Жихадын дайчдын давшилт Б.Асадын байр суурийг бэхжүүлжээ

Сири улс хэзээ ч байгаагүйгээр хуваагдан бутарч 2015 онд орж байна. Гэвч дөрвөн жил үргэлжилж буй иргэний дайн, 200 мянган хүний үхэл, иргэдийнх нь 50 хувь нь дүрвэж зугтсан энэ улсад хамгийн их “завшиж”, байр сууриа бэхжүүлж буй хүн нь Ерөнхийлөгч Башар Асад ажээ. Ард иргэдийн бослого, Обамагийн дайны бөмбөр, улс орны дотор болон гаднах сөрөг хүчин, “Исламын улс” бүлгийн жихад дайчдын давшилт, “Аль-Кайда”-гийн орон нутаг дахь салбар гэгддэг “Аль-Нусрагийн фронт”-ын аль нь ч Б.Асадын дэглэмийг унагаж дөнгөсөнгүй. Башар Асад эрх мэдэлд гараад 14 жил болсны дараа улс төрийн хувьд хүчирхэгжээд байна.

Бүс нутгийн гол тоглогчид болох Саудын Араб, Ливан, Катар, Иордан, Турк, бүр Израилийн хэн ч нь эдүгээ Асадын дэглэмийг унаасай гэж хүсэхээ больжээ. Хэн нь ч Сирид “өөрчлөлт” хийхийн төлөө дуугарахаа болиод байна. Асадын дэглэм унавал мэдээж “Исламын улс” террорист бүлэг болон бусад хэт даврагчид Сирид нөлөөгөө тэлж, хөрш орнууд болон бүс нутгийн аюулгүй байдалд улам илүү түвэг учруулах нь ойлгомжтой.

“Сири улс дайны хөлд үрэгдсээр хэн нь ч ялалт байгуулж чадахааргүй нөхцөл байдалд орчихоод байна. Байнгын, олон арван жилээр үргэлжлэх дайн, мөргөлдөөний эх тавигдаж байх шиг. Асадын дэглэм жижгэрсэн, балмад цөмтэй болж, Орос, Америкийн аль нь ч шинэ лидерийг санал болгож чадахааргүй байдалд хүрээд байна. Асад шашны чиг хандлагатай үг, илтгэлээрээ Засгийн газрынхаа эв нэгдлийг тогтоон барих болов. Цэрэг армийнхан болон эрх мэдлийг голлон атгадаг алавитууд хоорондоо түнжин хагарвал суннит сөрөг хүчин байр суурийг нь эзэлнэ гэдгийг сайн мэдэж байгаа. Сирид тогтворгүй байдал олон арван жилээр үргэлжлэх төлөвтэй боллоо” хэмээн Оклахомагийн их сургуулийн Ойрхи Дорнод судлалын төвийн тэргүүн Жошуа Ландис ярилаа.

Олон улсын хүрээнд Сирийн талаар хоёр шинэ санал тавьснаар 2015 он эхэлж байна. НҮБ-ын тусгай элч Шаффан де Мистура гал зогсоохыг санал болгожээ. Яриа хэлэлцээг эхлүүлж, хүчирхийллийг багасгаж, хүмүүнлэгийн тусламжийн замыг нээхийн тулд эхлээд Алеппо хотыг сонгож авчээ. Дамаскийн дэглэм ч энэ саналд нааштай хариу өгч магадгүй байгаа юм. “Сирийн хэд хэдэн хотод дайн байлдаан зогсоод хэдэн сар болж байна. Босогчдыг бууж өгөх талаар хэлэлцээ хийх нь хамгийн зөв арга зам. Ерөнхийдөө бол улс төрийн шийдвэрийг хүлээж байна” хэмээн Сирийн армийн генерал мэдэгдсэн билээ.

Энэ сарын эцсээр эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд уулзалт зохион байгуулах саналыг Оросын тал тавьжээ. Одоогоор Дамаскийн эрх баригчид болон дотоодын сөрөг хүчин энэ саналд нааштай хариу өгөөд байна. “Энэ уулзалтын зорилго юу вэ? Хэн хэн оролцох юм? Тодорхой бус зүйл их байхад тодорхой хариулт өгч чадахгүй” хэмээн Сирийн үндэсний эвслийн (Сирийн хамгийн том сөрөг хүчин) лидер Хади Бахра мэдэгдэв.

Улс төрийн хувьд гацаа үүсээд байгаа ч цэрэг армийн салбарт томоохон өөрчлөлт гарч байна. Сирийн армийн болон АНУ тэргүүтэй эвслийн байлдааны нисэх онгоцууд зэрэгцэн хөөрч нийтийн дайснаа бөмбөгдөж байна. Пентагон өнгөрсөн есдүгээр сараас хойш Сири, Ирак дахь цэргийн ажиллагаанд 820 сая евро зарцуулж, 35 мянган жихад дайчдаас мянга орчмыг нь устгажээ.

“Исламын улс”-ын эсрэг өргөн фронтоор дэмжүүлсэн Сирийн арми лалын босогчдын цайз бэхлэлтийн эсрэг агаарын дайралтаа сэргээгээд байна. Хэдийгээр Сирийн арми урвалт, хохирлын улмаас хязгаарлагдаж, суларсан ч өнгөрсөн жилүүдэд томоохон хотууд болон улс орны гол гол зам харгуйг хяналтдаа авч чаджээ. Асадын дэглэм улс төрийн шийдвэрт хүртэл тэсэх тактик баримталж байна.
 

Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-05 03:49:12
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.119
    Мэдэгдсэн Хариулах