Зөв арчилгаа, сайн эмчилгээ арьсны батгыг арилгана..

Арьсны тос дайсан уу эсвэл нөхөр үү?
Тосны булчирхай нь арьсны гүн давхаргад, алга улны арьснаас бусад бүх л газарт оршдог. Нүүрний арьс, биеийн дээд хэсэг, толгойн хуйханд маш ихээр, нягт байдаг. Энэ хавиар л батга ихээр гардаг.
Тосны булчирхайн үндсэн үүрэг бол арьсны тосыг нийлэгжүүлэх байдаг. Тосны булчирхайн цоргоор арьсны дээд давхарга дээр гардаг тослог бодис бөгөөд гурван чухал үүрэг гүйцэтгэдэг
Нэгт, арьсны давхаргаас хэт их ууршилт гаргахыг үгүй болгодог бүрхүүлийг бий болгодог.
Хоёрт, арьс ба үсийг тослог байлгадаг
Гуравт, тосны булчирхайн цоргыг битүүлсэн хуучин эсүүдийг зайлуулахад тусалдаг ба залуу эсүүдэд гарч ирэх боломж өгдөг.
Хэрэв арьсны тослог хэт ихээр ялгарч эхэлвэл арьсанд асуудал үүсдэг. Нүүрний арьс, ялангуяа дух, хамар, эрүү буюу Т-бүсийн орчмоор мөн үсний зах хавиар маш их тослог ялгарна. Ингэж хэт их өөх тос ялгарахын хамгийн таагүй үр дүн нь хуучин хөгширсөн эд эс нь бие биетэйгээ мөн цоргоныхоо ханатай наалдчихдаг. Тэр үед нь цоргоны бөглөрөл буюу комедон үүсдэг ажээ. Энэ нь арьсны тос арьсны дээд давхаргадаа гарч ирэхгүй харин тосны булчирхайн цоргоны амсар дээр хуримтлагдан хавддаг ажээ.
Даавар болон бусад хүчин зүйл
Тосны булчирхайн идэвхтэй үйл ажиллагаа болон хэт их тос ялгарахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Нас (хүүхэд болон ахимаг настай хүмүүст тос ялгарах нь бага байдаг), хүйс (эрчүүдийн тосны булчирхай эмэгтэйчүүдийнхээс их байдаг), биологийн хэмнэл (өглөөгүүр ихээр, оройгуур бага ялгардаг), биеийн халуун ба хүрээлэн буй орчныг дурдаж болно.
Тосны булчирхайд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл нь эрэгтэй хүний андроген гэдэг бэлгийн даавар байдаг. Энэ нь зөвхөн эрэгтэй хүнд байдаг төдийгүй эмэгтэй хүнд ч бага хэмжээгээр агуулагддаг ажээ.
Комедон үүсгэх хүчин зүйлүүдэд
– Гоо сайхны хэрэглэл (тослог ба тэжээлийн тос, крем-пудр, тосон эм)
– Зарим төрлийн эм бэлдмэл
– Наранд урт удаан хугацаагаар байх (наранд байнга шарах ч гэсэн орно)
– Арьсныхаа тодорхой хэсгийг үрэх зуршил. Тухайлбал дух эсвэл эрүү
– Бариу малгай өмсөх, батгаа шахах
Нянгийн халдвар
Комедоныг идээт батга болгоход нь шуудхан нөлөөлдөг хүчин зүйл бол арьсны тосонд байдаг пропионбактери юм. Энэхүү бичил организм нь нэгэн онцлогтой байдаг нь хүчилтөрөгч тэдэнд хортойгоор нөлөөлдөг. Тийм болохоор арьсан дээр тосны булчирхайн цоргонд байдаг пропионбактери харьцангуй бага байдаг. Гэхдээ агаар нэвтрэх нь муу тосны булчирхайн цоргонд пропионбактерийн үйл ажиллагаа маш идэвхтэй болдог ба хорт бодисыг нийлэгжүүлж эхэлдэг. Yүний дүнд батга үүсдэг ажээ.
