Ч.Жаргалсайхан: Бүсчилж хөгжүүлэх нь эн тэргүүний асуудал болчихоод байна
Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Ч.Жаргалсайханыг урьж, ярилцлаа.

-Цагааннуур сумын хувьд “Найрамдал” сангийн аж ахуйгаас эхлэлтэй. Тиймээс ч өнөөгийн Цагааннуур сумын ололт, амжилтаас ярилцлагаа эхэлье?

-Цагааннуур сум бол эртнээс газар тариалан эрхэлсэн туршлагатай нутаг. Манжийн засгийн үед Богдын сангийн тариа, буудайг бэлтгэдэг түшиц газар байсан. “Атрын II” аянаар 1976 онд “Найрамдал” сангийн аж ахуй гэж байгуулагдсан. Энэ аж ахуйн суурин дээр түшиглэн Цагааннуур сум байгуулагдсан түүхтэй. Үндсэндээ бол аймгийн хэмжээнд газар, тариалангийн томоохон түшиц газрын нэгт тооцогддог.

Ер нь зах зээлд орохоос өмнө ч тэр, зах зээлд орсны дараах 20 гаруй жилийн хугацаанд ч тэр улсын хэмжээнд бэлдэж буй ургацын 10, аймгийн хэмжээнд бэлтгэж буй нийт ургацын 20 орчим хувийг манай сум бэлтгэж ирсэн уламжлалтай. Тиймээс ч газар тариалангийн томоохон бүс нутгийн тоонд зүй ёсоор багтана. Сүүлийн жилүүдэд манай сумын газар, тариалангийн салбар нэлээн эрчимжсэн.

Техник, тоног, төхөөрөмжөөс эхлээд технологийн хувьд нэлээн шинэчлэгдсэн. Өнгөрсөн онд манай сум байгуулагдсаны 90 жилийн ой  тохиосон. Эрдэнэвангийн хошуунаас өнөөдрийн Цагаан­нуур хүртэл 90 жилийн түүхтэй. Ойгоо угтаад манай тариаланчид, аж ахуй нэгжүүд, иргэд  маань амжилттай сайн ажиллалаа. 2014 онд бид сумын хэмжээнд 37595 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 30 орчим мянган га талбайд нь үр, тариа тариалсан.

Энэ талбайгаас нийт 57421 тн үр, тариа хураасан. Өөрөөр хэлбэл, нэгж талбайгаас 19.3 цн ургац хураасан гэсэн үг. Үр, тариан дотроо 22995 га-аас 49701 тн улаан буудай хураасан. Энэ нь үндсэндээ Цагааннуур сумын түүхэнд тэмдэглэгдэх томоо­хон амжилтын нэгд тооцог­дож байна. Өмнө нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байх хугацаанд 1982 онд 50 мянган тн, 1983 онд 52 мянган тн, 1988 онд 71500 тн ургац хурааж байсан түүхтэй. Харин зах зээлд шилжсэнээс хойш 2009 онд “Атрын II” аяны 50 жилийн ой тохиоход манай сумынхан 52 мянган тонн ургац хураасан.

Энэ жил сумынхаа 90 жилийн ойгоор 57 мянган ургац хураасан амжилт гаргалаа.  Мэдээж энэ бүхэн тариаланчид маань үр, тоног, төхөөрөмжөө шинэлчилсэн, хөрсөө бордсон зэрэгтэй салшгүй холбоотой. Тариаланчдын маань идэвх, санаачлагын үр дүнд гарсан амжилт юм. Үүнээс гадна энэ жил манай зарим аж ахуй нэгжүүд технологийн шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, уринш хийхгүйгээр бүх талбайдаа тариалалт хийсэн.

