Д.Оюунхорол гишүүнтэй хийсэн ярилцлага

-МАХН-ын мөрийн хөтөлбөр, УИХ-ын хурал, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, сурталчилж, дөрвөн жил тойрогтоо ажиллалаа. Yүнийг Завханы ард түмэн сонгогчид мэддэг учраас сонгуульд дахин өрсөлдөхийг надаас хүссэн.
Харамсалтай нь МАХН-ын удирдлагын саналаар, хуйвалдааны аргаар миний нэрийг дэвшүүлээгүй нь Завханчуудын төлөө дуугарч, тэдний эрх ашгийг хамгаалж байсны минь төлөө хэлмэгдүүлэлт, шударга бус үйл явдал болж байх шиг байна. Тийм ч учраас би тойргийнхоо сонгогчдын хүсэлтээр бие дааж нэрээ дэвшүүлсэн. МАХН-даа үнэнчээр зүтгэж явсан хүний хувьд хэлэхэд би намаас хасагдах буруутай үйл ажиллагаа явуулаагүй. Өнөөдөр Монгол улсын Yндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг минь боогдуулж бие даан нэр дэвшсэний маань төлөө МАХН-ын гишүүн байх эрхийг минь шударга бус аргаар хаслаа. Уг нь би МАХН-ын бага хурлын гишүүн л дээ.

-Таныг ингэж гадуурхах шалтгаан юу байв?
-Хэн нэгэн даргатай хүнийхээ хувьд ажлаас үүдэж ам зөрөх, үзэл бодлын зөрүүгээ илэрхийлэхийг эсрэг үйлдэл гэж үзэхгүй биз дээ. МАХН гэдэг бол намын дарга, удирдагч гэсэнтэй адил тэнцүү ойлголт гэж үзэж байна. Цөөн хэдэн дарга нарын хууль бус үйлдэл бүхэл бүтэн намын бодлого гэж үзвэл хэтэрхий эндүүрэл. Yг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй, хүнтэй мэндлэх, уулзах ч эрхгүй өөрийн гэсэн ухан бодолгүй, хэн нэгэн хүний үгийг ёсчлон дагаж, номлосон бүхнийг ягштал биелүүлдэг сүүдэр мэт аялдан дагалдагч байж би сураагүй. Хэлсэн үг, хийсэн үйлдэлд маань хууль бус зүйл байхгүй гэж бодож байна. Би эх орон, ард түмэн, журмын нөхдөөсөө урваагүй, тэднийхээ эрх ашгийг өчүүхэн ч хохироож яваагүй. Намын удирдлагын муйхар шаардлагыг л биелүүлээгүй.

-Таныг намын дүрмийн яг ямар зүйл заалт зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Би МАХН-ын дүрмийн ямар ч заалтыг зөрчөөгүй. Намын удирдлагууд ийм зүйлийн ийм заалтыг зөрчлөө гэж надтай уулзаж ярилцалгүй намаас хаслаа. МАХН-ын дүрмийн 3.3-д Улс үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, намын нэр хүнд, нэгдлийг хамгаалах гэж бий. Намын эв нэгдэл нэрийн дор хууль зөрчиж, хүнтэй муудалц гэвэл муудалцаад, муул гэвэл муулаад, хөрөнгө хумсал гэвэл хумслаад, худал хэл гэвэл хэлээд л сууж байх уу? Идэвхтэн дарга намын эв нэгдлээ бодоод намынхаа гишүүнийг гүтгэж, улсынхаа Ерөнхийлөгч рүү дайрсан хэрэг үү? Yнэхээр эв нэгдлээ бодсон бол юм бол нам дотроо эхлээд ярихгүй яагаад яаран сандран ард түмэнд мэдээлэл хийгээд байна. Намын бага хурлын гишүүнийг хэн дуртай нь тогтоол гаргаад л хасаад байдаг юм уу? Тэгвэл Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлын аль нэгэн байнгын хорооны дарга нь шийдвэр гаргаад л бас бүрэн эрхийг нь хасчих уу? Юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой биз дээ. Улс үндэснийхээ эрх ашгийг, хуулиа дээдлэх нь илүү чухал гэдэгт эргэлзэх хүн байхгүй биз дээ. Хэсэг хүний гарт засгийн бүх эрх мэдэл орчихвол чухамдаа хэлмэгдүүлэлт жинхэнэ утгаараа гарч улс үндэсний эрх ашиг хохирноо доо.

