Зорчигчдод олгох нөхөн олговор нэмэгдэнэ

-Энэ конвенцид нэгдэн орсноор манай улсад ямар ач холбогдолтой байх вэ?
-Олон улсын агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйл ажиллагааг энэ конвенциор зохицуулдаг. Агаарын тээвэрлэгчид зорчигдынхоо өмнө ямар үүрэг хүлээх талаар энэ конвенцид заасан байдаг.
-Уг конвенцид шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан гэсэн. Ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Шинээр оруулж буй нэмэлт өөрчлөлтөөр агаарын тээвэрлэгчийн хариуцлагыг улам нэмэгдүүлсэн. Тухайлбал, олон улсын агаарйн тээвэрлэгч нь зорчигчдын ачаа барааг үрэгдүүлсэн, тэдний нислэгт саад болсон болон зорчигчдод ямар нэг хэлбэрээр хохирол учруулсан тохиолдолд зорчигчдод олгох нөхөн олговор нэмэгдэнэ.
-Конвенцид нэгдэн орсон нь МИАТ-ийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
-МИАТ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Учир нь манайх агааарын нислэгийн үеэр зорчигчдынхоо өмнө хүлээдэг хариуцлагын даатгалын тогтолцоог хамгийн дээд төвшинд хийсэн байдаг. Харин энэ конвенцид Хятад, Герман зэрэг манайхтай холбоотой нислэг үйлддэг улсууд нэгдэн орсон байдаг тул эдгээр улс орны агаарын тээвэрлэгч компанийн буруугаас манай зорчигчид онгоцноосоо хоцорсон, ачаа бараа нь алдагдсан, саатсан тохиолдолд авах нөхөн олговор нь нэмэгдэнэ гэсэн үг. Тиимээс УИХ үүнийг 100 хувь дэмжиж баталлаа.
-Ер нь хэдэн орон энэ конвенцид нэгдэн орсон байдаг вэ?
-Варшавт 1929 онд энэ конвенц батлагдсан. Одоогоор 70 гаруй улс энэ конвенцид нэгдээд байгаа.
(өдрийн сонин 2004-05-10 112)