УИХ 2014 онд хэрүүлээс өөр юу хийв
УИХ энэ жил дорвитой хийсэн зүйлгүй эрх мэдэл, албан тушаалын хэрүүл хийгээд он дуусгаж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Энэ онд хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцэж амжаагүй хуулиуд 2015 он руу шилжинэ. Үнэндээ хаврын чуулган завсарласнаас хойш намрын чуулган эхлээд дөрвөн сар өнгөрч байгаа хэдий ч Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах талаар болон 2015 оны төсвийг баталснаас өөр гийгүүлсэн гавьтай хууль батлаагүй. Хэлэлцсэн асуудлуудын ихэнх нь сандал ширээ булаацалдсан асуудал байлаа.

Хаврын чуулганаар давхар дээлийн асуудлаар баахан мэтгэлцэв
 
Нийтдээ хаврын чуулганаар  106 хууль, тогтоол, УИХ-ын  шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсны 10  бие даасан хууль, 61 нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дөрвөн хүчингүй болгох тухай, 4  гэрээ соёрхон батлах тухай хууль, 27  УИХ-ын тогтоол гаргасан талаар УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тэрбээр “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоолуудыг баталлаа.

Түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг хоёр хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталж их бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай”, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл, нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудыг баталлаа” хэмээжээ.

Харин хууль тогтоомжуудыг цаг хугацаанд нь батлахад намын бүлгүүд өөрсдөд нь таалагдаагүй зүйл дээрээ завсарлага авч байсан нь хууль, тогтоолыг цаг хугацаанд нь шийдвэрлэх боломжийг хааж байсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, хаврын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хурлаар хэлэлцсэн 16 асуудлаар АН-ын бүлэг гурав, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дөрвөн удаа 16 хоног нийтдээ 16 удаа 68 хоногийн завсарлага авчээ. 
 
 Сайд нарын давхар дээлийг тайлуулах гээд барсангүй
 
Хаврын чуулганы үеэр хамгийн их хэрүүл дагуулсан хуулийн төсөл бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан давхар дээлийн хуулийн төсөл байлаа. Ерөнхийлөгч төслөө 2016 оноос хэрэгжүүлэхээр тусгасан ч сөрөг хүчин болсон МАН-ынхан баталсан өдрөөс эхлэн мөрдөхөөр зүтгэсэн. АН-аас Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн МАН-ынхантай адилхан санаа оноотой байгаагаа илэрхийлж кноп дарсан. Тиймээс АН-ынхан олонхын шийдвэрээ дагаагүй хэмээж Р.Бурмаа гишүүнийг намаасаа хөөх хүртэл шийдвэр гаргаж байлаа. МАН- ынхан энэ сэдвээр жагсаал цуглаан хүртэл хийж шоудаад авсан. Тэгҗ тэгж яг асуудлаа батлах гэтэл УИХ
унагачихсан.

МАН-ынхан хуулиа батлаад одоогийн Засгийн газрын сайдуудыг бүгдийг нь солих гэсэн ч санаа нь бүтээгүй. Ингэснээр тухайн үед байсан УИХ-ын болон Засгийн газрын гишүүн 17 сайд "Давхар дээл"-тэйгээ үлдсэн. Харин Х.Баттулга гишүүн үзэл бодолдоо үнэнчээ илтгэж албан тушаалаасаа сайн дураараа татгалзан, сайдаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм.

Үнэндээ хаваржингаа л давхар дээлийн хуулийн төслөөс болж талцсан хэрүүл гүйцэд намжилгүй хаврын чуулган завсарласан.

Намрын чуулган эхлээд мөн л хэрүүл үргэлжлэв
 
Хаврын чуулганаас эхэлсэн улс төрийн хэрүүл намрын чуулган эхлэхэд хүртэл өрнөж байлаа. УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Учир нь 2014 оны турш Ерөнхий сайдыг огцрохыг сөрөг хүчний зүгээс удаа дараа шаардаж байсан. Улс оронд эдийн засгийн хүндрэл газар аваад монгол төгрөг түүхэндээ байгаагүйгээр үнэгүйдчихсэн үед эдийн засгаа аварна хэмээн Шинэчлэлийн Засгийн газраас “Эзэн 100” хөтөлбөрийг баталсан. Харин 100 хоногийн үр дүн яаж гарсан талаар намрын чуулганы үеэр хэлэлцлээ. Үнэндээ хөтөлбөр гараад эдийн засаг сайжирсан зүйл харагдаагүй.

Энэ нь ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах нэг дөхөм болж өгсөн юм.  Тиймээс янз бүрийн шүүмжлэлд өртсөн 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 дугаар сарын хоёрны өдөр Шинэчлэлийн Засгийн газрыг илүү үр дүнтэй ажиллуулахын тулд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай болж ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, тогтоолын төслийг УИХ-д  өргөн барьсан.

Харин үүнээс тав хоногийн дараа УИХ-ын нэгдсэн чуулганаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам,    Батлан хамгаалах яам,  Боловсрол, шинжлэх ухааны яам,   Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам,  Уул уурхай, эрчим хүчний яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам гэсэн 13 яамтай ажиллах шийдвэрийг гаргасан юм.

