ХУВЬЧЛАЛ ХУРДАА АВЧ БАЙНА

2004 оны эцсийн байдлаар ДНБ-ний 80 орчим хувийг хувийн сектор бүрдүүлж байна гэсэн тооцоо байдаг.
-Худалдаа Хөгжлийн банкны хувьчлал буюу анхны том хувьчлал олон улсын тендерийн журмаар явагдаж уг банкны төрийн мэдлийн хувьцааг Банко Коммерсиале Лугано болон Жералд Металз компаний хамтарсан консерциум 2002 оны 12 дугаар сард худалдаж авсан тэр үеэс эхлэн хувьчлал хурдаа авч эхэлсэн.
-2003 оны 3-р сард ХААН банк Японы H.S.Securities компанид хувьчлагдав.
– 2003 оны дундуур Монголын хамгийн том архины үйлдвэр болох АПУ компанийн хяналтын багцыг Монгол-ХонКонгийн консерциум худалдан авчээ.
-Мөн оны сүүлээр Монгол Даатгал компанийг Оросын банк, даатгалын консерциумд худалдаж авах асуудлыг эцэслэн шийдсэн байна.
– Мөн 2004 оны 2-р сард Монголын хамгийн том шатахуун импортлогч, борлуулагч байсан НИК хувьцаат компаний төрийн өмчийн хувьцааг Монголын Петровис компани худалдан авчээ..
2004 оны хэрэгжүүлэх хувьчлалын зоримог шийдэл бүхий хөтөлбөрийг УИХ-аас батлсан бөгөөд үүнд Монголын цахилгаан холбоо компани, 2-р цахилгаан станц зэрэг 14 нэр бүхий аж ахуй нэгжийг хувьчлах ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулахаар тусгасан байна. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй 17 банкуудаас төрийн өмчийн ганц банк байгаа нь Улаанбаатар хотод хамгийн их салбартай Хадгаламжийн банк юм. Энэхүү банкыг хувьчлахтай холбогдсон бэлтгэл ажлууд хийгдэн хувьчлалыг 2004 оны 6-р сарын сүүлээр явагдах УИХ-ын сонгуулийн дараа хийхээр төлөвлөж байна. Энэ хувьчлал нь Монголын хэд хэдэн банк болон гадаадын банкуудын сонирхолыг татах нь гарцаагүй. Хэрэв 2004 оны сонгуулийн дараа хувьчлах шийд гарчихвал иргэд болон аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг нилээдгүй татах өөрийн өмчийн байгууллагууд хэд хэд байна. Yүнд Говь ХК (уг компанийг хувчлах хоёр удаагийн оролдлого бүтэлгүйтсэн), одоогоор менежментийн гэрээний дагуу гадаадын зөвлөх компаний удирдлага доор үйл ажиллагаагаа явуулж буй МИАТ, мөн дэлхийн арван том зэс олборлогчдын тоонд зүй ёсоор ордог Эрдэнэт үйлдвэр (уг үйлдвэрийн 51 хувийг нь Монголын Засгийн газар, үлдсэн хувийг Оросын Засгийн газар эзэмшдэг) зэрэг томоохон компаниуд багтаж байна. Нэгэнт уул уурхай олборлох салбар нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй нэг учир Эрдэнэт үйлдвэрийг амжилттай хувьчилж, гадаадын олборлогч компаний мэдэлд шилжүүлж болох юм.