Орчин үеийн эмчилгээний арга
Ганц эсвэл олноороо, том, холимог гээд ямар ч батга байсан гагцхүү арьсны эмч л эмчлэх ёстой. Yүний тулд янз бүрийн антибиотик, даавар А витамины суурьтай бэлдмэлүүд хэрэглэдэг. Ноцтой тохиолдолд батгыг мэс заслын аргаар тайран авах, маш бага температураар хөлдөөх, эсвэл лазерын туяагаар арилгаж болно. Эдгээр аргыг ямар ч төрлийн батга арилгахад хэрэглэж болох ч өвчний эх үүсвэрийг үгүй болгодоггүй, мөн хажуугийн үр дагавар гарч ирэх нь элбэг байдаг.
Хөнгөн явцтай батганы эмчилгээ нь гаднаас нь эмчлэх, гоо сайхны арга хэрэглэхээр хязгаарлагддаг ба эдгээрийн гол үүрэг нь комедон бий болгохоос сэргийлэх байдаг. Зарим гоо сайханчид үрэвслийн эсрэг угаах бэлдмэл, янз бүрийн скраб хэрэглэхийг зөвлөдөг. Скраб нь үхсэн эд эсийг нь арилгаж оронд нь шинэ залуу эс гаргаж ирэхийн тулд арьсны цусны эргэлтийг сайжруулдаг. Гэхдээ энэ бүх бэлдмэлийн үр дүн нь маш эргэлзээтэй, учир нь тэд гадна давхаргад нь үйлчилдэг ба ихэнхдээ арьсны үхсэн эд эсийн жаахан хэсгийг арилгахаас бус тосны булчирхайн цоргоны гүнд орших комедоныг үгүй болгодоггүй. Түүнээс гадна антисептик (үрэвслийн эсрэг)-ийн бэлдмэл болон скраб байнга хэрэглэх нь арьсыг цочроож, үрэвсэлд хүргэж болзошгүй.
Арьсны цусны эргэлтийг сайжруулж, тосны булчирхайн цоргонд агаар нэвтрүүлэх хамгийн сайн арга бол үрэвслийн эсрэг цэвэрлэгч шавартай, ногоон цай, цайны модны ханд бүхий маск, хуурай мөс ба шингэн азотоор криомассаж хийлгэн, микротокийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Тосны булчирхайн эд эс ба комедонд илүү хүчтэй нөлөө үзүүлэхийн тулд гаднаас нь ретиноид (А витамин бүхий бэлдмэлүүд), бенкоилпероксид (окси, паноксил гэх мэт), азеаловын хүчил (скинорен), жимсний хүчил, салицилын хүчил гэх мэт бэлмэлүүдийг хэрэглэх хэрэгтэй. Мөн гуужуулах, комедолитик бэлдмэлүүд үр дүнтэй. 2-4 сарын турш өдөр бүр эдгээр бэлмэлүүдийг хэрэглэсэн ихэнх өвчтөнүүд маш сайн үр дүнтэй золгожээ.
Арьсны арчилгааны дэглэм
– Зөв арчилгаа, сайн эмчилгээ нь батгыг үр дүнтэй сайн эмчилж, түүнээс сэргийлэх баталгаа болдог.
Өглөө оройд арьсаа PH бага агуулсан угаагч хэрэгслээр угаахаас арьс арчилгаа эхэлдэг. Оливын, дал модны, кокосын, овьёосны, лаванд зэрэг ургамлын тосон суурьтай саван хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Эдгээр нь арьсыг ариутгах ба сэргээх үйлчилгээтэй байдаг.
– Удаан хугацаагаар батгатай байсан эмэгтэйчүүд батгатай, тослог арьсанд зориулсан гоо сайхны бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Тэдгээрийн найрлагад липосом буюу арьсны эсээс ч бага хэмжээтэй тослог ордог. Тийм болохоор хөлсний сүв ба тосны булчирхайн цоргонд нэвтрэн орох чадвартай байдаг. Липосомд усны молекулаас гадна F витамины найрлага бүхий сарнайн тос, А аминдэм, зуун настын шүүс, ургамлын чийгшүүлэгч нэмдэг. Эдгээрийн ачаар тосны булчирхайн цоргонд бөглөрсөн тэдгээр эсийг үгй болгодог ба үүний дүнд тос нь ялгарч арьсны давхарга дээр ялгарч, арьсанд чийг өгдөг.