М.Энхсайхан сэтгүүлчдэд амлалт өглөө.

Намын анхан, дунд шатны байгуулагуудаас гаргасан шийдвэрт үндэслэн YЗХ-ны хурлаар эхний 43 нэр дэвшигчийг ёсчилжээ. Дорнод, Баянхонгор аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг долоо, найман тойргийн асуудлыг ойрын хугацаанд шийднэ гэж тэрбээр хэллээ. Эх орон-МАСШН 15 нэр дэвшигчийн асуудлыг шийдэж үлдсэн тав, зургаан хүний асуудлыг ойрын хугацаанд цэгцлэхээр болжээ. Сүүлийн гурав хоногт нэр дэвшигчдэд зориулсан семинарыг Нүхтэд хийж Английн Вестминстерийн сан, АНУ-ын Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийнхэн тэдэнд номын дуу сонсгосон байна. М.Энхсайхан дарга энэ үеэр сэтгүүлчдэд таатай мэдээ дуулгалаа. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын чөлөөт сонинуудын холбооноос хэд хэдэн саналыг тус намд тавьсан билээ. Ардчилсан нам саналыг хүлээн авч сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө эрүүгийн хариуцлагад татдагийг зогсоох, чөлөөт хэвлэл, мэдээлэллийн байгуулагуудын хэвлүүлэх, борлуулах үйл ажиллагаанд татварын хөнгөлөлт үзүүлж дэмжих зэргийг эвслийн мөрийн хөтөлбөрт тусган оруулсныг мэдэгдэв.