-Батламжид гарын үсэг зурахад тань энэ талаар хэлж, сануулж байсан биз дээ? Та яагаад тэр үед батламжид гарын үсэг зурсан нь сонирхол татаж байна?
-Тэр үед би Намын удирдлагыг арай ч Yндсэн хуулиа уландаа гишгэнэ гэж санаагүй. Нам дотоод ардчилалтай байх ёстой доо. Хэн нь ч байна би ардчиллын журмаар сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ гэж бодсон. УИХ-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор С.Төмөр мэргэжлийн хүний хувьд ч энэ тухай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн шүү дээ. Тэгэхээр миний сонгуульд оролцох эрхийг хэн ч хориглож чадахгүй. Мэдээж намаас хасах болсон шалтгаанаа хаацайлж надад бас л өөр нэг хоч чимэг зүүх байх л даа. Гэхдээ би үндсэн утгаараа хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй, хүн гүтгэж гүжирдээгүй, хувь хүний, байгуулагын, улсын нууцыг задлаагүй, хөрөнгө мөнгө идэж уугаагүй. Тэгэхээр ямар гэм хийсэн болж хэлмэгдэх билээ? Тэгээд ч би өөрөө батламжаасаа татгалзаагүй. Харин ч намын эв нэгдэлд харш, шударга бус байдлыг бий болгож, хууль зөрчих үндсийг тавихаар оролдож байгаагаараа тэд өөрсдөө л батламж тангаргаасаа няцаж байна.

-Энэ таатай биш цаг үед МАХН-ын элсэж байсан түүхэн цаг үеэ эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна уу?
-Би МАХН-д элссэндээ огт харамсахгүй. Бид өнгөрсөн түүхээ мартвал ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг биш билүү. Хүн ямарч ажил албыг хашиж явсан хүн чанараа гээхгүй байх ёс суртахуун, жудагтай байх хэрэгтэй л дээ. Тийм учраас би өмнөх түүхээ жаахан тодруулаад ярья л даа.
Дал гаруй жил Монголын ард түмний эрхийг барьсан МАХН 1996 онд сонгуульд ялагдсан. Тэр үед энэ намаас зарим чадалтай боловсон хүчнүүд дайжиж өөр намд орж, намын уагаан байрны үүд хаалгаар ордог гардаг хүмүүсийн тоо цөөрч, хөдөөд намын үүр, хорооны даргаар ажиллах хүмүүсийн эрэлд автаж байв. Залуучууд ардчилсан хүчний намыг даган хошуурч байлаа.

-Та тэр үед хэн байв?
-Ийм янз бүрийн сонголт бий болсон цаг үед би МАХН-ыг шинэчлэх үйлст оролцох зорилготойгоор энэ намд гишүүнээр элссэн. Тухайн үед Отгонтэнгэр их сургуулийн байранд намын удирдлагууд маань цуглаж ажил төрлөө ярилцдаг өдрүүд олон байсан юм. Харин өнөөдрийн зарим нэг хүмүүсийн тайлбарлаж байгаа шиг улс төрийн карьер хөөх гэж, Их Хурлын гишүүнээр сонгогдох гэж эсвэл хөрөнгө мөнгө завшиж луйвар хийх гэж ялагдсан намд элсээгүй юм. Өнөөгийн намын удирдагч Н.Энхбаяр бид нар найз нөхөд хамтран ажиллаж байлаа.

-Yнэхээр тийм гэж үү?
