэмцээнийг шууд дамжуулах эрх авсан телевизүүд төлбөртэй цацдаг болоод удлаа. Иймд хөлбөмбөгийн сонирхолтой тоглолтыг Монголын спорт сонирхогчид тэр болгон үзэх боломжгүй болчихоод байгаа юм. Үүнд хүүхэд багачууд л хамгийн их хохирдог. 2014 оныг хүүхэд багачууддаа анхаарал хандуулах жил хэмээн түрүүн ярьсан.  Тэгвэл Монголын хүүхэд багачууд дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн уран гоё тоглолтыг цаг алдалгүй, шуурхай үзэх боломжийг бүрдүүлэхээр манай төрийн бус байгууллага ажиллаж байна. Аваргуудын лиг болон Премьер лигийн зарим тоглолтыг МҮОНТ-ээр үнэ төлбөргүй гаргах санаачилгыг Ерөнхийлөгч дэмжиж, “SPS” телевиз хамтран ажиллахаар болсон. Ингэснээр Монголын хөлбөмбөгийн хорхойт­нууд маань Олон нийтийн телевизээрээ өөрсдийн дэмждэг багаа цаг алдалгүй үзэх боломжтой болж байна. Тухайлбал энэ сарын 24-ний бямба гаригт Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна.

-Шууд дамжуулах албан ёсны эрхийг авах тийм ч хялбар бүтдэг ажил биш байх аа?

-Шууд дамжуулах албан ёсны эрх 2006 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс үүдэлтэй. Европын цом, Аваргуудын лиг, Премьер лигийн тоглолт гээд шууд дамжуулах эрхийн үнэ жил ирэх тусам нэмэгдсээр ирсэн. Сүүлийн дөрвөн жилд бүр огцом өссөн. Үүний цаана Монголын үзэгчид хохирч байгаа юм шүү дээ. Эрх, контентын цаана цэвэр бизнес хөдөлж байдаг болохоор шууд дамжуулах эрх авсан телевизүүдийг буруутгах аргагүй юм.

-Нууц биш бол найман жилийн өмнө шууд дамжуулах эрхийг хэдэн сая төгрөгөөр авдаг байсан бэ?

-2006 оны хөлбөмбөгийн тоглолт шууд дамжуулах эрхийн төлбөр одоо 15 дахин нэмэгдсэн. Арав хүрэхгүй жилийн дотор төлбөр нь15 дахин нэмэгдсэнд хаана хаанаа бодолцох ёстой. Монголын телевизүүдийн хоорондын уялдаа холбоогүй, нэгдэж ажилладаггүйн сул тал үнэ өсөхөд шууд нөлөөлсөн. Монголын телевизүүдийн энэ алдааны гадна талд зарим нэг нөхөд тоглолт хийж үнийг өсгөсөн. Өнгөрсөн хугацаанд телевизүүд хамтарч ажилласан бол шууд дамжуулах одоогийн ханш ядаж 3-4 дахин хямд байх байлаа. Багаар, бүлгээр ажиллах чадвар манай телевизүүдэд дутагдаж байна.

-“2050” ТББ-ын чинь нэрний талаар сонирхоё?      

-2011 онд манай улсын Ерөнхийлөгч Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттертай санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Тэр санамж бичигт Монгол Улс 2050 онд нийслэл Улаанбаатар хотдоо хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна хэмээн үзэглэсэн.  Энэ санамж бичиг Монголын хүүхэд залууст итгэл найдвар төрүүлж, тууштай зүтгэх, тэмүүлэх түлхүүр болсон. “2050” ТББ-ыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж өөрөө сэтгэл зүрхээрээ дэмжиж оролцдогт нь ихэд баярладаг.

-Ерөнхийлөгч маань аль багийг дэмждэг вэ?

-“Ливерпүүл” багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Ерөнхийлөгч маань энэ жил багаа ихэд дэмжсэн боловч харамсалтай нь “Ливерпүүл” түрүүлж чадсангүй.  

-Саяхан та УИХ-ын дарга З.Энхболдтой хамт сурталчилгааны зургаа татуулсан байсан?

-Дэлхийн алдартай “World soccer” спортын сэтгүүл тун удахгүй Монголд албан ёсны эрхтэйгээр гарна. “Амин медиа”-ийн уран бүтээлчид уг сэтгүүлийг гаргах юм. Тэд хамгийн эхний дугаартаа УИХ-ын дарга З.Энхболдыг урьсан. Тэгээд УИХ-ын дарга намайг Монголын хөлбөмбөг сонирхогчдын нүүр царай гэдэг утгаар нь хамт тоглохыг санал болгосон юм болов уу.

Д.ЖАВХЛАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амарсайхан 2014-06-10 06:41:28
    Мальдив гэж арлын хагас зэрлэг харуудад нусаа хацартаа наалгаж байж амжих уу?
  • megi 2014-05-28 22:48:31
    Boditoi yum muruudmuur yum, tsengeldeh hureelengiihee jorlong zasaj chadahgui bj yu dongosood bga yum be...ineedtei yum
  • Hudlaa gar 2014-05-22 15:27:14
    Hudlaa yarih yum.
  • Шагдар 2014-05-22 02:55:11
    Түрүүчийн ёоёотуудыгаа яая даа гэж байхаад сүүлээс нь бас нэмэгдээд байх юм. Непал, Камбожоо бардаггүй байж юун том юм ярина вэ.