Монголын бизнесмэнүүд Германд ажиллав

МГБЗ, Герианы Зүүн азийн нийгэмлэг болон Хамбург хотын Худалдааны танхимтай хамтран Хамбург хотноо зохион байгуулсан бизнесийн уулзалтад Герман 30 гаруй, Монголын 20 гаруй коипанийн төлөөлөгчид оролцож банк, санхүү, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцжээ.
Уулзалтын үеэр МГБЗ-н тэргүүн Лу.Болд Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй илтгэл тавьлаа. Уг уулзалтад УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Гүндалай мөн оролцож Германы оролцогчдын сонирхсон асуултад хариулж харилцан ярилцсан байна.
МГБЗ-ийн төлөөлөгчид Хамбург хотын Захиргаа, Худалдааны танхимын урилгаар Хамбург хотын хотын боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Уг боомт нь Европ тивд хамгийн том боомт аж.
Төлөөлөгчид мөн Даймлер Крайслер компанийн урилгаар Хамбург хот дахь дэлхийд тэргүүлж буй Эйрбус онгоцны үйлдвэрийг үзэж сонирхжээ. Тус үйлдвэр нь өдөрт дунджаар нэг хөлөг онгоц үйлдвэрлэдэг аж. Тэрчлэн 2006 оноос шинэ зах зээлд гаргахаар бэлдэж буй 600 гаруй хүн тээвэрлэх багтаамж бүхий А380 онгоцыг угсарч буйг үзэж сонирхлоо.
МГБЗ-ийн төлөөлөгчид тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Берлин хотод ажиллаж, Германы банкны холбоо, Германы эдийн засгийн Ази, Номхон далай хороо (АПА)-гаас зохион байгуулсан бизнесийн уулзалтуудад оролцож Германы эдийн засгийн байдал, экспортын хандлага, Германы компаниудын Азид явуулж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Германы томоохон банк, компаниудын төлөөлөгчидтэй уулзаж бизнесийн хэлхээ, харилцаа тогтоожээ. Германы эдийн засгийн АПА-гийн дарга, Сийменс концерний ерөнхийлөгч ноён Х.Фон Пиерер төлөөлөгчдөд тусгайлан илгээлт ирүүлж баяр хүргэсэн байна.