Уринш хийхгүйгээр сэлгээний ургамал тариалсан байгаа. Тиймээс ч Цагааннуур сум энэ жил түүхэндээ байгаагүй их талбайд буюу  37595 га талбайд тариалалт хийсэн. Энэ нь эргээд хөрсөө бордож, ирээдүйн хэтийн хөрсний бүтцээ бодолцсон алхам байлаа. Тариа, буудайгаа аж ахуй нэгжүүд маань гэрээт байгууллагууддаа зарж, борлуулаад явж байна. Ирэх хаврын тариалалтад зориулж, аж ахуй нэгжүүд маань 2500 орчим тн үр нөөцөлсөн байгаа. 14 мянган га-д уринш хийсэн байна. Ийм л амжилтаар 2014 оноо үдлээ.

-Уринш хийхгүйгээр сэл­гээн­ий ургамал тариал­сан гэсэн. Энэ танай тарианланч­дын нэвтрүүлсэн туршлага байна уу, эсвэл бусдын жишээг нутагшуулав уу?

-Газар тариалан эрчимжиж байгаагийн нэг хэлбэр. Үр, тариа их тариалдаг улс, орнуудын туршлага юм. Тухайлбал, ОХУ-д гэхэд өнжөөлгүйгээр бүх талбайдаа тариалалт хийдэг юм билээ. Ингэхдээ ээлжилж сэлгээний ургамал тариалдаг туршлагыг нэвтрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд хөрсний бүтэц  нэлээн алдагдаж байгаа. Тиймээс ч бид жил бүр ээлжлэн үр тариа болон сэлгээний ургамал тариалж байна.

-Танай сумын хувьд аль Манжийн засгийн үеэс л тариа, буудай тариалдаг байж. Тэгэхээр энэ олон жилийн турш  тариалалт хийсэн хөрсний шим, тэжээлийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Энэ салбарын оршин тогтнох үндэс нь газар. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөрсний асуудал нэлээн хөндөгдөх боллоо. Хөрсний бүтэц, шим, тэжээл буурч байгааг бид нүдээрээ харж байгаа, орон даяар цөлжилт эрчимтэй явагдаж байна. Тиймээс аж ахуй нэгжүүд хөрсөө тэтгэх бодлого баримталж байгаа. Тухайлбал, “Гацуурт”, “Товхонхан” зэрэг манай томоохон компаниуд  тариалалт хийсэн талбайдаа бордоо хэрэглэж байна.

Тодруулбал, ОХУ-аас азот, фосфорын нийлмэл, холимог зэрэг төрөл бүрийн бордоо авч хэрэглэж байгаа юм. Ер нь цаашид төрийн зүгээс хөрсөө тэтгэх, газрын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр манай сум газар, тариалангийн томоохон бүс нутаг. Нийтдээ 52 мянган га эргэлтийн талбайтай. Жилдээ 23-29 мянган га талбайд тариалалт хийдэг сум.

Хуучин нийгмийн үед газар, тариалангийн салбар нэгдсэн бодлогоор маш эмх, цэгцтэй явж байсан. Гэтэл зах зээлд шилжсэнээр энэ бүхэн үгүй болсон. Тухайлбал, зах зээлд шилжсэнээс хойш Сэлэнгийн төв районыг чиглэсэн баруун аймгийн малчдын нүүдэл эрчимтэй явагдсан. Улмаар мал нь ихэдсэн. Зүй нь бол Цагааннуур суманд 30 гаруй мянган толгой мал байж гэмээнэ  зохистой харьцаатай байх юм.

Гэтэл одоогийн байдлаар манай суманд 120 гаруй мянган мал байна. Бүгд бэлчээрийн мал аж ахуй. Тиймээс тариалангийн талбайд жилийн дөрвөн улиралд мал ордог, бэлчээрийн даац хэтэрчихсэн. Уг нь намар ургацаа хураагаад сүрлээ хэрчиж, бүтээгээд талбайгаа орхих ёстой. Гэтэл тариалж дуусав уу үгүй юу тариалангийн талбай руу мал орчихдог. Энэ байдлыг зохицуулах зайлшгүй шаардлага тулгарчихаад байна.

