Москва-80 олимпыг эргэн дурсвал

Жүдо бахийн 65 кг-д Ц, Дамдин, чөлөөт бөхийн 74 кг-д Ж, Даваажав нар мөнгө, жүдогийн 71-д Р, Даваадалай, чөлөөтийн 57-д Д, Оюунболд нар хүрэл медаль хүртсэн. Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр МYОХ-ын ерөнхийлөгч Г, Дамдин, баг тамирчдын ахлагчаар улсын шигшээ багийн захирал Ц, Жамсранжав нар явав. Олимпийн нээлтэд Монгол Улсын төрийн далбааг чөлөөт бөхийн тамирчин З, Дүвчин барьж жагссан түүхтэй. Тус олимпод ЗХУ 80 алт, 69 мөнгө, 46 хүрэл медаль авсгаар тэргүүлж БНАГУ 47 алт, 37 мөнгө, 42 хүрэл, Болгар найман алт, 16 мөнгө, 17 хүрэл авснаар удаалсан бол Монгол Улс хоёр мөнгө хоёр хүрэл медал авснаар 22 дүгээр байрт оржээ.
Цэндийн Дамдин
Жүдо бөхийн 65 кг-д зодоглосон Ц, Дамдин Зимбабве улсын бөх Ф, Фойфер, Францын И, Дельвэн, Шведийн В, Бьедрон, Полшийн Я, Павловский нарыг шударч, ЗХУ-ын бөх Н, Солодухинд ялагдсан ч Монголын жүдочдоос анхны мөнгөн медаллийг эх орондоо авчирсан билээ.
Тэрбээр Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат 1957 онд төрсөн. Жүдогоор олон улсын тэмцээнээс арван алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртсэн. Улсын дөрвөн удаагийн аварга. 1984 оны улсын наадмаар улсын арслан П, Дагвасүрэнгээр тавж улсын начин цол хүртсэн бол 1988 онд дархан аварга Ж, Мөнхбатаар тав давж цолоо баталсан. Монгол улсын гавьяат тамирчин, улсын начин. Самбо бөхийн 1979 оны дэлхийн хошой аварга.
Жамцын Даваажав
Чөлөөт бөхийн 74 кг-д барилдсан Ж, Даваажавийн эхний учраа нь Кемаруны Тоне. Түүнийг цэвэр шидэн гараагаа сайхан эхэлж, Пакистаны Жумаг мөн л цэвэр, Румыны Ж, Пырколэбуг оноогоор, Италийн Р, Николинийг цэвэр, тавд ЗХУ-ын бөх олимп, дэлхийн аварга П, Пинингинтэй таарч, идвэхгүй барилдсан учир хоёул хасагдаж, зургаад Чехословакийн Д, Карабаныг 75-аар ялж, аваргын төлөө Болгарын В, Райчевт 56-аар ялагдан мөнгөн медаль хүртсэн.
Тэрбээр Булган аймгийнх. Монгол улсын гавьят тамирчин улсын начин. 1982 онд даяан аварга С, Цэрэнгээр тав давж улсын начин цол хүртсэн бол 1986 онд дархан аварга Ж, Мөнхбатыг, 1990 онд улсын арслан М, Мөнгөнийг өвдөг шороодуулан тав давж цолоо баталсан хүчтэн.
Дугарсүрэнгийн Оюунболд
Чөлөөт бөхийн 57 кг-д зодоглосон Д, Оюунболд Румыний А, Нягу, Перугийн Уртода, Кубын Родригес, Иракийн Махнул, Болгарын И, Цочев нарыг ёстой л эдэлж ялаад Солонгосын Хи Хо Пи, КХУ-ын С, Белаглазов нарт ялагдан хүрэл медаль хүртсэн.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн харьяат. 1958 онд төрсөн. 1978 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт. Монгол улсын гавьяат тамирчин. Улсын 12 удаагийн аварга.
Равдангийн Даваадалай
Жүдогийн 71 кг-д зодоглосон Р, Даваадалай Гвинейн А, Диалло, ЗХУ-ын Т, Намгалаури, Кубын Р, Пуэрто, нарыг өвдөг шороодуулж, Италийн Э, Гамбад ялагдсан ч дараагийнхаа тойрогт Францын К, Диог хаяж Монголын жүдочдоос анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.
Тэрбээр Ховд аймгийн Дарви суын харьяат. 1950 онд төрсөн. Монгол улсын гавьяат тамирчин улсын начин. 1977 оны арванхоёрдугаар сарын 23-нд спортын мастер цолыг авсан анхны Монгол жүдоч. 1981 оны дэлхийн аварга. 1982 онд ардын хувьсгалын их баяр наадмаар улсын заан Мягмараар тав давж улсын начин цол хүртсэн.