Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин тулган шаардах бичиг барьжээ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д, Идэвхтэн үүнийг ойлгомжгүй тайлбар гэж нэрлэсэн. Шаардах бичгийг Өдрийн сонин-д өгсөн хүнийг эрэн сурвалжлах ажил өрнөж манай сонинд шаардах бичиг илгээсэн ч чөлөөт хэвлэлийн зарчмыг баримтлан эх сурвалжын нэрийг нууцалсан юм. Дараахан нь өдрийн сонин-д нийтлэгдсэн Ерөнхийлөгч. Шинэ сонголт. МАХН гэсэн материалд Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа шаардах бичиг явуулсан тухай дурдсан. Тэнд Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчид өгсөн хоёр дахь тулган шаардах бичгийн агуулгыг би олж үзсэнгүй. Түүнийг олход миний хүчин мөхөсдлөө. УИХ-ын гишүүд өмнөхөөсөө хамаагүй хатуу ширүүн үгтэй гэхээс өөр үг унагасангүй хэмээн бичсэн байдаг. Манай сонин энэ хоёр дахь бичгийг олохоор эрэн сурвалжласан юм. Тэгээд ч эрснээ оллоо. Бичгий хүний хэлснээс үзвэл хоёр дахь шаардах бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид үзүүлээд буцаагаад авчээ. Сонин хэвлэлд өгчихнө гэж хардсан хэрэг байх. Ерөнхийлөгч Н, Багабанди шаардлагыг үзээд Би наад бичгийг чинь үзээгүй болъё. Та нар надад ийм бичиг өгөөгүй бол. Арай дэндэж байна гэжээ. Ерөнхийлөгчид явуулсан хоёр шаардах бичгийг харьцуулж үзье. Эхний бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Н, Багабанди танаа. Шаардлагын тухай. МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын даргаар ажиллаж байсан, мөн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч та шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол Улсын их хурал болон орон нутгийн сонгууль болох учраас Монголын ард түмний хувьд 2004 он нэн хариуцлагатай шинэ сонголтын жил байх болно гэж өнөөдөр эрх баригч хүчин МАХН-ын эсрэг сонгуулийн сурталчилгаа явуулав. Энэ байр сууриа эргэн харж засахыг МАХН-ын удирдах зөвлөл танаас шаардаж байна гээд Удирдах зөвлөлийн гишүүн Д, Идэвхтэн. Д, Алтай. С, Батболд. Ж, Бямбадорж. Д, Лүндээжанцан. Ц, Нямдорж. Т, Очирхүү. Ч, Улаан. У, Хүрэлсүх. А, Цанжид. Ө, Энхтүвшин. М, Энхболд нар гарын үсгээ зуржээ. Хоёр дахь бичиг өмнөхөөсөө хатуу ширүүн үгтэй УИХ-ын гишүүн ярьж байсан тухай дээр дурьдсан. Тэгвэл манайд саяхан олдсон хоёр дахь шаардах бичгийг бүрэн эхээр нь нийтэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Н, Багабанди танаа. Шаардлагын тухай. МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын даргаар ажиллаж байсан, мөн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Та шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол Улсын Их Хурал болон орон нутгийн сонгууль болох учраас Монголын ард түмний хувьд 2004 он бол нэн хариуцлагатай шинэ сонголтын жил байх болно гэж өнөөдөр эрх баригч хүчин МАХН-ын эсрэг сонгуулийн сурталчилгаа явуулсан энэ байр сууриа эргэн засахын оронд МАХН-ын Удирдах зөвлөлөөс хүргүүлсэн шаардлагыг сөрөг хүчний сонин болох Өдрийн сонин-д өгч хэвлүүлснээр МАХН-ын нэр хүндэд ноцтой хохирол учруулсан гэж үзэж байна. Таны байр суурийг сөрөг хүчин сонгуулийн сурталчилгааныхаа уриа болгон ашиглаж байгааг анхаарч, залруулахыг танаас дахин шаардаж байна. Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг УИХ-аар сонсож онцгой эрх хэрэгжүүлэхийг УИХ дахь МАХН-ын бүлэгт МАХН-ын Удирдах зөвлөлөөс даалгаж байна гээд Удирдах зөвлөлийн дээр нэр дурдсан гишүүд гарын үсгээ зурсан байна. Шаардах бичгийг үйлдэхдээ хувь бүр дээр нь тусгайлсан тэмдэг тавьдаг, гарын үсгээ янз бүрээр зурж хэнд ямар хувь очив гэдгийг тэних тэмдэг болгодог аж. Иймд бид мэдээллийн эх сурвалжаа нууцлах үүднээс гарын үсэг зурсан хэсгийг орхин нийтэлж байна. МАХН Монгол Улсын Ерөнхийлөгчийг намаасаа нэр дэвшин сонгогдсон гэдгээр нь дарамтлан эцэст нь УИХ онцгой эрхээ хэрэгжүүлэхээр далайлган сүрдүүлэх болсныг энэхүү баримт гэрчилж байгаа юм. Онцгой бүрэн эрх гэдгийн цаана Ерөнхийлагчийг огцруулах хүртэл далд утга агуулагдаж байж ч болно.
/өдрийн сонин 2004-5-3 106/