-Тэгэхээр малчид, тариаланчдын асуудал Сэлэнгийн аль ч суманд очсон хөндөгдөх юм. Таны хувьд энэ асуудалд ямар бодлого баримталж, ажиллаж байна вэ?

-Энэ бол их онцгой, анхаарал татсан асуудал. Орон нутгийн хувьд аль болох малаа эрчимжүүлэх бодлогыг баримталж байна. Малчидтайгаа уулзалт зохион байгуулдаг. Ер нь бидний зүгээс аль болох хагас суурин маллагаатай байхыг эрмэлзэж ажиллаж байна. Ганц манай суманд малын тоо толгой хэтэрчихээд байгаа юм биш. Энэ бол Сэлэнгэ даяар тулгамдаад байгаа асуудлын нэг.

Тэгэхээр бид төр, засагт ямар санал тавьж байна вэ гэхээр тэртэй тэргүй Монгол Улсын хүнсний хэрэгцээг хангаж байгаа, цаашилбал үндэсний аюулгүй байдалд хамаарах улаан буудайг тариалж байгаа энэ нутгийг газар тариалангийн бүс нутаг болгож, хөгжүүлж өгөөч гэж байгаа юм. Тариа тариалж байгаа газарт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн гол бүс нутаг болгож зааглах ёстой.

Бэлчээрийн мал аж ахуй тусдаа байх учиртай. Хэрэв газар тариалангийн бүс нутагт мал бүхий иргэд байвал тэд зөвхөн эрчимжсэн аж ахуйтай байх ёстой гэсэн шаардлагыг тавих ёстой. Яах вэ манай зарим иргэд, аж ахуйн нэгжүүд эхнээсээ энэ зүг рүү хандаж байна.

Тухайлбал, “Гацуурт” компани  гэхэд эрчимжсэн мал аж ахуйг бүрэн утгаар нь хөгжүүлж байна. Энэ цогцолборт Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж, нөхцөл, байдалтай танилцсан. Тэгээд “Газар, тариалангийн бүс нутагт ийм л эрчимжсэн мал аж ахуй байх ёстой юм байна” гэж хэлсэн. Малчид маань эхнээсээ малынхаа чанар, үүлдэр, угсааг сайжруулах, тооны араас биш чанарын араас хөөцөлддөг болж байгаа нь сайшаалтай.

-Цагааннуур сумын иргэдийн аж амьдрал ер нь ямар төвшинд байна вэ?
 
-Зах зээлд шилжсэнээс хойш нийгмийн хөгжлөө дагаад ард түмний амьдрал сайжирч  байна. Яг тариаланчдын хувьд гэвэл тэдний маань амьдрал тийм ч хангалуун, тансаг биш шүү дээ. Учир нь тариаланчид хоёр жил хөдөлмөрлөж байж ургац хураадаг. Уриншаа хийж, талбайгаа бэлдэж байна гэж нэг жил өнжинө. Дараа жил нь ургацаа тарина, хураана. Тэгээд тариа тарьсан жилээ ахиухан ургац хураахын төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөнө.

Ингээд  тариа, буудайгаа борлуулах гэхээр аргагүй төрийн бодлого үгүйлэгдэж байгаа юм. Тухайлбал, энэ жилийн хувьд улаан буудайн үнийн асуудал байсан. Та бүхэн ч гэсэн мэдэж байгаа болов уу. Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас нэг шийдвэр гаргачихсан.

Тэгээд тонн тутмыг нь 550 мянган төгрөгөөс дээш бол улс худалдаж авахгүй ч гэж үзлээ. Гэхдээ хамгийн гол нь тариаланчдын хөдөлмөр маш хүнд. Үүнээс гадна тэдний ашиглаж буй техник, тоног төхөөрөмж асар өндөр үнэтэй. Тэд маань байнга техник, тоног төхөөрөмжөө шинэчилж, сайжруулж байх шаардлагатай тулгарна. Тухайлбал, манай аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа нэг комбайн гэхэд л 400-500 мянган ам.долларын үнэтэй байдаг.

