Таны 2004 оны үсний засалтыг тодорхойлж байна

Гэхдээ 7 хоногтоо 3-4 удаа л угаахгүй бол үс хэт хуурайшиж унах тохиолдол багагүй учирдаг бололтой. Ингэж арчилсаны эцэст нүүрнийхээ хэлбэрт тааруулан донжыг нь олж үсээ хэлбэр гарган засуулвал эрхэм та өнгө ороод л явчихна. Үс гэдэг хүний гоо сайханд чухал ач холбогдолтойгоор барахгүй арьснаас ялгаагүй арчилгаа шаардагддаг болохыг амьдрал дээр бид нотолсоор байгаа билээ. Ямартаа ч эрхэм таны 2004 оны үсний засалтыг модонд орохыг Үidal Sasoon-ын захирал, мастер үсчин Д.Одонгоо тодорхойлж байна.
Солонгос залуусын үсний засалт, өнгө будаг зонхилно
Нэг үеэ бодвол манай охид залуучууд өөрсдийнхөө хувцаслалтаасаа гадна үсэндээ маш их анхаарал тавьдаг болсон. Хир буртагтай, хэд хоног угаагаагүйгээсээ болоод тослогтон наалдсан эсвэл хэлбэргүй ургасан ч юм уу, үснийх нь үзүүр салаалан өнгөө алдсан байвал хэнд ч сайхан харагдахгүй нь ойлгомжтой. Тиймээс ч нийгэм маань хөгжин дэвжих тусмаа хүүхэд залуусын маань боловсрол, соёл дээшилж өөрсдийнхөө гоо сайханд багагүй цаг хугацаа зарцуулах болсон биз ээ. Сүүлийн үед охид залуус маань солонгос дуу сонсож, солонгос хувцсаар гоён, солонгос маягаар үсээ засуулах бослон билээ. Этгээд, содон стилийг сонирхдог залуус маань үсээ бага зэрэг ургуулж, этгээд хэлбэр гарган тайруулаад улаан, шаргал эсвэл цэнхэр, ногоон өнгөөр үсээ будуулвал сонирхолтой байх болов уу. Ерөнхийдөө солонгос хип хоп хамтлагийн залуусын үсний засалт, өнгө будаг зонхилох юм байна. Харин этгээд дэгжин үсний засалтыг сонирхож буй охид маань урт үстэй бол африк бүсгүйчүүл шиг үсээ жижиг жижгээр сүлжих ба хэв загвар гарган олны анхаарлыг татахуйц содноор сүлжвэл дажгүй харагдах бололтой. Ер нь та өөрийнхөө нүүрний хэлбэрт тааруулан этгээд содноор үсээ өөрчилж болох аж. Хэрэв богинохон үстэй охид байвал үснийхээ хоёр хажуугаар шатлуулан тайруулаад үзүүрүүдийг нь сорлоод гадагш нь ороож сэнсдэх хэрэгтэй. Гэхдээ үсээ чихнийхээ араар хийлгүй хоёр хацраа нуусан маягтай янзлаарай. Мөн үсээ ургуулах дургүй залуусын хувьд өнгөрсөн жилийн мода зонхилж зараа шиг арзайлган босгож, улаан, цагаан, шаргал өнгийг үсэндээ бүдэгхэн алаглуулж сорлуулах хэрэгтэй гэнэ. Нэг үгээр хэлбэл үсний хуйх нь хар буюу өөрийн өнгөөрөө, үзүүрүүдийг нь л сорлох юм байна.
Сул химитэй, сэгсгэрдүү өтгөн үс энэ оны мода
Эмэгтэйчүүдийн хувьд ерөнхийдөө урт үс модонд орох юм байна. Өнгөрсөн жилүүдэд урт намирсан шулуун үс модонд орж байсан бол энэ жилийн хувьд хүрэн бор өнгөтэй, өнгө дагуу цайвар өнгийн сороор хэсэгхэн газар сорлосон сул химитэй, сэгсгэрдүү өтгөн үс зонхилох гэнэ. Энэ стилийн үс өндөр зэгзгэр охидуудад илүү тохиромжтой харагдах болов уу. Ер нь урт ч бай, богино ч өөртөө зохисон тайралттай үстэй бүсгүйчүүд маань жижигхэн хавчаар, нарийхан нэвдинкээр үсээ цэвэрхэн хавчиж тогтоосон байвал өрөөл бусдад тааламжтай харагддаг гэнэ. Эрчүүдийн хувьд жижигхэн халимаг үс эсвэл ойрд моодонд ороогүй пинтүү загварын үс зонхилох бололтой.
