Нэг тойрог 30 саяар борлогджээ

Сумын төвд морь, тэмээгээр хөл хийсэн хоёр хөгшин уулзаад салахдаа намуудыг тойрсон сонин хачныг хуучлаад амждаг ард түмэн шүү дээ, манайхны сонгогчид. Нэр дэвшигчдийг даган хөлд нь хөлхөж, хүзүүнд нь асч байгаа бас нэг хөзөр бол эрхэм төгрөг. 2000 оны сонгууль мөн л эрхэм төгрөгт тахимдуулж, Сонгогчдын саналыг салам буулган шил архи, шивнэж тохиролцсон үнээр худалдан авах явдал моодолж байсныг эдүгээ олон хүн санаж байгаа. Тухайн үед нэг санал 2000 төгрөгөөр үнэлэгдэж, яг сонгуулийн өдөр 3000 болтлоо өссөн түүхтэй. Дараа нь Булганы 11, Төв аймгийн 36 дугаар тойргуудын нөхөн сонгуулийн үеэр энэ ханш зад өсч, 5000 төгрөгт шүргэн, ноён улс төрийг бөхийлгөсөн намтар ч бас бий.
Онолчид саналаа худалддаг байдлыг сонгогчдын боловсролын төвшнөөр тайлбарладаг. Yүнээс илүүгээр тэдний амьжиргааны төвшинтэй холбон ойлгох ч бас байх. Өнөө жилийн сонгууль тэрхүү улс төрийн наймааны алтан үеийг дээд шатанд нь авчирав бололтой. Шилдгийн шилдэг улстөрчдийг шалгаруулан зарлах үед МАХН-ын дунд, доод шатнаас илэрхий үнэртэж байсан мөнгө эдүгээ АН, МАСШН-аас ханх тавьж эхлэв. Эх орон-Ардчилал эвсэлд багтсан намууд УИХ-ын сонгуулийн 76 тойрог буюу алаагүй баавгайн арьс-ыг дүн өвлөөр хуваалцаад эхэлсэн нь наймааны шанг татав бололтой.