“Чөтгөрийн тойрог”-оос гаръя гэвэл доллар л олж ир
“Магтсан хүүхэн хуримандаа унгав” гэгчээр элгээрээ хэвтсэн эдийн засгаа аварч, өрийн босгоо нэмэхгүйгээр улс орноо хямралаас аврах талаар амлалт өгч байсан улстөрчид өнөөдөр ам руугаа алгадуулчихлаа. Долларын дотогшлох урсгалын амсар нь хаагдаж, Оюутолгойн сураг алдарчихаад байхад л улстөрчид өнөөх популизмаа хийсээр.

Өрөө нэмж, гаднаас доллар олж ирнэ гэвэл Засгийн газраас гарна хэмээн шантааж хийсээр сууна. Аргаа барахдаа ард түмнийхээ халаасыг сэгсрэх шийдвэр гаргасан ч ам.доллар улам галзуурсаар, ард түмний амьдрал улам л доройтсоор. Өчигдрийн байдлаар ам.долларын ханш арилжааны банкуудад 1909 төгрөгт хүрлээ. МАН, АН хоёр нэгдэх сургаар ам.долларын үнэ буурчихлаа. МАН ёстой мундаг, АН ч зөв шийдвэр гаргалаа гэж мянга сурталчлаад ноён доллар номхрохгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Тэгэхээр намууд нэгдэхээр буурчихдаг юм гэсэн “гэнэн” тайлбар хийж суухаар ам.долларын эрэлд гарах цаг нь болжээ, улстөрчдөө.

Мэдээж энэ ажлыг Засгийн газар, тэр дундаа салбар хариуцсан сайдууд нь хийх учиртай. Монголын том том уул уурхайг хөдөлгөж, хөрөнгө оруулагчдыг зад “найраад” доллар олоод ирэх Монгол Улсын сайд гэх албан тушаалыг ид шидийг одоо л үзэх хэрэгтэй байна. Эдийн засгийг аврахаар эрх баригчидтай нэгдсэн Ардын намын арван мэхийг одоо л үзье. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахын хэрээр ам.долларын нөөц улам бүр багассаар байна. Аж ахуйн нэгжүүдийг элдвийн татвараар шантаажилж, хаалга үүдийг нь бариулж байх зуур доллар дураараа дургиж байгаа нь харамсалтай. Монголбанк хэдийгээр бодлогын хүүгээ нэмэх зэргээр өөрт оногдсон үүргээ биелүүлж байгаа ч доллар олж ирэх субьект нь улс төр хийгээд суучихаар аргаа барах нь тодорхой юм.

Монголбанкны валютын нөөц одоогоор ямар хэмжээнд байгаа талаар тус банкны ВЭЗГ-ын СЗЗХ-ийн захирал Ж.Батаагаас тодруулахад “Монголбанк гадаад валютын нөөцийг нэг сарын хоцрогдолтой өөрийн веб хуудас дээр байнга мэдээлж байдаг. Гадаад валютын нөөц 2014 оны арваннэгдүгээр сарын сүүлээр 1.352.1 сая ам доллар байсан. Гадаад валютын нөөц 2014 оны эцэст 1.650 сая ам доллар болж нэмэгдсэн байгаа.

Олон улсын жишиг төвшин нь гадаад валютын нөөц импортын 12 долоо хоногтой тэнцэж байх ёстой байдаг. Манай улсын хувьд өнгөрсөн арванэгдүгээр сарын эцсээр 14.6 долоо хоног, 2014 оны эцсээр 21.9 долоо хоногийн хэрэгцээг хангаж байна. Монголбанкны валютын зах дахь оролцоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурч байгаа. Гэхдээ валютын захад огцом хэлбэлзэл гарсан үед Монголбанк байнга оролцож ирсэн бодлого хэвээрээ хадгалагдана
” гэсэн хариулт өгсөн юм. Сэхээнд оруулчихалгүй өндийлгөж байгаа дээр нь улстөрчид маань ажлаа хийж валютын нөөцөө нэмэгдүүлэх ямар л арга байна түүнийг ашиглая.

Хөрөнгө оруулагчдад хадаг тавиад мөргөж гуйя
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын өөрчлөлт,
сая ам.доллараар

Эдийн засаг яагаад ингэтлээ хүндэрсэн бэ гэсэн эхний асуултын хариулт нь мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан явдал хариулт болох учиртай. Орж ирдэг валют нь буурахаар мөнгөний хомсдол үүсэх нь бичигдээгүй хууль учраас энэ бүх хүндрэл хөрөнгө оруулалт буурснаас үүсчээ гэдгийг ойлгоход эдийн засаг дагнан судлаж, их хэмжээний тоо баримт дурьдах шаардлага байхгүй юм. Цаашлаад аж ахуйн нэгжүүдээ төр нь дэмжээд гаднаас доллар олоод ир хэмээн явуулахын оронд хаалга үүдийг нь барина хэмээн сүрдүүлж, олон мянган иргэдийг гудамжинд гаргаж байна. Эдийн засгийн өршөөлийн хууль хэсэг бүлэг популистуудаас болж Тамгын газрын ширээнд тоосонд дарагдаж хэвтэнэ.