-Түүгээр барахгүй УИХ-ыг сонгох сонгуулийн 21-р тойрогт Н.Энхбаярыг нэр дэвшихэд Завхан аймгийн нутгийн зөвлөл, завханчууд бид сонгуулийн сурталчилгаанд нь оролцож, Завханчуудад төдийлөн танил болоогүй энэ залуугийн тухай эерэг сайн танилыг нь дөвийлгөн сурталчилж өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг гарган гүйж улс төрийн өндөрлөгт гаргасан нь саяхан даа. 1996 он бол монголчуудын хувьд эгзэгтэй сонголтын жил байсан. Сонгуулиар цөөнх болсон МАХН 1996, 1997 оны үед дотроо тодорхой хэмжээний ардчилалтай байж намыг шинэжлэхээр зориг шулуудсан залуус бид өөрийнхөө ч намыг, бусад намыг ч шүүмжилж, үнэнийг чөлөөтэй эрж хайж болдог байлаа. Өнөөдөр МАХН Монголын хамгийн урт удаан хугацаанд төрийн эрхийг барьж байсан боловч дотоод ардчилалгүй удирдагчийн нам болох тал руугаа явж байна. МАХН-ын зарим удирдлагууд маань он цаг өнгөрөхийн хэрээр өөртөө тал засагчдаар намынхаа удирдлагыг бүрдүүлж, нам дотор болж байгаа элдэв зөрчил будлиан, улс орны амьдралын эгзэгтэй асуудлуудыг олон түмнээс нууж, өөрийнхөө нэр нөлөөг өсгөхөд гол анхаарлаа төвлөрүүлдэг боллоо. Тойрон хүрээлэгчид нь удирдлагуудаа үндэсний удирдагчаар тодруулах олон талын сурталчилгаандаа улам бүр гаршиж байна. 2004 он гарснаас хойш үндэсний радио, телевиз,TҮ5, TҮ9 телевиз, Yнэн, Зууны мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлэг, шилдэг улстөрчдийг шалгаруулах дуулиант үйл хэрэг зэрэг нь үүнийг бэлээхэн нотолж байна. Түүгээр ч барахгүй намаа гээд дарга нараа магтдаг дэг жаяг тогтоод байна.
-Энэ бүхэнд л оролцох дургүй чинь таны сул тал бололтой юмаа даа?
-МАХН-ын хуучин лугаа эргэн буцсан энэхүү хоцрогдлыг ил тод хэлж, олон түмэнд илчлэхийг оролдсон намын шударга гишүүд болгон урвагч, хов зөөгч гэх мэт элдэв нэр хаяг зүүж, намаасаа хөөгдөж хасагддаг уламжлал нэгэнтээ тогтжээ. МАХН-ын зарим удирдлагууд, Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд дотор мэдлэг чадвартай олон боловсон хүчнүүд ажилладгийг гүүйсгэж болохгүй. Гэхдээ МАХН-ын зарим удирдлагуудын хувиа хичээсэн үйл ажиллагаануудыг харсаар, үзсээр байдаг мөртлөө ил тодоор шүүмжилж, намаа эрүүлжүүлэх арга хэлбэрээ олж чадахгүй л явна даа. МАХН-ын дотор иймэрхүү нөхцөл байдал үүсээд байгааг хүлцэн тэвчиж чадалгүй сонгогч олон түмнийхээ эрх ашигтай холбоотой олон асуудлыг УИХ-ын чуулган дээр нэг бус удаа хөндөн тавьж байсан учраас би МАХН-ын удирдлагын зарим хүмүүст гадуурхагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хов зөөдөг, Өдрийн сонин, Монголын мэдээ мэт үнэнийг илүүтэй эрж хайдаг сонинуудад намын дотоод амьдралын нууц асуудлыг зохион байгуулж бичүүлдэг гэсэн хардлаганд өртөж нэр дэвших боломжгүй болсон юм. Нөхцөл байдал ийнхүү бүрэлдэн бий болсны улмаас тойргийн сонгогчдын хүсэлтээр би бие дааж УИХ-ыг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зориг шулуудсан. Ингэж бие даан нэр дэвшиж байгаагийн маань төлөө МАХН намайг эгнээнээсээ хасаж байна. Аль нэг нам дангаараа парламентыг бүрдүүлэх нь улс орон нийгмийн амьдралыг хамарсан нарийн төвөгтэй асуудлыг олон талаас нь хайж хэлэлцэж, амьдралтай нийцсэн шийдвэр гаргахын оронд тухайн намын эрх ашгийг хамгаалж, Засгийн газраа өмгөөлсөн, намын Удирдах зөвлөлийн шахалт дарамтад өртсөн явцуу шийдвэр гаргахад зайлшгүй хүргэдийг өнгөрсөн дөрвөн жилийн парламентын туршлага нэгэнт харууллаа.
