Гурван субьект л өрсөлдөж магадгүй нь

МУНН, БНН, МYЭНН, Монголын залуучуудын нам, Монголын либерал намын удирдлагууд өчигдөр үдэш хоёр дахь уулзалтаа нууцхан хийлээ.
Тэд юу ярьсан юм бол. Сонгогчдын дэмжлэгийг төдийлөн авч дөнгөдөггүй эдгээр намууд бие даасан субьект болж сонгуульд оролцохоо мэлэгдэх үеэр тэдэнд нь нэг их ач холбогдол өгөх нь бага байсан. Ийм жижиг, тэгээд тус тусдаа хэмээцгээж тэдний улс төр хийнэ гэсэн зорилгийг нь олон түмэн таатай хүлээж аваагүй нь үнэн. Нийгмийн энэ өнгө аясыг мэдэрсэн үү зургаан нам бие биедээ найр тавьж гуравдагч хүчний эвсэл хэлбэрээр сонгуульд оролцох талаар зөвлөлдөж эхлэв.
МУНН, МЗН8 БНН-ынхан 76 тойрогт хүч үзнэ гэж томорч байсан сураг бий. МУНН зарим нэр дэвшигчээ тойрогт нь зоочихоод ч байж. Баттай эх сурвалжийн өгүүлснээр энэ алдаагаа намууд засах нь зүйтэй гэдэг дээр ямар ч байсан санал нэгдээд байгаа гэнэ. Одоо тэдний өмнө тулгараад буй гол асуудал нь тойргоо тохирох юм байна. Эх орон-Ардчилал эвслийн намуудын тойрог булаалдсан тэмцэл жижиг намуудад сургамж болсон нь лав. Тэгэхээр Y.Хүрэлбаатар, Б.Жаргалсайхан, Н.Ням-Осор, Д.Баасандорж, Д.Банзрагч нарт М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, С.Оюун нарын үл ойлголцлын балгыг давтахгүй байх гарц бий гэсэн үг.
Гэхдээ улс төр сонирхлын маш том уулзвар болохоор тэдэнд ойлголцохгүй байх шалтаг мундахгүй нь мэдээж. Б.Жаргалсайханы зөрүүд төрөлхийн авир л гал асаачихгүй бол гуравдагч хүчний эвсэл суудал горилох шанс бийг үгүйсгэх аргагүй. М.Энхсайхан эвсэлд хайр зарласан намуудыг гомдоохгүй гэдгээ мэдэгдэж байсан нь саяхан. Түүний энэ тал засалтыг гуравдагч фронтынхон урхи гэж үзэж буйгаа ч тухайн үед ил хэлж байсан. Тэдний энэ харыг батлах мэт М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарын гэнэтийн шийдвэр С.Оюуныг сонгуулиас татгалзахад хүргэсэн. ИЗ-БНН-ын тэргүүний алхам намдаа, хүндээ рейтингийн хувьд харин ашигтайгаар эргэж, Эвсийн удирдлагыг хөдөлгөөнд оруулсан. Ийм хувь заяа гуравдагч хүчнийг угтаж мэдэх байсныг тэд харж чадсан байх.
Тэдэнд хамгийн ашигтай өоломж эвсэг найрсаг байх гэдгийг ухаарсан бололтой. Өчигдөр үдэш болсон гураьдагч хүчний зөвлөлдөх хурлын гол сэдэв тойрог тохирох асуудал байв. Гэхдээ яг төдөд МУНН,БНН нэр дэвшүүлнэ гэж гэдэг эцсийн шийдэлд хүрсэнгүй. Ямар ч байсан бие биедээ шавар болохгүй, Б.Жаргалсайханы шанстай тойрогт нөгөө намууд нэр дэвшүүлэхгүй гэдэг эв найрамдлын гэрээг аман байдлаар талууд байгуулж чадсан байна.
2004 оны УИХ-ын сонгууль шинэлэг болох нь. Ердөө гуравхан сүбьект өрсөлдөж мэднэ. МАХН, Эх орон-Ардчилал, эвслийн халз тулаанаас гуравдагч хүчинд чамлахааргүй ашиг унах магадлал өндөр бий. 1992 онд МАХН, 1996 онд ардчилсан холбоо, эвсэл, 2000 онд МАХН сонгогчдын таалалд нийцсэн. Энэ савлагааны үр шим гуравдагч хүчинд яаж тусахыг зургадугаар сарын 27-нд хаъя.