Дээрээс нь тариаланчдын хэрэгцээ ганц комбайнаар хязгаарлагдахгүй. Олон төрлийн өндөр үнэтэй техник авах шаардлага тулгардаг. Энэ бүхнийг ихэнх нь зээлээр авдаг. Үүнээс гадна бүтээгдэхүүнийхээ үнийг ихэвчлэн ондоо багтааж авч чаддаггүй юм билээ. Энэ бүхнээс шалтгаалан газар, тариалангийн компаниуд өндөр ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм. Төрөөс олгож буй урамшуулал дээр л тариаланчдын амьдрал тогтож байна.

Ер нь өнөөдөр малчид, тариаланчдын амьдралыг харьцуулаад харахад хамгийн мөнгөтэй хүмүүс малчид л байна. Дансандаа хэн хадгаламжтай байна гэхээр малчид л хадгаламжтай байгаа юм. Малчид өнөөдөр улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Тэд жилийн дөрвөн улиралд дуртай газраа нүүдэллэж, малаа маллаж амьдардаг.

Тэгэхэд малын хөлийн татвар ч юм уу, ямар нэгэн байдлаар огт татвар авдаггүй шүү дээ. Мал сайн өсч байна. Тиймээс ч малчдын амьдрал сүүлийн жилүүдэд эрс сайжирсан. Хамгийн багадаа гэхэд малчид гаднаа нэг машинтай, нэг мотоцикльтой байгаа шүү дээ. Гэтэл дансандаа хадгаламжтай нь бүү хэл хөл дүүжлэх унаатай тариаланч цөөхөн шүү. Бодит амьдрал дээр ийм л байна.

-Сүүлийн жилүүдэд рапс тариалж, мөнгөний араас хөөцөлдөх боллоо гэж шүүмжлүүлэх болсон. Үнэхээр тариаланчид рапс тариалж, хөрсийг сүйтгээд, ашгийн хойноос улайрч байна уу?

-Нэн  тэргүүнд тариалан эрхэлдэг аймаг, орон нутгийг бүсчилж, хөгжүүлэх шаардлагатай байна. Хэн нэгний нөлөөгүйгээр газар тариалангийн бүс нутаг аяндаа хөгжиж, сэргэх юм бол тариаланчдын амьдрал  тэр хэрээрээ сайжирна. Өнөөдөр манай суманд мал их байгаа учраас хөрсийг нэлээд муутгасан.

Дээрээс нь зарим үед мал комбайнтай зэрэгцээд л ургац “хураачихаж” байна шүү дээ. Социализмын үед Монгол Улс тариа, буудайгаа бараг экспортолж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд маш их хорогдол гарах болсон. Жилийн туршид ашиглагддаггүй, хэдхэн сарын турш ашигладаг, хөрөнгө оруулалт ихээр шаарддаг салбар шүү дээ. Манай нутгаар явахад анзаарсан байх.

Цагааннуур сумын аж ахуйн нэгжүүд, тариаланчид рапс зэрэг ургамал ихээр тариалж, мөнгөний араас хөөцөлдөхгүй байгаа. Тэжээлийн ургамал буюу рапс, улаан буудай хоёрын зах зээлийн үнэ тэнгэр, газар шиг зөрүүтэй байна шүү дээ. Хятадууд өөрсдөө шуудайгаа барьж, ирээд нэг тонн рапсыг нэг сая төгрөгөөр худалдаж аваад явж байна. Гэтэл улаан буудайг үсрээд л 550 орчим мянган төгрөгөөр тонн тутмыг нь улсад өгч байгаа юм.

