Майдар бурхны зүрхэнд залагдах 1000 бурхдын чандар монголд заларлаа
Бид энэхүү арга хэмжээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авахаар Гэгээрэлд хүрэх номын хурим-4-ийн Монголд дахь менежер Д.Алтанзаяатай уулзлаа.
-Уншигчид маань энэхүү номын талаархи мэдээллийг өмнө нь авсан л даа. Гэхдээ дахин дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү. Зарим нэг ташаа гэмээр зүйл ч олны дунд яригдаж байна?
-Гэгээрэлд хүрэх номын хурим өмнө нь Энэтхэг, Балбад л зохиогдож байсан л даа. Харин Монголд хийх болсон гол шалтгаан нь Бурхны шашин орон даяар дэлгэрсэн цөөхөн хэдэн улсын нэгд ордог. Манайхны 80 гаруй хувь нь бурхны шашинтай шүү дээ. Тиймээс бурхны шашнаа өнөөг хүртэл хадгалж ирж, дэлгэрүүлж яваад нь гадаадын буддистууд талархах маягаар өөрсдийн хандиваар номын хуримыг Монголд зохиож, энэ гурван том Ренбүүчийг авчран ном айлтуулж буй нэг ёсны өглөг юм.
-Их хөлгөний уламжлалыг хадгалах төв-өөс зохион байгуулж байгаа билүү?
-Тийм ээ. Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж байна. Их хөлгөний уламжлалыг хадгалах төв-ийн номын тэргүүн нь Зопа Ренбүүчи шүү дээ. Дэлхийд 120 гаруй оронд төвтэй.
-Манайд айлдах номуудынх нь талаар ойлголт өгөхгүй юү?
-Их ховор ном гэж байдаг байна л даа. Аман дамжуулга гэж. Бурхан багш шавь нартаа ном заана ш дээ. Тэр заасныг нь шавь нар нь шавь нартаа заагаад явдаг амаар үйлддэг уламжлал байдаг. Тэгэхээр бурхан багшаас хойш тасраагүй байгаа бурхны сургаалыг монголчуудад хүргэх гэж байгаа юм. Ер нь гэгээрсэн хүмүүс гэдэг чинь огт ондоо байдаг юм байна. Онгоцны буудал дээр бид угтаж авахад харанхуйд машин дотор сууцгаасан хэрнээ надад Ренбүүчи нараас гэрэл асч байгаа юм шиг харагдаад байсан.
-Гэрэл гэнээ. Та өөрөө байнга бясалгал хийдэг хүн. Тийм учраас л зөвхөн танд тэр гэрэл нь харагдсан байх уу. Мэдээж энгийн хүмүүст мэдрэгдэнэ гэж үү?
-(инээв) Надад учиргүй тэр гэрлэн бие буюу аура харагдаад байсан юм байхгүй л дээ. Би ч тийм айхтар өндөр түвшний бясалгагч биш. Манай монголчууд чинь ямар сайхан нүдэнд дулаахан хүн бэ гэж ярьдаг ш дээ. Тэр утгаараа л тэр хүний сэтгэлийн ариун нь, оюунлаг байдал нь л хүнд мэдрэгдэж байгаа болохоос биш гэрэл цацраад байсан юм биш ээ.
-Их багш нар ирсээр өчигдөр ямар ном айлдаа бол?
-Өчигдөр Чодэн Ренбүүчи Алтангэрэл уншсан. Бурхан багшийн гэгээрснийхээ дараа хүмүүст хамгийн анхлан уншсан ном нь Алтангэрэл гэнэ.
-Бурхан багш болон бусад их багш нарын чандрыг авчирлаа гэсэн. Яг ямар бурхдын чандар ирсэн юм бол?
-Би яг өнөөдөр чандрыг уншлаа. Yнэхээр бурхан шүтдэг, юм ойлгодог хүмүүст сүсэг бишрэл төрөхөөр, ёстой агуу юм билээ. Бурхан багшийн өмнөх бурхан багш, Бурхан багш өөрөө, тэгээд бурхан багшаас хойших, Бурхны сургаал дагаж гэгээрэлд хүрсэн Ананда, Нагаржунай, Богд гээд л олон том гэгээнтнүүдийнх байсан. Дээр дурдсан нь зөвхөн миний мэдлэгээс л шүү дээ. Бас XIҮ Далай ламын эд зүйлс хүртэл бий. Ерөөс чандар гэж ганцхан зүйл байхгүй л дээ.
-Дөнгөж саяхан, ердөө энд ирэхийнхээ өмнөхөн Бурхан багшийн чандар ирээгүй ээ. Энэ бол сонгуулийн шоу. Хятадын элчин сайдын яамнаас жинхэнэ Бурхан багшийн чандрыг ирэх наймдугаар сард авчирна гэсэн ам дамжсан яриаг сонслоо?