-Энэ дүгнэлтийн үүднээс танд ямар дэвшүүлэл байна вэ?
-Ийм учраас парламентыг тэнцвэржүүлэх, эрүүлжүүлэх зорилгын үүднээс сөрөг хүчин, бие даагчдын хүчтэй эгнээг парламентад бий болгох зайлшгүй шаардлага тавигдаж байгааг хэн боловч анзаарч байгаа биз дээ. Цаашдаа олон нам, бие даагчдаас бүрдсэн нийгмийн янз бүрийн анги давхарга, хэсэг бүлгийн төлөөллийг бүрэн багтааж чадсан парламент бүрдвэл Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн зөв чиг хандлагыг эрхэмлэж улс төрийн хяналттай тогтолцоо бий болгож, дахин сэргэж байгаа хүнд сурталаас төр ангижрах боломж бүрдэн ардчиллын үнэт зүйлс гүнзгий ул үндэстэй болж бэхэжнэ гэж үзэж байна.
-Таныг намаас хассан нь чмар сэтгэгдэл төрж байна вэ?
-Намдаа гомдох үндэслэл байхгүй л дээ. Нам намайг хасаагүй, намын удирдлагын ганц нэг хүний л шийдвэрлэсэн асуудал. Yгүй яахав, учрыг тунгаан бодох чадваргүй, хоосон аялдан дагалдагч зарим хүмүүсийн хувьд хов жив, хэл амны бай л болох байх л даа. Гэхдээ миний сонголт зөв байсныг энэ үйл явдал баталж байна. Сүүлийн хэд хоногт намайг дэмжиж утсаар ярьж, ирж уулзаж байгаа хүмүүсийн тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа нь нэгийг өгүүлж байна. Харин олон арван жилийн түүхтэй нэр хүнд бүхий улс орныг авч явах чадвартай, ууган намын нэр хүндийг удирдлагад байгаа увайгүй ганц нэг хүн унагаж, түүх давтагдан, хэлмэгдлийн хар сүүдэр дахин нөмрөх болсонд л харамсаж байна. Ийм явдал олон дахин бүү давтагдаасай, олон хүнийг бүү хэлмэгдүүлээсэй л гэж бодож байна даа. Гэхдээ нэн байдал нэг их удахгүй олон түмэнд илү тод болж, ард түмэн ойлгож, ардчиллаа хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Та одоо өөр намыг сонгох уу?
-Би өөр намыг сонгохгүй. Намын бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдөж шинэчлэгдэнэ гэдэгт найдаж байгаа. Шударга ёс, жинхэнэ ардчилал энэ намд ирнэ гэдэгт итгэж байна. Тэр үед миний үзэл бодол, үйл ажиллагаа, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгох хүмүүс бий болно. Намын удирдлагын гаргасан алдааг эргэн харж, засаж залруулах болон гэдэгт эргэлзэхгүй байна. Эх орон, ард түмнийхээ төлөө илүү шудрага ажиллах чадвартай улстөрчид, боловсон хүчин манай намд олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр хүмүүстэй хамтарч ажиллахыг хамтарч ажиллахыг үгүйсэхгүй. Энэ болгоныг цаг хугацаа харуулна.
