Шоу ба сонголт

Энэ бүхний цаана урлагаар агнаж соёлоос сожуулж байдаг хөдөөгийнхөн 8000-15000 төгрөгийн үнэтэй аливаа шоуг мөнгө төлөн үзэх санхүүгийн чадваргүй амьдрал ядуус хэнээс ч илүү баярлаж байгаа нь лавтай. Эрх баигч нам өнөө жилийн сонгуулийн галыг өрдөн тавдугаар сарын 17-нд цагаан байрныхаа урд талбайд түмнийг бужигнуулсан том наадам хийж, таван цагийн турш дуу хуур уянгалуулсан нь УИХ-ын ээлжит сонгууль эхэлснийг нийслэлчүүдийн чихэнд чимээлсэн. Yнэгүй юманд дургүй хэн байхав, шоу даган хуушуур, ундаахан зарж наймаачин эхнэрүүд олзтой. Одоо бид дахин сар гаруй шоудна. Сонсоход таатай байгаа биз. Олны чихийг онгойлгож, урлагийн, тасархайг аймаг, сум, баг бүрт өртөөлөн хүргэдэг энэ шоу ямар үнээр босдогийг хамтдаа сонирхох уу? Харанга Хурд Чингис хаан хамтлагийнхан түрүүчийн сонгуулиудын үеэр ганц хоёр дуугаа ширхэглэн борлуулахаас олонхи тохиолдолд татгалзан, бүтэн тоглолтоо худалдаж байсан. Энэ удаа ч тэд тэрхүү хувилбарыг сонирхож байгаа ажээ. Мэдээж хоёр дуугаа гурван сая төгрөгөөр хөнгхөөн зарчихдаг тэдний бүтээлийг бөөндвөл илүү хямдарч таарна. 2004 оны сонгуульд Харанга хамтлагийнхан илүү онцгой бэлдсэн тухай Ц, Энхманлай ярьж байна. Тэд сонгуульд бэлтгэлээ базаан хэд хэдэн шинэ дуутай болж амжжээ. Нэг үеийнхэн гэгдэг дээрх хамтлагуудыг урьж дуулуулбал бүтэн тоглолтыг нь 20 орчим сая төгрөгөөр худалдан авна гэсэн үг.

Залуусын сонсох дуртай Камертон хамтлагийн ахлагч Р, Болд Бид хэтэрхий өндөр үнээр дуулахгүй. Камертончууд ирээдүйдээ санаа тавьж буйн илрэл нь энэ болог хэмээн мэдэгдэж, нам, хүчнүүдийн үзэл бодлын хувьд ялгахгүй адилхан үйлчлэх тухай ам алдсан боловч рок попынхон тэднийг МАХН-тай 100 сая төгрөгөө гэрээ хийсэн, өөр намд үйлчлэхгүй хэмээн шивнэлдэж байгаа. Одоогоор хамгийн олон урилга хүлээн аваад байгаа нь Нисванис. Гэхдээ тэд нийслэл хот болон Эрдэнэт, Дарханы тойргуудад илүү эрэлт ихтэй буй. Нэг дуугаа 400 мянгаар дуулахаар гэрээлж байгаа сураг сонсогдсон. Нисванис хэдийнээ 30 гаруй шоунд оролцох эрх халаасалчихаад байгаа аж.

Хачирхалтай нь энэ жилийн шоунд хамгийн гүйлгээтэй байгаа хамтлаг дуучид бол хип хоп урсгалынхан. (Ice top) (Lumino) (Digital) (Tatar) хамтлагууд тэднийг хошуучилж, нүдтэй гутал, матрын арьсан хүрэм мэт ховор бараанд тооцогдож байна. Нэг дуугаа дунджаар 400-500 мянган төгрөгөөр дуулж байгаа энэ залуус ийнхүү эрэлт өндөртөй байгаагийн учир нь үнэ хямдаа бус, өнөө үеийнхний сонирхолыг зүй ёсоор татаж байгаагийнх болов уу. Олны анхаарлын төлд байнга байдаг Номин талст хамтлагийнхан харьцангуй нам гүм сонгуульдаж байгаа. Дөрвөл залуусын ханш өмнөх сонгуулиас эрс өссөн. Одоо тэд хоёр дуугаа 800 мянгаас эхлэн дуудаж байгаа гэнэлээ. Бие даан уран бүтээлээ хийдаг дуучдын ханшийг зууны маналай дуучин Б, Сарантуяа тэргүүлж байна. Тэр нэг дуугаа хямдарлаа гэхэд сая төгрөгөөр дуулж байгаа цуурай чих дэлдсэн. МАХН-тай 20 сая төгрөгийн гэрээ хийсэн энэ бүсгүй бусад хамтлаг дуучдыг ч бас дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа. Дуучин Т.Ариунаагийн ханш 800 мянга орчимд хэлбэлзэж байгаа тухай нэр дэвшигчид ярьж байна. Нам хүчнүүд болон нэр дэвшигчид санхүүгийн боломжоосоо шалтгаалан нэг хоёр том дуучин хамглагийг дагуулан эхлэн суралцагч нялх оддыг тайзнаа урьдаг байдал моод болсныг сонгогчид гадарлахтайгаа. Угаас үнэгүй юманд сонголт гэж байдаггүй. Тиймээс сонгогчдын хувьд сайхан шоудаж, нэр дэвшигчийн сонин сурталчилгааны хуудсыг хуйлж бариад харих л чухал.