Өнгө алдаж салаалсан үс ажил хэрэгч харагдуулахгүй
Бид ажил хэрэгч чамбай хувцаслачихаад орой дээрх үсээ зүгээр л баглаад боочихдог ч юм уу эв хавгүй зохимжгүй янзалснаас хүний нүдэнд тийм ч чухал албатан шиг харагдаж чаддаггүй. Тиймээс ажил хэрэгч бүсгүйчүүл маань өөрийнхөө үс засалтанд анхаарах нь зүгээр болов уу? Хэрвээ та брюк, пиджак өмсчихөөд үсээ задгай тавимаар байгаа бол эхлээд үснийхээ хэлбэр, тайралтанд анхаар. Магадгүй үсний чинь үзүүр салаалж, өнгөө алдсан бол ажил хэргийн уулзалтан дээр үс чинь таныг эрч хүч, зоригтой харагдуулахгүй сул дорой, арчаагүй мэт бодогдуулна. Хэлбэр гарган тайруулсан, өвчлөлгүй үсээ сайтар сэнсдэн оройг нь пөмбийлгөх хэрэгтэй. Эсвэл үсээ индүүдэн, ар дагзных нь оройг өндөрсгөөд бусдыг нь шулуунаар нь гельдэж хоёр хажуунаас нь хавчаардвал дугуй царайтай хүмүүст цэвэрхэн харагдах байх. Гонзгой царайтай бүсгүйчүүл нэг талынхаа үсийг нөгөө тал руу нь сэнсдэн үлдсэн цөөхөн үсээ хувцасныхаа өнгийн хавчаараар хавчвал хээнцэр харагдана шүү. Харин та үсээ задлахыг хүсэхгүй бол гөлийтөл нь боож байгаад боосон үсээ ар дагзандаа юм уу, орой дээрээ элдэв хэв маягаар овоолон янзалж болох нь ээ. Ийм тохиолдолд үсээ тосолвол илүү ажил хэрэгч, цэвэрхэн харагддаг.
Овоолж сэгсийлгэсэн үс шинэ жилийн гоёл
Өвөл болж цас хаялахад өөрийн эрхгүй шинэ жил бодогдож, сэтгэл догдлоод энэ
жилийнхээ хувцас, үс засалт гээд элдвийн бодолд бүсгүйчүүл бид дарагддаг. Албан байгууллага, хамт олны гээд л шинэ жилд нүдээ бүлтэртэл гоёсон хүүхнүүд бусдын анхаарлыг өөртөө татах нь дамжиггүй. Үс сайхан бол зүс сайхан гэдгийг энэ баяр, тусгай хүлээн авалтан дээр л бүсгүйчүүл маань жинхэнэ утгаараа хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд маш дэгжин гоёлын засалт модонд орох бололтой. Энэ засалтаар засуулахад урт, өтгөн үс илүү тохиромжтой гэнэ. Элдэв сор тавиагүй өөрийн өнгөөрөө байгаа үсийг орой дээр нь маш сүртэй ихээр овоолон хэлбэр гаргаж янзална. Тэр том овоолсон дэгжин загвартай үсэндээ буюу орой дээрээ даашинзныхаа өнгөтэй сэгсгэр өд шиг гоёл зүүх, эсвэл нар сар, одны хэлбэр дүрс бүхий гялтганасан шигтгээтэй сам шигтгэвэл таныг чимээд л явчихна.
Харин овоолсон үснийхээ доор буюу ар шилэн хүзүүнийхээ дээхнэ талд үснийхээ гоёл, даашинзтайгаа ижилсүүлэн гоёлын хавчаар зүүвэл араас чинь харахад тун дэгжин харагдана. Эрчүүдийн хувьд пинтүү маягаар зассан, шаргал сор бүхий үсэн дээр хэлбэр гарган зассан хууз сахал хээнцэр харагдах ажээ.
/С.Бэлэгмаа/