-Хятадын Элчин сайдын бодлого шүү дээ. Энд ирж байгаа багш нарын хоёр нь Түвдийн, нэг нь Балбынх. Бүр Лхаст хорин жил хоригдох маягаар гэртээ хаалгаа тас хаачихаад ямар ч ном, эрхи ч үгүй зөвхөн бясалгал хийж гэгээрсэн хүмүүс байгаа. Хоёрдугаарт, Бурхан багшийн чандар гэдэг чинь ганцхан байдаг юм биш. Энэтхэгийн түүхийн музейд хүртэл байдаг.
-Бас энэ номын хурим нь ердөө сонгуулийн шоу. Хүмүүсийн сүсэг бишрэл дээр тулгуурлаж шоу хийж байгаа юм гэж ярьж байна?
-Сонгуультай ямар ч хамаагүй шүү дээ. Энэ жилтэй давхцсан шалтгаан нь өнгөрсөн жил болох байсан ч SARS-аас шалтгаалан хойшилсон юм. Харамсалтай нь сонгуулийн үетэй давхцаад хэцүү байна. Харин Оюуны Ундраа компаний захирал С.Отгонбаяр саяхан нэгэн шар сонин дээр Би энэ арга хэмжээг авчирч, зохиож байгаа юм гэсэн байсан.
-Yгүй ээ. харин ч эсрэгээр Ерөнхий сайд Н.Энхбаяр бурхны шашнаар наадаж байгаа юм биш үү?
Yнэхээр номын хуримд сонгууль, Н.Энхбаяр ямар ч хамаагүй. Бид ч улс төртэй хутгахгүйн тулд чандар заларсны нээлтийг Монголын буддын шашны тэргүүдийн дунд, жижигхэн арга хэмжээ болгоод өнгөрсөн. Түүнээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд л ерөөсөө төртэй хутгаагүй. Угаасаа төр шашин хоёр тусдаа байх ёстой. Тиймээс энэ арга хэмжээгээ элитүүдэд биш, хөдөөгийн, ард иргэдэд хүргэхээр хичээсэн. Харин олон улсын хэмжээний арга хэмжээ учраас хотын захирагч, Гадаад хэргийн сайд болон албаны бусад хүмүүс онгоцны буудал дээр тосч авсан л даа.
-Яг хэдэн цагт ирсэн юм бэ?
-Энэ сарын 24-25-нд шилжих шөнийн 00.00 цагт ирсэн.
-Сүсэгтнүүдэд үнэгүй ном тараах тухай сонссон юм. Энэ ямар ном бэ?
Буддын шашныг маш энгийнээр тайлбарласан ном байгаа. Их хөлгөний уламжлалыг хадгалах 100 гаруй төвөөс, олон улсын буддистуудаас Монголын ард түмэнд ном хийж өргөе гээд хандив өргөсөн юм. Одоогоор бидэнд 8000 орчим ном хийх хөрөнгө бий.
-Бурхдын чандрыг хаана байрлуулсан бэ. Сүсэгтнүүд хэр их цугларсан байна вэ?
-Дүйнхор-т байрлуулсан. Хүмүүс бүр өглөө эрт ирцгээсэн байсан. Одоохондоо хөл хөдөлгөөн гайгүй байна.
-Номын хуримын хүрээнд дэлхийн хэмжээний маш том концерт болно гэж байсан. Тодруулбал, бүр ирэх сарын 5-нд гэсэн шүү дээ?
-Харин ёстой энэ арга хэмжээ хойшилсон. Наймдугаар сарын эхний долоо хоногт хийхээр боллоо. Учир нь дэлхийн хэмжээний тийм том концерт хийхийн тулд хөгжим, талбайнаас авахуулаад бэлтгэл ажил их чухал юм. Манай стадион гэхэд л шаардлага хангахгүй байна шүү дээ. Харин зургадугаар сарын 9-23-ны өдрүүдэд Од кинотеатрдт Буддын кино наадам хийхээр болсон. Уран сайхны, баримтат гээд олон шилдэг киног үзүүлнэ. Монгол кино ч бий.
-Концертыг Ричард Гир хөтөлж, дэлхийн номер нэг хамтлаг, дуучид ирэх нь хэвээр үү?
-Угаасаа Ричард Гир өөрөө хөтлөх хүсэлтээ илэрхийлсэн шүү дээ.
-Ингэхэд Бурхан багшийн чандар нөгөө 34 орныг ч бил үү тойрч Монголд заларна гэж байсан. Тэрхүү чандар нь мөн үү?
-Мөн байлгүй. Манай 1000 бурхдын чандар найман сар гаруй хугацаанд дэлхийг тойрч яваад ирж байгаа нь энэ. Нөгөө Энэтхэгт бүтээгдэх Майдар бурхны зүрхэнд 2008 онд залрах Зүрхэн шүтээн шүү дээ. Гэтэл энэ бүхнийг улстөржүүлээд байгаад үнэхээр харамсч байна.
(өнөөдрийн сонин 2004.5.27 130)