Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2004-2005 онд хурдсах шинжтэй

Азийн Хөгжлийн Банкны жилийн тайланд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний өсөлт 2003 онд 5.5 хувь, 2004 оны байдлаар 5.8 хувь, 2005 он гэхэд 6 хувь болж өсөх хандлагатай тэмдэглэжээ. 1991 оноос өмнө ЗХУ-д төлөх ёстой байсан өрийн асуудлыг шийдсэн нь худалдаа болон хөрөнгө оруулалтын хувьд таатай нөхцлийг бүрдүүллээ. Гэвч засгийн газрын тулгамдсан асуудал бол макроэдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах явдал юм. Учир нь өрийн асуудлыг бүрэн шийдсэн явдал 2004 оны төсөвт хүчтэй дарамт үзүүлж байгаа. Өнгөрсөн өвлийн цаг агаар дулаан байсан нь малын тоо толгой нэмэгдэхэд нөлөөлөөд зогссонгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг өсөхөд тааламжтай нөлөө үзүүлэв. Нэмж хэлхэд хөдөө аж ахуйн салбарт тус орны бүх ажиллах хүчний гуравны нэг ноогддог. Түүнчлэн уул уурхай аж үйлдвэрийн салбаруудад хөгжил дэвшил гарсаар байна. Тухайлбал алтны олборлолт нэмэгдэж, мах болон ноолуурын боловсруулалт чанарын өндөр төвшинд хийгдэж байгаа зэргийг дурьдах нь зүйтэй. Барилга болон үйлчилгээний салбаруудын хувьд ДНБ-ний 50-аас дээш хувийг эзэлж байгаа бөгөөд Улаанбаатарт хотод түргэн хурдацтай өсөх хандлагатай байна. Харин аялал жуулчлалын салбар 2003 оны байдлаар SARS-аас болж уналтад орсон байсан боловч одоогийн байдлаар сэргэж эхэллээ. Хэрэглээний барааны эргэлт нэмэгдэж байгаа нь амьдралын төвшин дээшилж байгаатай, харин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа нь барилга болон уул уурхайн салбар тэлж байгаатай тус тус холбоотой юм. Гэвч ДНБ-нд эзлэх урсгал дансны алдагдал 14 хувь байна. Энэ алдагдал гадаадад ажиллагсадын мөнгөний шилжүүлэг, гадаадын тусламж болон уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтаар нөхөгдөнө. Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын засгийн газраас ядуурлыг бууруулж өсөлтийг дэмжихэд хүчээ дайчлахыг хүсэж байна.
/өдрийн сонин 2004-5-22- 125/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button