Зохиолын дуучдын ханшийг сонирхвол дуучин Т, Баясгалан нэг дуугаа 200 мянган төгрөгөөр үнэлж байгаа мэдээ анхлан сонсогдов. Түүнтэй нэг түвшний дуучин С, Жавхлан Эх орон-Ардчилал эвсэлтэй 43 сая төгрөгийн гэрээ хийсэн тухай яриа бий. Зохиолын том дуучдын ханш ерөнхийдөө 50-500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа гэсэн. Аль хамтлаг дуучдыг мөнгө үл хайрлан авч байгаагаар нь тухай нь нам, хаанахын тойргууддаа илүү анхаарал хандуулж байгааг таамагладаг судалгааны алба ажиллаж эхэлсэн талаар та сонсов уу? Нээрэн л зохиолын дуучид хөдөөд гүйлгээтэй, галзуу рок, хип хопчид төв, суурин газар илүү нөлөөтэй байдаг. Ингэхэд сонгуулийн шоу сонгогчдын саналд нөлөөлж чаддаг уу? Ямар ч байсан дуу хуур, гурил будаа, тусламжийн бараанаас дутах юмгүй сэтгэхүйн дайн зарлаж, сурталчилгааны нэлээн оновчтой хэлбэрт тооцогддог гэсэн судалгааг PR-аар дагнасан нэгэн байгууллага хийжээ. Сонгуулийн өдрүүд урлагийнхний хөгжлийн төвшинг сэм тодорхойлдог гэсэн үг ч бас байх. Нээрэн л сонгуулийн марафоныг гэртээ ажилгүй сууж үддэг одууд ч бас байдаг л байлгүй.

Шоуг мөн хамгийн олон хүнд үг үзэл бодол, уриагаа хүргэж, хоногшуулж болох найдвартай арга гэж барууны орнууд үздэг. Гэхдээ тэд улстөрчийн яриа, ухуулга, уулзалтыг тоглолттой хослуулдаггүй. Сурталчилгаандаа олны танил оддыг ашиглах нь элбэг боловч тэдний уран бүтээлээр дэмжүүлэхийг эн түрүүнд тавьдаггүй. Харин К, Костнер Т, Круз Н, Кидман Маддонна нарын уруулаар өөрийгөө дэмжүүлсэн үг, нухацтай санаануудыг хэлүүлж олны анхаарлыг татдаг аргатай. Манайхны хувьд урлагийнхан маань ашиг орлогоо бодож бүх нам, хүчинд адилхан үйлчилдэг болохоор энэ арга явцгүй байх нь тодорхой.
1990 оноос хойш өөр өөрийн хөгжлийн хууль, чиглэлээр өнөөдрийг хүртэл алхсан урлаг, улс төр хоёр сонгуулийн өдрүүдэд хоёул ард түмэндээ шалгуулж байна гэж шоу ба сонголтын хандлагыг товчхон тайлбарлаж болно. Өмнөх жилийн сонгуулиудаас ялгаатай нь ханш огцом хурдаар өсч, мартагдах дөхсөн зарим дуучид тайзнаа эргэн ирж нам хүчнүүд зөвхөн өөрсдөд нь үйлчлэх үнэнч дуучинг олох гэж өндөр үнэ хаяж эхлэв. Тэдний энэ тулган шаардалт олонх хамтлаг дуучдыг зайлшгүй сонголт хийхээс аргагүй байдалд шахаж байгаа ч урлагийнхан үзэл бодлоо үнэлж болох энэ хүндэрлээс гарах аргыг аятайхан олжээ. Бидэнд байгаа мэдээгээр рок попынхон хэлэлцээд, аль нэг намд дангаараа худалдагдахгүй байх, иймэрхүү тулган шаардалтад шууд татгалзсан хариу өгч байхаар тохиролцсон хуйвалдсан гэсэн баримт байгаа. Ийнхүү урлагаар хөллөсөн улс төр сонгогчдын сонголтыг халз тулаанд дуудах янзтай. Сонгуулийн шоу хөдөөгийнхөнд урлагийг хурдтай хүргэж байгаа нь олзуурхмаар. Гэсэн хэдий ч УИХ-ын сонгуулийн өдөр санал авах байранд хөгжим эгшиглэхгүй нь ойлгомжтой. Саналын хайрцагнаас лав Нисванис хашгирахгүй. Гэхдээ яахав, урлагийнхан мөнгөжиж, ард түмэн дуулж хуурдаж л байг.
/өнөөдөр 2004-5-21 120/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button