2009 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 270 сая ам.доллараар буюу 32 хувиар буурахад Монголын эдийн засаг -1.3 хувиар буурч, эдийн засаг бүхэлдээ хямарч байсан. Гэтэл 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар буюу 55 хувиар буурч байхад эдийн засгийн бодит өсөлт өнгөрсөн жил +11.7 хувьтай, 2014 оны эхний улиралд +7.4 хувьтай гарчээ. Асар их импортын хэрэглээтэй болчихсон хэврэг эдийн засагт тэр хэрэглээг нь тэтгэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт ийм огцом буурчихаад байхад зүй нь 2009 оных шиг, түүнээс ч илүү гүнзгий хямралд 2013 онд орохоор л байлаа. Үүний цаад учир нь асар их мөнгөний дутагдлын зарим хэсгийг нь нөхсөнд оршиж байна.

Гэхдээ л Монголд мөнгө, гадаад валют дутагдсаар. Улстөрч гэж өөрсдийгөө нэрлэсэн популистууд, хариуцлага, мэдлэг, чадвар үгүй сайдууд нь гаднаас доллар, юань, иен, евро орж ирэх сувгуудыг хаасаар л байна. Оюутолгой арайхийн зүг чигээ олох нь ээ гэхээр зарим нэг популистууд шүүх цагдаа болж, “но”-той, ноцтой баримт дэлгэнэ гэх шантааж үзүүлдэг нь харамсалтай. Гэсэн ч тэдний иддэг хоол, өмсдөг хувцас, авсан зээл нь хүртэл ам.долларын өсөлтөөс шалтгаалдаг, доллараар хийгддэг гэдгийг нуугаад яахав. Тиймээс популизмаа болж хөрөнгө оруулагчдад мөргөж гуйгаад ч болов оруулж ирэх үүрэг Засгийн газарт оногдож байна.

Ам.доллар бүх валютын эсрэг чангарсаар байна


Эдийн засаг хүндрэх суурь шалтгаан нь юу байв гэсэн хоёр дахь асуултад урсгал тэнцлийн алдагдал хасах байгаа шалтгаан хариулт болно. Энгийнээр тайлбарлавал, бидний үйлдвэрлэж гаргаад валют болгодог бүтээгдэхүүн, гаднаас валютаар оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн хоёрын зөрүүг урсгал тэнцлийн алдагдал хэмээн тайлбарлаж болно. 2012-2013 онд урсгал тэнцэл 6554 сая ам.доллар болж, алдагдал нь 6.4 дахин өсчээ. Бид илүү ихийг гаднаас худалдан авч хэрэглэдэг болсон, харин илүү багыг үйлдвэрлэж, гадагш нь зарж өчүүхэн орлого олж байна гэсэн үг. Тэгэхээр алдагдлыг эерэг буюу нэмэх болгож байж л асуудлаа шийднэ.

Хоёрдугаарт, дэлхийн валютын зах зээлд евро, иен, рубль зэрэг голлох валютуудын ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Тухайлбал, сүүлийн зургаан сард еврогийн ханш долларын эсрэг 12.4 хувиар суларсан бол рубль 45.1 хувиар, иен 15.5 хувиар, Монгол төгрөг 3.5 хувиар тус тус суларчээ. Олон улсын төлбөр тооцооны банкны мэдээлэлд дурьдсанаар ам.долларын ханш дэлхийн зах зээл дээр нефьтийн ханш унасан, Японы төв банк мөнгөний тэлэх бодлого баримталж байгаа, мөн хөгжсөн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэнтэй холбогдуулан голлох валютуудын ханш ам.долларын эсрэг суларсаар байгааг онцолжээ.

Ялангуяа Азийн бүс нутагт хөрөнгө оруулалтын орчин сайнгүй байгаа нь ам.доллар чангарах том шалтгаан болж байгаа хэмээжээ. Азийн бүс нутагт Монгол Улс багтдаг. Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт буурчихсан энэ үед монгол төгрөгийн ханш суларлаа хэмээн шүүмжлэх бус хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ноён долларыг номхотгож чадах эсэхээс, цаашлаад экспортоо нэмж, гадаадаас мөнгө татаж, том төслүүдээ хөдөлгөж чадах эсэхээс бид “чөтгөрийн тойрог”-оос гарч чадах уу гэдэг нь шалтгаалах юм.