-Таны талаар тойргийн хөдөлмөрчдөөс гомдол, санал удаа дараа ирүүлж байсныг намын зүгээс хүлээцтэй хандаж байсан гэж МАХН-ын мэдэгдэлд дурдагдсан. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Миний явуулж байсан үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байсан сум орон нутгийн удирдлагууд, иргэдийн санал хүсэлт, дахин нэр дэвшүүлэхийг хүссэн намын анхан шатны байгууллагуудын хүсэлт намын Удирдах зөвлөлд ирж байсныг тод огт авч хэлэлцээгүй. Ямар ч нэр хаяггүй өргөдөл гомдол ирсэн гэж сонссон. Гэхдээ зарим нэгэн хувийн эрх ашгаа бодсон, хувийн өш хонзон санасан ганц нэг хүн худлаа юм бичиж, хутган үймүүлж байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, тухайн үеийн 1996 оноос өмнө Тосонцэнгэл сумын МАХН-ын үүрийн дарга байсан нэгэн компанийн захирал Сүрэнжав ийм зүйлийг ярьж хэлж, бичиж байгаа. Yүний учир шалтгаан нь юу вэ гэвэл Сүрэнжав нь өөрийнхөө хувийн компанид Тосонцэнгэл сумын сургууль, эмнэлгийн уурын зуухыг хувьчлан авч, дулааны үнийг өндөр тогтоон, төсвийн байгууллагууд олон арван сая төгрөгийн өртэй болсон. Энэ уурын зуухыг жижиг оврын уурын зуухаар солих тухай асуудлыг уг нь би хөөцөлдөж шийдвэрлүүлсэн юм. Yүнийг хэрэгжүүлсний үр дүнд сургууль, эмнэлгийн уурын халаалтын зардал хэмнэгдэж, төсвийн зардал багассан. Халаалтын чанар чансаа ч сайжирсан. Орон нутгийн хүмүүс үүнийг зөв арга хэмжээ болсон гэж үнэлдэг. Харин Сүрэнжавын хувийн ашиг орлого нь буурсан учраас миний эсрэг үйл ажиллагаа явуулсан. Нөгөө талаар Сүрэнжав намын дарга байсны хувьд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Засаг даргад нэр дэвшсэн боловч түүнийг иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Засаг даргал нэр дэвшсэн боловч түүнийг иргэдийн төлөөлөгчдийн дийлэнх нь хүлээж аваагүй. Засаг даргад хоёр ч удаа нэр дэвшиж хоёуланд нь амжилтгүй болсон. Yүнийг надтайхолбодог байж магадгүй. Би хэзээ ч хэн нэгэн хүнийг Засаг дарга болго гэсэн зөвлөмж заавар өгч байгаагүй. Зөвхөн тухайн сумын иргэдийн төлөөлөгчид шийдсэн. Yүний шалтгаан бол Засаг дарга болговол өөрийнхөө компанийн олон зуун сая төгрөгийн авлагыг сумынхаа төсвөөс эхэлж гаргуулаад эргээд төсвийн байгууллагуудад хүндрэл учруулах магадлалтай гэж хүмүүс болгоомжилсноос сонгоогүй гэж ойлгогддог. Чухам ийм л хүмүүс миний талаар худлаа гүтгэлэг ярьж бичиж байгааг намын зарим удирдлагууд хүлээж авч байгаад харамсаж байна. Хэний хэн гэгч ямар гомдол, санал хэдэн удаа ирүүлснийг нь ил тод мэдээлэхгүй, яагаад нуугаад байгаа юм бол. Хүнийг сайн хэлэх ч хүн бий, муу ч хэлэх хүн бий. Yүнийг ялган зааглаж, баримтаар нотлох ёстой. Намайг өөрийгөө магтаж, би хөөцөлдсөн, би өгсөн гэж ярьдаг гээд байх юм. Хэзээ ч би ингэж ярьж байгаагүй гэдгийг тойргийн сонгогчид, хэвлэл мэдээлэл уншиж, телевиз үздэг хүн бүхэн мэдэж байгаа. Аливаа ажлын төлөө сэтгэл гарган хөөцөлдөж, зүтгэж байж бүтээдэг гэдгийг хүмүүс ойлгоно. Би дуугарч, хөөцөлдөөгүй бол хэн май гээд зүгээр л хөрөнгө өгөөд байх юм бэ.
-Тойргийнхоо сонгогчдод хэр итгэж байгаа вэ? Тэдэнд юу хэлэх вэ?
-Ард түмэн бол хамгийн ухаалаг шийдвэр гаргадаг, ухаантай байдагт нь үргэлж баярладаг. Сонгогч олон маань үүргээ ч ухамсарладаг, эрхээ ч эдэлдэг, зөв сонголтыг ч хийж чаддаг. Монгол түмний минь заяа үе үеийн үед өөдрөг байж, биднийг Отгонтэнгэр хайрхан маань ивээж, уул ус нь түшиж явах болтугай гэж ерөөе дөө.

(өдрийн сонин 2004.05.27 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button