Намууд сурталчилгааны цагаа шодож тохирлоо

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэгш бус, хаалттай байгаа үед нам, хүчнүүдэд Монгол Улс даяар цорын ганцаар нэвтрүүлгээ цацдаг МYТВ, Монголын радиод боломжтой цаг хугацаанд сурталчилгаа явуулах эрх олж авна гэдэг нь туйлын чухал байх нь ойлгожтой. Сонгуульд оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байгаа найман субьектийн хэвлэл мэдээллийн албаны дарга нар, МYТВ, Монголын радиогийн удирдлагууд, программын ажилтнууд болон Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Д. Ядамсүрэн нар эхлээд ерөнхий зарчмаа тохироцсоны дараа цаг, өдрөө шодох ажиллагааг хэвлэл мэдээллийнхний хяналт дор үргэлжлүүлсэн юм. МYТВ улс төрийн бүх нам хүчнүүдэд ижил тэнцүүгээр нэг удаа 20 минутын төлбөргүй нэвтрүүлэг, сурталчилгааны хаалтын өдөр бүх намын дарга нарын ярилцлагыг долоон минут нэвтрүүлэхээр болжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос намын дарга нарын ярилцлагыг 10 минут байлгах санал тавьсан ч үндсэний телевиз зөвшөөрөөгүй бололтой.