Өрийн таацаа нэмэгдүүл, өөр гарц алга
 
Урсгал тэнцлийн алдагдал,
сая ам.доллараар

Улс орны эдийн засгийн хувь заяа нуруун дээр нь байдаг цөөхөн хэдхэн албан тушаалтны нэг бол Сангийн сайд. Мэдээж Гүйцэтгэх засаглалын тэргүүн, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх Монголбанкны Ерөнхийлөгч дээрээс нь том том төслүүдийг хөдөлгөх Монгол Улсын сайд гэх хүн нэмэгдэх учиртай.

Эдгээр албан тушаалтнууд эдийн засгийн хүндрэл, ам.долларын өсөлт, валютын нөөцөө нэмэгдүүлэх асуудлаар нэг сигналтай байж асуудал шийдэгдэх учиртай. Эдгээр хүмүүс бид өнөө маргаашийн хүндрэлээс гарч, эдийн засгийн өсөлтийг шийдэхийн тулд өрийн таацаа нэмэгдүүлэх ёстой хэмээн ярьж байгаа ч наана нь ард түмэнд таалагдахын тулд юу ч хамаагүй бурдаг улстөрчид популизм хийж тээг садаа тавьсаар хугацаа алдаж сууна.

Өмнө бичиж байсанчлан бид өрийн таацаа нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгө оруулалтаа ч хөдөлгөхгүй, валют ч олж ирэхгүй. Хүүхдийн 20 мянга, одонгийн 200 мянгыг танаад ч асуудлаа шийдэж чадахгүй. Уйлж дуулж суугаа бизнес эрхлэгчдээ ажлаа амар тайван хийх нөхцөл боломжоор хангаж чадахгүй. Тиймээс тэртэй тэргүй 40 хувийн босгоос өнгөрчихөөд байгаа өрийн таацаа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татаж томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна. Зам гудамж барьж цацах бус хаа хаанаа хариуцлагатайгаар зарцуулж Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөх төмөр замуудаа барих гарц эрье. Аж үйлдвэрийн парк, алт зэсийг дотооддоо үйлдвэрлэх томхон үйлдвэрүүдээ хөдөлгөөнд оруулъя.

Нүүрснээс шингэн түлш гаргах, баяжуулах боловсруулах үйлдвэрүүд барьж чадахгүй л бол бид бахь байдгаараа Оюутолгой олзоо өгч, Тавантолгой тэжээхийг хүлээж дахиад л 10, 20 жил энэ байдлаараа явна. Учир мэддэг, эдийн засаг жаахан гадарладаг хэсэг бүлэг энэнээс өөр гарц байхгүйг мэдэж байгаа ч яг л өмнөх 20 жилд явж ирсэн ард түмэнд таалагдахгүй бол ахиад гарч чадахгүй гэсэн ядуухан бодолтой, явцуу эрх ашгаасаа болж шантааж хийсээр байна. Үнэхээр мэддэг чаддаг бол МАН гэх улс төрийн хүчин өнөөдөр шийдэл олчихсон байх учиртай.

Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд хэнийг ямар суудалд суулгах, хэн гэж нөхөрт сайдын суудлаа үнэ хүргэх вэ гэсэн асуудалд анхаарлаа хандуулсаар ирлээ. Засгийн газрын сайдууд нь мөнгө олж ирэхийг бус мөнгө идэх аргаа эрж, олдсон хэдэн төгрөг дээрээ сэг дээр эргэсэн хэрээ адил л “гуаглалдаж” сууна. Ерөнхий сайд нь мөнгө олох гарц яриад сайдууд нь, шийдвэр гаргах улстөрчид нэг сигналтай болж чадахгүй бол МАНАН байлаа, МАХН-тай нэгдлээ ч эдийн засаг энэ хэвээрээ байх билээ. Тэгэхээр улстөрчид доллар олж ирье, хөрөнгө оруулалтаа нэмье, өрийн таацаа нэмж үйлдвэрээ барья гэсэн гуравхан асуудал дээр нэг сигналтай болохсон.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-09 03:31:09
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-01-09 01:09:01
    Монгол банк Засгийн газарт он шилжих мөчид бонд нэрээр 320 тэрбум төгрөг өгсөн байх магадлал өндөр байна. Төгрөгийн ханшны уналт үүнээс л шалтгаалж байна.
    70.186.178.200
    Мэдэгдсэн Хариулах