Үүний дараахан МАХН-ын дарга Н.Энхбаяр нутагтаа агаар амьсгалах гээд ирсэн биш Н.Алтанхуягийг суудлаас нь ховхруулах хамгийн том шалтгийг бий болгоод явлаа. Энэ нь  МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын дарга Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээг байгуулсан юм.  Энэхүү арван жилийн гэрээнээс болж АН доторх арслангууд сэрж, дайн зарлах нь тэр. Э.Бат-Үүлээс эхлэн гэрээг эсэргүүцэж, намын даргыг шүүхэд өгөхөө мэдэгдэв. Буланд шахагдсан Н.Алтанхуягийг намынхан нь сөрөг хүчнийхэнтэй хавсарч унаган, алдарт гэрээг хүчингүй болгосон. Энэ бүх асуудлаас болж АН-ынхан дотроо дайтаж Н.Алтанхуяг огцрох өргөдлөө өгсөн юм. Ингээд 11 дүгээр сарын 16-ны УИХ-ын чуулганаар хэлэлцээд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 66 гишүүнээс 36 нь зөвшөөрч 54.5 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэн юм.

Энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилох шийдвэрийг гаргасан. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын ҮЗХ-оос гаргаж, үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж, Ерөнхийлөгч соёрхон, улмаар УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдлоо.

Шийдлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа
 
Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулах их ажил эхэллээ. Мэдээж сандал ширээний томилгоотой холбоотой болохоор нэлээд маргаан өрнөсөн юм. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай улс төрийн намуудад илгээлт хаяглаж, Их эвслийн Засгийн газар байгуулснаар сөрөг хүчингүй Засгийн газар байгуулагдсан.

Улс орныхоо төлөө хэмээн том дуугарч байгаа МАН-ынхан одоог хүртэл сандал ширээний хэрүүлээсээ салаагүй л байгаа юм. Ямартай ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт АН-аас  10, МАН-аас зургаа, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гурван сайдын квот авлаа. Тиймээс Н.Алтанхуягийн батлуулсан бүтэц хэрэг болсонгүй. Шинэ Засгийн газар 15 яам, 19 сайдтай ажиллахаар болсон. Гэхдээ өнөөх сандал ширээ, эрх мэдэл, албан тушаалын хэрүүл одоог хүртэл тасраагүй байна. Ийм байдалтай сандал суудал яриад байхад Засгийн газар нь ч ямар ажиллах нь тодорхой. Энэ мэтээр албан тушаалын хэрүүл тэмцэл хийж ажил урагшлуулахгүй байх нь хэнд ашигтай хэрэг вэ.
 
2015 оны төсөв нэг ч шинэ бүтээн байгуулалтгүй хэмнэлттэй төсөв батлагдлаа
 
“Төсвийн тогтвортой байдлын тухай”, “Төсвийн тухай”, “Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулиуд болон эдгээрт тогтоосон тусгай шаардлагуудад нийцүүлэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар баталлаа.
 
Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7.599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь болохоор батлагдлаа.
 
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдлаа
 
Энэ оны 10 дугаар сарын 24-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай хэлэлцээд баталлаа. Энэ хуулийн төсөл мөн л нэлээн маргаан дагуулж байсан юм. Мэдээж улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал болохоор аргагүй байх.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн нарийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болсон юм.

Уул уурхайн салбарын гэрээ хэлцэл, санхүүг ил тод болголоо 

2014 онд Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг баталсан. Уг бодлогын гол зарчим нь уул уурхайн салбар цаашдаа зөвшилцлийн замаар ил тод явна гэсэн санаатай. Мөн Ашигт малтмалын хууль, Газрын тосны тухай хуульд гэрээ хэлцэл нь ил тод байхыг тусган шинэчилсэн.
 
Шилэн дансны хууль  маргаашнаас хэрэгжинэ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулж энэ оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ-ын гишүүд дөрөвдүгээр сард хуулийн төслийг хэлэлцэлгүй буцаасан.  Харин өнгөрөгч зургаадугаар сард Ерөнхийлөгч хуулийн төслөө дахин боловсруулж өргөн барьснаар долдугаар сард батлагдсан юм. Уг хууль маргааш буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • A 2015-01-02 15:02:06
    AN XERUULEES UUR YU CH HIIJ CHADAXGUI NI DAHIN BATLAGDLAA.
    203.194.114.41
    Мэдэгдсэн Хариулах
  • ээска 2015-01-02 07:15:44
    МАН *ынхан угаасаа ҮРГЭЛЖ УИХ-н хэрүүлээр БУЗАРЛАЖ бх юм даа
    203.194.118.16
    Мэдэгдсэн Хариулах
  • БЖД 2015-01-02 06:14:01
    УИХ-САНДАЛ ШИРЭЭНИЙ ХЭРҮҮЛЭЭР ШИНЭ ОНОО УГТАЖ ШИНЭ ОНД БАТАЛСАН ХУУЛИУДАА ӨӨРЧИЛЖ ТОГЛОХООР ТӨЛӨВТЭЙ БУЙ ЗА.ЛАМ БАГШЫН ЛҮНДЭНД ИНГЭЖ БУУСАН БАЙНА ШҮҮ.
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • ERGUU HART 2015-01-01 03:36:43
    HERUUL HIIJ YDRSANDAA AMRALTIIN UDRUUDIIG UURSEDDEE GARGAJ ARD TUMNEE OLON UDREER HOOSON AMRAAJ BUR ZOVOOJ BNAA
    112.72.13.111
    Мэдэгдсэн Хариулах
  • 76 malchin 2014-12-31 03:36:43
    ene 76 sain malchid, harin bid duulgavartai teneg malnuud ni.
    103.11.192.122
    Мэдэгдсэн Хариулах