Агаарын бохирдлыг яамдад шилжиснээр буурах боломжтой юу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт харьяалагдаж байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрөгч хугацаанд ажлаа тун хангалтгүй гүйцэтгэлээ хэмээн дүгнэж болно. Хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулсныг харахаар ийм дүгнэлт хийхээс аргагүйд хүрч байна. Энэ өвөл гэр хорооллын утаа улам л нэмэгдлээ. Гэвч албаныхан “Утаа их байгаа ч хор бага байна” гэх тайлбарыг хийсээр урин цагтай золгож байна.
     Ерөнхийлөгчийн Тамгын газар тус хороог ажиллуулж чадахгүй байгаагаас болоод агаарын бохирдол улам нэмэгдсэн үү, эвсэл өөр асуудал байсан уу, ямартай ч тус асуудал Ерөнхий сайдын мэдэлд очоод байгаа билээ. Тэрээр “Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж байв.

     Энэ онд утааг бууруулахад 22 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Харин энэ мөнгөөр олон жилийн турш үр дүнгээ олгоогүй ажлыг Ерөнхий сайд ном журамд нь оруулж гурван жилийн дараа гэхэд агаарын бохирдол буурах боломжийг нээх нь. Гэхдээ албаны хүний дүгнэлтээр биш, жирийн иргэдийн дүгнэлтээр байвал үр дүн гарчээ гэж хэлж болно. Ингээд Ерөнхий сайдыг хэрхэн ажиллах вэ хэмээн харах гэж байтал уг асуудал Төрийн яам, агентлагуудын мэдэлд шилжихээр болж байх шиг байна.

Өөрөөр хэлбэл УИХ-ын зарим гишүүн ийм утга бүхий хуулийн төсөл санаачилж хэлэлцүүлэхээр болоод байна. Тэд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах замаар бүх яамны эрхлэх асуудлынх нь хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг оруулж өгснөөр төрийн институци хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, төр, хувийн хэвшил, иргэдийн нэгдсэн механизмыг бүрдүүлнэ” гэж тайлбарласан.
Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл агаарын бохирдлыг бууруулах асуудлыг яамдад хуриуцуулбал Ерөнхий сайд, үндэсний хорооны хүлээх хариуцлагыг тарамдуулах болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулах асуудалд хэт олон хүн оролцоод эхэлбэл сүүлд нь хариуцлага хүлээх, хүлээлгэх тогтолцоо үгүй болохыг анхааруулсан байна.

Гэвч гишүүд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах замаар бүх яамны эрхлэх асуудлынх нь хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг оруулахыг дэмжиж хэлэлцүүлэхээр болсон юм.

Т.Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus