Бодит мэдээлэл нийтэлж байгаа эсэхэд анхаарахыг хүсчээ
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан өрсөлдөгч улс төрийн хүчин, нэр дэвшигчдийн эсрэг гүтгэлэг, бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тараах болсон нь Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа бөгөөд сонгогчдыг төөрөгдүүлэх, улмаар сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавартай юм. Тухайлбал, өдрийн сонин-ы 2004 оны тавдугаар сарын 19-ний дугаарт МАХН-ын шоу хоёр хүний аминд хүрч, 80 гаруй хүн гэмтээжээ гэж бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл нийтэлсэн байна. Иймд УИХ-ын сонгуулийн хуулийн дөрөвдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт Төв, орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл үнэн зөв байвал зохино гэж заасан тул Сонгуулийн ерөнхий хороо мөн хуулийн хоёр дахь заалтад заасан Сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, түүнийг нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуулийн сурталчилгааны хугацаанд аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар бодитой үнэн мэдээллийг нийтэлж, нэвтрүүлж байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж, мэдэгдэл гаргаж, хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг хүсч байна гэжээ.