Афинд зодоглох эрхийн сүүлчийн боломж
Амны билгээс ашдын бэлэг үүдэлтэй гэж үздэг Монголчууд бидэнд энэ нь мэдээж таатай мэдээ. Урьдын олимпийн жаяг ёсоор буудлагын тамирчин бүсгүй олимпийн анхны эрх өвөртөлж ирсэн цагаас хойш олимпод өрсөлдөх тамирчдын сураг чимээ нэлээд хугацаагаар алдарсны эцэст чөлөөт бөхийнхөн дөрвөн эрхтэй болж бас баярлуулсан билээ. Эрэгтэйчүүдийгээ дагаад хийморь нь сэргэсэн чөлөөтийн наядханууд ч мөчөөгөө өгөлгүй хоёр эрх шүүрч ирснээр 2004 оны Афины олимпийн чөлөөт бөхийн төрөлд Монгол бүсгүйчүүд зодоглох болоод байгаа. Тэдний араас замнаж хүндийг өргөлтийн тамирчин Н. Баярмаа найм дахь эрхийг авчирсан нь түүний бие нь жижиг ч, бэлчээр нь том болохыг харуулав. Нөгөө талаар чөлөөтийнхөн аргагүй л булган сүүлтэй бөхчүүд гэдгээ харуулсны илэрхийлэл болсон. Яагаад гэвэл олимпийн наадмын ес эрхийг боксчин У. Мөнх-Эрдэнэ хүртсэн баярт мэдээ ид түгэж байна. Хэрвээ жаахан азтай байсан бол энэ эрх хоёроор нэмэгдэх байж. Манай нударган зодоогчдын хамгийн сүүлийн найдвар болоод байсан Пакистаны олон улсын тэмцээнд эрх өвөртлөх зорилготой манай долоон ширэн бээлийтэн өрсөлдсөнөөс 48 кг-ын жинд Л. Зоригт-Баатар, 51 кг-ын жинд Э. Бадар-Ууган нар хүрэл медаль хүртсэн ч эхний хоёр байрт шалгарагсад буюу зөвхөн алт, мөнгөн медалийн эзэд л олимпийн эрх авах журамтай байсан болхоор улаан шугамын ард хоцрох нь тэр. Олимпийн эрнийн үзүүрээс шүүрээд алдсан тэд харуусал, бухимдлаар дүүрэн л байгаа байх. Гээд яая гэхэв. Спортын жам хатуу хойно дараачийн олимпийг хүлээхээс яахав. Олимпод өрсөлдөх эрхээ тасалдалгүй буухиалж чадсан боксчид маань маргааш эх орондоо ирэх гэнэ. Афинд нударга зөрүүлэх болсон олон улсын хэмжээний мастер, зүүн азийн аварга У. Мөнх-Эрдэнийн амилттай зэрэгцэж сонсогдсон өөр нэг сэтгэлд дотно мэдээ бол Олон улсын олимпийн хороо, Yндэсний олимпийн хороодын холбоо, Олон улсын усан спорт, хөнгөн атлетикийн холбоодын хамтарсан хуралдаанаас манайхныг харж үзэн гурван цагаан хуудас илгээх болсон тухай шийдвэр юм. Тэгэхдээ усан спортын төрөлд нэг хөнгөн атлетикийн төрөлд хоёр хуудас олгожээ. Ер 1996 оны Атлантын олимпоос эхлээд тодорхой шалтгаанаар олимпод өрсөлдөх тамирчдыг шигшдэг болсноор ёстой нөгөө олимпийн тоглолтыг үндэслэгч Пьер де Кубертений хэлсэн медаль авахдаа бус оролцохдоо гэдэг алдарт уриа үндсэндээ төгсгөл болсон гэхэд хилэсдэхгүй. Мэдээж хэрэг, дээрх уриа олимпизмыг хөгжүүлхэд өөрийн хувь нэмрээ зохих ёсоор нь гүйцэдгээд цаг үеэ үдсэн нь энэ. Тиймдээ ч аваргын төлөө, олимпийн медалийн төлөө тэмцэл өрнөдөг болсон хэрэг. Харин спортын тухайлсан төрөлд тамирчдаа оролцуулхыг хүссэн санал хүсэлтээ гаргаж уламжилсан тохиолдолд цагаан хуудас-аар олимпод оролцуулах нэг арга байдаг. Арга ч гэж дээ үнэндээ аргагүйдсэн эцсийн горьдлого л гэсэн үг. Гэхдээ ийм боломж олдож байгаа нь их юм. Энэ удаад манайхан таван төрөлд таван ширхэг цагаан хуудас хүсэмжилснээс тооны хувьд гурав нь ийн бүтжээ. Харин