Эндээс харагдаж байгаа биз дээ, рапс, улаан буудайн үнэ эрс ялгаатай байгаа биз. Уг нь бизнес хийж байгаа хүн ашгийн төлөө л явдаг. Хэрэв манай тариаланчид үнэхээр мөнгөний хойноос явсан бол нэг тонн улаан буудай тариалж байснаас хоёр тонн рапс тариалсан нь өөрсдөд нь ашигтай. Гэхдээ манай сумын тариаланчид ашгийн хойноос хөөцөлдөөгүй. Талбайнхаа тодорхой хувьд  рапс тариалаад улаан буудайгаа тарьж, ургуулаад л явж байна.

Үүнээс гадна улсын хэмжээнд ургац хураалт дуусаагүй байхад улаан буудай импортолсон шүү дээ. Энэ бол хамгийн утгагүй асуудал. Гэтэл ургац хураалтын урьдчилсан баланс гараагүй байхад гаднаас буудай орж ирээд л үйлдвэрлэгчид авчихаж байгаа юм. Монголынхоо хөрсөнд тариалсан улаан буудайгаар дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар байхад гаднаас буудай авах шаардлага байсан уу. Энэ мэт асуудлыг төрийн зүгээс зайлшгүй нэгдсэн бодлогоор шийдвэрлэх цаг нь болжээ.

-Чанарын асуудлаар л ам тагладаг шүү дээ?

-Яах вэ дээ, жил бүр Монголын улаан буудайн цавуулаг муу гэсэн яриа гардаг шүү дээ. Манай аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын лабораториор шинжлүүлэхэд улаан буудайн чанар боломжийн л байсан. Ер нь олон жилийн практикаас харж байхад өнгөрсөн жилийн ургацын чанар муу байх ямар ч үндэслэл байхгүй.

Дэлгэр, сайхан зун боллоо, урт сайхан намар боллоо, хавар нь ч хүндрээгүй байхад улаан буудайн болц, чанар сайн байхаас аргагүй. Гэтэл ОХУ-аас 7000 тн улаан буудай импортолсон. Энэ үеэр тариаланчдын урам нь хугарч, маш их маргаан, тэмцэл үүсгэсэн. Тиймээс ч энэ мэт асуудлаас харахад төрийн мэргэн бодлого хаана явна вэ гэх асуулт эрхгүй ургаж байна.

-Цагааннуур сумын хувьд зөвхөн газар, тариалан гэлтгүй жижиг, дунд үйлдвэрлэл боломжийн хэмжээнд хөгжсөн харагдаж байна. Энэ чиглэлд сум, орон нутгийн зүгээс хэр анхаарч байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэл нэг үеэ бодвол орон нутагт харьцангуй хөгжиж байна. Өнгөрсөн Засгийн газрын үед буюу 2011 онд Сум хөгжүүлэх сан гэж байгуулсан шүү дээ. Энэ хугацаанд 180 сая төгрөгийг Сум хөгжүүлэх сангаар дамжуулан Цагааннуурт олгосон. Энэ мөнгөө л бид үйлдвэрлэгчиддээ хуваарилсан даа. Эхний удаад гэхэд л хүн болгон зээл авч, юм хийх гээд л зүтгэж байсан. Бид хамгийн дээд тал нь таван сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Гэхдээ юм хийе гэсэн хүнд бол таван сая төгрөг багаддаггүй юм билээ. Олон хүнд бид зээл олгосон. Тодруулбал, 50 гаруй иргэнд Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон. Үүний үр дүнд Цагааннуур сумандаа блок үйлдвэрлэдэг болсон, талхны хэрэгцээгээ өөрсдөө хангаж байна. Мөн 2011 онд манай суманд зөгийний аж ахуй огт байгаагүй. Тиймээс бодлогоор зөгийний аж ахуйтай болсноор зөгийн балаар сумын хэрэгцээгээ хангаж байна.

Янз бүрийн ахуйн үйлдвэрлэл, эсгий, оёдол зэрэг юм хийдэг болсон. Гэхдээ хүн болгон зээлд хамрагдана гэж байхгүй. Бидний хувьд орон нутагт хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэх хүмүүстээ л зээл олгосон. Тиймээс ч үнэхээр юм хийе гэсэн хүсэлтэй хүнд 5-10 сая төгрөг үнэхээр багаддаггүй юм билээ. Бид зээлийн хэмжээгээ 10 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнээс гадна сумынхаа эрэлт, хэрэгцээ, зах зээлд тохируулж үйлдвэрлэл эрхлэх ёстой.