таэквондо байт сурын төрөлд ийм боломж олгохгүй бололтой. Дугуйн спортын төрөлд дэлхийд монголын нүүрийг тахалдаг олон улсын хэмжээний мастер Ж. Өлзий-Оршихыгоо уралдуулчих санаатай өргөн мэдүүлсэн асуудал хараахан шийдэгдээгүй байна. Энэ асуудал ирэх зургаадугаар сарын 30-наас өмнө шийдэгдэхээс үзхэд найдлага тасраагүй бололтой. Одоогоор ирүүлсэн гурван цагаан хуудас-ны эзэд нэгэнт тодроод байна. Усан спортынхны тухайд олимпод оролцох эрхийг эмэгтэйчүүдийн 50 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд А. Тамир эдлэх болов. Хөнгөн атлетикийн хувьд энэ удаа дандаа холын зайд өрсөлдөхөөр шийдсэн байна. Өөрөөр хэлбэл 42 км 195 м-ийн марафонд эрэгтэйчүүдээс Б. Сэр-Од, эмэгтэйчүүдээс Л. Отгонбаяр нар хурдаа сорихоор шигшиджээ. Сиднейн олимпод усанд сэлэлт хоёр, хөнгөн атлетикт мөн хоёр тамирчин цагаан хуудсаар-аар оролцож байсан билээ. Тэгэхдээ нэг хөгжилтэй зүйл нь, спортын хаан төрөл гэгддэг хөнгөн атлетикт хамгийн чач урттай хүмүүс уралддга бол 5000 м-т манай тамирчин Б. Батцэцэг биеэр хамгийн жижиг буюу 160-аад см өндөртэй байсан. Мөн усанд сэлэлтийн тамирчид тэр дундаа бүсгүйчүүд нь хурд сааруулдаг хэмээн үсээ богиносгох юмуу, ихэвчлэн халимагтай, зарим нь бүр үсээ хусуулчихсан байдаг бол манай тамирчин бүсгүй С. Алтантуяа тахимаа шүргэсэн өтгөн хар гэзэгтэй уралдчихсан. Магадгүй цагаан хуудсад-аар уралдаж байгаа тамирчдаас хэн ч медаль хүлээдэггүй болхоор газар үзэж нүд тайлж ирээд хэрвээ амжилт нэхвэл ёстой нөгөө Медальдаа бус оролцохдоо гэдэг алтан тунхаглалыг хэлээд ам таглах боломжтой. Нөгөө талаар Монголдоо л тэргүүлсэн амжилтаар шалгараад явж байгаа хүн тэгээд ч өөртэйгээ эгнэхгүй тамирчидтай уралдаж байгаа болхоор хичнээн хоцорлоо ч амжилт нь ахиж таарна шүү дээ. Тэгээд л энд тогтоосон рекордоо тэнд очоод өөрөө эвдчихдэг болохоор бас хэлэх үгтэй байдаг. Ийм л юм. Хэдийгээр олимпод зодоглох манай тамирчдын тоо 12-т хүрээд байгаа ч, энэ нь эцсийн дүн бишээ. Жүдогийнхон олимпийн эрхийн төлөө зодоглохоор багаараа Казахстаны Алматыд очоод байгаа. Ази тивийн аварга шалгаруулах энэ тэмцээнээс аваргын алтан медаль хүртвэл шууд л олимпийн эрх авна. Хэрвээ тэгж чадахгүй ч эрэгтэйчүүдийн эхний таван байрт орвол, эмэгтэйчүүдийн эхний гурван байрт орвол урьд өмнөх тивийн аваргын тэмцээн болон Азийн тоглолтод үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлээд эрх олгох юм. Бидний хувьд сүүлчийн найман ийн боломж л үлдээд байна. Одоогоор Афин 2004-т оролцох эрхээ аваад байгаа Монголын багийн тамирчдыг нэрлвэл
1. О. Гүндэгмаа (буудлага) 2. О. Пүрэвбаатар (чөлөөт бөх) 3. Б. Наранбаатар (чөлөөт бөх)
4. Т. Энхтуяа (чөлөөт бөх) 5. Г. Өсөхбаяр (чөлөөт бөх) 6. Ц. Энхжаргал (чөлөөт бөх)
7. О. Бурмаа (чөлөөт бөх) 8. Н. Баярмаа (хүндийг өргөлт) 9. У. Мөнх-Эрдэнэ (бокс)
10. А. Тамир (усанд сэлэлт) 11. Б. Сэр-Од (хөнгөн атлетик) 12. Л. Отгонбаяр (хөнгөн атлетик) нар юм. Энэ жагсаалт цаашаа улам уртсах болтугай.