Нэг үеэ бодвол манай сумынхан харьцангуй юм хийе, амьдралаа сайжруулъя гэсэн хүсэлтэй болсон нь анзаарагдаж байна. Манай суманд гэртэй айл тун цөөн. Ихэнх нь байшинд амьдарч байна. Сумынхаа эрэлт, зах зээлд нийцүүлээд хүмүүс маань юм хийдэг болсон. Юм хийе, боломжийн амьдаръя гэсэн хүсэлтэй залууст их дэм болсон гэж боддог. Монголчууд хүн бүхэн хүртэх ёстой юм шиг боддог шүү дээ. Зарчим барьж ажиллах ёстой.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн билээ. Цагааннуур сумын  уугуул уу?

-Багш мэргэжилтэй. 1982 онд багшийн сургууль төгсч ирээд, 10 гаруй жил сумынхаа сургуульд ажилласан. 1996 оноос хойш Засаг даргаар ажиллаж байна.  Үндсэн захиргаа бол Архангай аймаг. Сэлэнгэд яг нутгийн уугуул иргэд ховор шүү дээ. Ялангуяа сангийн аж ахуй байгуулагдаж байх үед эвлэлийн илгээлтээр тал бүрээс цуглаж, суурьшсан иргэд байдаг юм. Гэхдээ тал бүрээс цугласан гэхэд харьцангуй эвтэй.

Эвтэй ажиллаж, амьдарч ирсэн учраас Цагааннуур сум өдий зэрэгтэй явдаг гэж боддог юм. Нөгөөтэйгүүр бид эвтэй учраас манай суманд намчирхал, талцал, улстөржилт гэж байхгүй. Орон нутагт улстөржилт гэж айхтар зүйл байна шүү дээ. Үүнийг болиосой гэж боддог. Намчирхал, улстөржилтөөс болж эхнэр, нөхөр хоёр хүртэл ам мурийж байна шүү дээ. Ийм байж болохгүй. Энэ чинь хөгжилд тушаа болж байгаа юм.

Бусад газруудыг ажиглаж байхад сонгууль болж, удирдлага солигдоход дор нь ажиллаж байгаа аппарат тэр чигээрээ солигдох жишээтэй. Ингэх шаардлагагүй юм. Шалих, шалихгүй зүйлээр улс төр хийж, орон нутгийн хөгжилд тушаа болж байгааг болих хэрэгтэй. Суманд хэн хийж чадаж байна өрсөлдөөд л иргэд өөрсдөө сонгох ёстой. Түүний аль намд харъяалагддаг байх нь чухал шалгуур биш шүү дээ. Хэн чадаж байгаа нь ажлаа хийг, хэн сэтгэлтэй, зүтгэлтэй байгаад нь ажлыг хариуцуулах хэрэгтэй. Үүнээс гадна орон нутгийн иргэдийг талцуулж огт болохгүй. Энэ бол үнэхээр утгагүй асуудал.

-Газрын хөрсөн доорх баялгаа хэрхэн ашиглаж байна вэ?

-Манай нутагт уул уурхай гэж сүйд болсон зүйл байхгүй. Бидний хувьд ч газар, нутгаа ухуулж, хөндүүлээд байх сонирхолгүй. Байгалийн үзэсгэлэнтэй тогтоц, уул, ус, ургамал, амьтан тэгширсэн сайхан нутгаа бид хайрлаж, хамгаалах ёстой. Бид хойч үедээ Цагааннуур сумынхаа газар, нутгийг бүрэн, бүтэн өвлүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс шүү дээ.
 
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-06 01:47:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.113
    Мэдэгдсэн Хариулах